Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 13 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Элчин сайдыг эгүүлэн татах, Улсын дээд шүүхийн танхимын тэргүүнийг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтэллээ.
Мөн “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дахь хөтөлбөрийг батлах тухай” Засгийн газрын тогтоолыг бүрэн эхээр нь нийтлэв.
Энэ тогтоолоор, идэвхтэй хөдөлгөөн, зөв зохистой хооллолтыг эрхэмлэж, биеийн жингээ тогтмол хянан, архи, тамхины хэрэглээ зэрэг амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс сэргийлэх, эмнэлгийн урьдчилсан хяналтад тогтмол хамрагдаж, эрүүл энх байхыг хичээх нь хувь хүний үүрэг бас хариуцлага болохыг Засгийн газраас иргэн, байгууллага, хамт олонд сануулан эрүүл аж төрөхийг уриалсан байна.
Тогтоолоор, Үндэсний хөтөлбөрийг боловсруулах болсон үндэслэл, шаардлага, хөтөлбөрийн зорилт, зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчмыг тодорхойлсон байна.
Хөтөлбөрийг 2021 он хүртэл 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд түүний санхүүжилтийг ямар эх үүсвэрээс бүрдүүлэхийг мөн тусгажээ.
Үүнээс гадна хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, хүрэх үр дүнг тооцсон байна.
Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх шатны төрийн байгууллага болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо ямар байх, мөн хүлээх үүргийг тодорхой тусгаж өгчээ.
Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт ямар байх, хяналт-шинжилгээ хэрхэн хийх, үр дүнг хэрхэн тооцох бас хөтөлбөрийн хэрэгжилтийг ямар шалгуур үзүүлэлтээр үнэлэх зэрэг асуудлыг тогтоосон байна.
Энэ тогтоолын хавсралтаар Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөө баталжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл