Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 32 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/  болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал,  Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/  хуулийн зорилго нь хүүхэд, гэр бүлийн гишүүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, гэрлэлт, гэрлэлт дуусгавар болох, гэр бүлийн гишүүдийн хөрөнгийн эрх, үүрэг, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Мөн  тус  хуулиар гэр бүлийн харилцааг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүлийн маргааныг үр нөлөөтэй шийдвэрлэх, шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулах, гэр бүлийн харилцаанд оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг гэр бүлийн харилцааны үндсэн зарчим болгож, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, шүүх болон бусад эрх бүхий байгууллага хүүхэдтэй холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхдээ энэхүү зарчмыг нэн тэргүүнд баримтлахаар тусгасан бөгөөд гэр бүлийн гишүүдийн эрх тэгш байдал, гэр бүлийн хамтын үүрэг, хариуцлага, гэр бүлийг хүчирхийллээс ангид байлгах, төрөөс хүүхэд болон эмзэг бүлгийн гишүүдийг тэргүүн ээлжид хамгаалах зэрэг зарчмыг хуульчилсан юм. Түүнчлэн анх удаа гэрлэх иргэдийг гэр бүлийн боловсрол олгох сургалтад хамруулах, гэр бүлийн харилцаа, гэрлэгчдийн эрх, үүрэг, хүүхдийн эрх, хүмүүжил, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн маргааныг зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэх талаарх мэдлэг, ур чадвар олгох сургалтын талаарх зохицуулалтыг  тусгасан. Мөн гэрлэгчдийн эрх, үүргийг орчин үеийн гэр бүлийн харилцааны хэрэгцээ, хүний эрхийн зарчимд нийцүүлснээр гэр бүлийн гишүүдийн эрхийн баталгаа сайжирч, хамтын үүрэг, хариуцлага, гэр бүлийн тогтвортой байдал, хүчирхийллээс ангид орчинд амьдрах эрхийг хангах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болох юм.

Эмхэтгэлийн тус дугаарт  Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолыг нийтэлсэн бөгөөд  тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Монгол Улсын хөгжлийн 2027 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл”-ийг, 2 дугаар хавсралтаар “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-г, 3 дугаар хавсралтаар “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт”-ийг тус тус баталсан. Түүнчлэн энэхүү төлөвлөгөөг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Үүнд: 1/Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөнд туссан улсын төсвийн эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлэн өндөр үр өгөөжтэй төсөл, арга хэмжээг тэргүүн ээлжид Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах; 2/Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөнд төр, хувийн хэвшлийн түншлэл болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр туссан төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж ажиллах; 3/Mонгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд туссан төсөл, арга хэмжээний үр нөлөөг үнэлэх, хөтөлбөрийн зорилт, шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүнд үзүүлэх нөлөөллийг хэмжих аргачлал, үнэлгээний шалгуур үзүүлэлтийг боловсруулж, 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах; 4/“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн үр дүн, үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин”-ийг жил бүрийн улсын хөгжлийн төлөвлөгөө болон улсын төсвийн төслийг боловсруулахдаа бүрэн тусгаж байх;  5/Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний биелэлтийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, биелэлтийг нэгтгэн гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээ