Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны тойм



НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 03 тоот тогтоолоор байгуулагдсан “Эмнэлгийн барилгын өнөөгийн байдалтай танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн хурлыг 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 12:30 цагт Эрүүл мэндийн яаманд зохион байгуулав. Хурлыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг удирдаж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, ЭМЯ-ны удирдлага, хэлтэс албадын дарга нар, ЭМЯ-ны Барилга захиалагчийн алба болон барилгын гүйцэтгэгч компанийн захирал, ерөнхий менежерүүд оролцлоо.

Ажлын хэсгийн хурлаар хөрөнгө санхүүгийн асуудлаас болж удаашралтай, зогсонги байдалд орсон эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцаж, Эрүүл мэндийн яам болон гүйцэтгэгч барилгын компаниудын санал хүсэлт болон маргаантай байгаа эмнэлгийн газруудын талаарх мэдээллийг сонсох, шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэгдэв.

Ажлын хэсгийн гишүүд Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлэг, Улсын клиникийн төв эмнэлгийн өргөтгөл, 60 ортой ахмадын эмнэлгийн барилга, 3-р амаржих газар, Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын өргөтгөл зэрэг нийт 5 барилга байгууламжийн ажлын явц, үр дүнтэй танилцлаа.

Эмнэлгүүдийн барилгын ажлын явц удаашралтай байгаа нь барилга угсралтын ажлын гэрээ хийгдэж байх үеийнхээс барилгын материалын үнэ, тээврийн зардал, ажилчдын цалин хөлс өсч төсөвлөсөн хөрөнгөөр гэрээт ажлыг гүйцэтгэх боломжгүй хэмээн тайлбарлаж байна.

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг Үндэсний аудитын газар эдгээр эмнэлгүүдийн барилгын гүйцэтгэл, төсөв, санхүүжилтийн зарцуулалтад шалгалт хийж, санал, дүгнэлт гаргаж байгаа тухай танилцуулаад хэрэв ямар нэгэн зөрчил дутагдал гарвал гүйцэтгэгч компаниудтай гэрээгээ цуцлах тухай асуудал яригдана гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь гүйцэтгэгч барилгын компаниудад мэргэжлийн байгууллагуудын нарийвчилсан санхүү, эдийн засаг, төсвийн нарийвчилан тооцоо судалгааг үндэслэн хуулийн дагуу гэрээ байгуулахыг сануулаад ЭМЯ-ны Барилга захиалагчийн алба мэргэжлийн үүднээс эмнэлгийн барилгын зураг төсөл, төсвийн төслийг хянаж байгаа эсэхийг мэргэжилтнүүдээс тодрууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг гүйцэтгэгч барилгын компаниудын барилга барих чадамжийг сайтар судлан үзэж, Байнгын хорооны ажлын хэсэгт санал, дүгнэлтээ ирүүлэхийг хүсэв.

Эдгээр эмнэлгийн барилгуудаас хамгийн сайн гүйцэтгэлтэй явж байгаа компаниар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын өргөтгөлийг барьж байгаа “Шинэ барилга” компани тодорлоо. Тус компани нийтлэг барилгын компаниудад учирдаг төсөв, санхүүгийн бэрхшээлүүдтэй ч цэвэрлэх байгууламжийн асуудлаа шийдвэл барилгыг 6-р сард багтаан хүлээлгэн өгөхөөр болсон байна.

Хуралд оролцсон барилгын компаниудын удирдлага үндэсний үйлдвэрүүдийн үйлдвэрлэж буй цемент, арматур, барилгын материалын үнийн дээд хязгаарыг Засгийн газраас тогтоож өгөхийг хүслээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь улсын төсөв хүндрэлтэй байна, эмнэлгүүдийн барилгын асуудлаарх санал, дүгнэлтийг дэмжихээ илэрхийлээд томоохон барилгуудын ашиглалтын болон урсгал зардлын тооцоо улсын төсөвт хүндрэл учруулж болохыг онцлон дурдлаа.

Хурал 15.30 цагт өндөрлөв.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСЭГ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл