Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны тойм

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 03 тоот тогтоолоор байгуулагдсан “Эмнэлгийн барилгын өнөөгийн байдалтай танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн хурлыг 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагт “В” танхимд зохион байгуулав.

Хуралд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг, Ж.Батсуурь, Я.Содбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, ЭМЯ-ны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Д.Дамдиндорж, ЭМЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга Ж.Нэргүй, Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын нэгдүгээр хэлтсийн захирал Г.Гүнжидмаа, Монголын барилгын үндэсний ассоциацийн дэд ерөнхийлөгч Б.Ганзориг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Ус сувгийн удирдах газрын техник бизнесийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Батсүх, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Ариунсайхан нар болон Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Хурлаар Ажлын хэсгийн танилцуулга, хяналт шалгалтын үр дүн болон Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргалаа.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг Ажлын хэсгийн ажлын явц, үр дүнг товч танилцуулаад ажлын явц нь удаашралтай байгаа болон санхүүжилтийн асуудлаас болж барилгын ажил нь зогссон эмнэлгүүдийн барилгын асуудлаар Барилгын хөгжлийн төвд хүсэлт тавьж, экспертын дүгнэлт гаргуулах болсон ч өнөөг хүртэл тайлангаа ирүүлээгүй байгаа шалтгааныг Барилга, хот байгуулалтын дэд сайдаас тодрууллаа.

Ажлын хэсгийн гишүүд эмнэлгүүдийн барилгын ажлын талаар мэргэжлийн хяналтын байгууллагын экспертизын дүгнэлт гаргуулах хүсэлттэй байгаагаа илэрхийлэв.

ЭМЯ-ны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Д.Дамдиндорж эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилга байгууламжийн төсөвт өртөг болон санхүүжилтийн тооцоо судалгааг сайтар хийгээгүйн улмаас ихэнхи барилгын ажил зогсоход хүрээд байгааг дурдаад гүйцэтгэлгийг нь зарим үед фотозургаар баталгаажуулан хянаж байна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийгмийн салбарт баригдаж байгаа болон дуусаагүй барилга байгууламжийн талаархи судалгааг сайтар хийж, Эрүүл мэндийн, Боловсрол, шинжлэх ухааны болон Соёл урлаг, аялал жуулчлалын гурван яамдын сайдын тушаалаар Сангийн яамны Төсвийн хяналтын алба, Мэргэжлийн хяналтын байгууллага, Барилга, хот байгуулалтын яамны төлөөллийг оролцуулсан Ажлын хэсэг байгуулж, эдгээр барилга байгууламжид экспертизын дүгнэлт гаргуулж, шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын жагсаалтыг гаргаж, 10-р сард улсын төсвийн тодотголоор оруулж ирэх нь зүйтэй гэсэн саналыг гаргав. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийгмийн салбарт баригдаж байгаа барилга байгууламжид анхаарлаа хандуулж, аль хэдийн цэгцлэх шаардлагатай болсныг Ажлын хэсгийн гишүүд онцлон дурдлаа.

Засгийн газрын яамд дэргэдээ Барилга захиалагчийн албадтай, эдгээр албад нь Барилга, хот байгуулалтын яамтайгаа төдийлөн сайн уялдаж өгөхгүй байгаагаас гадна тендерт барилгын компаниудыг шалгаруулахдаа барилгын төсөвт өртгөөс хамгийн доогуур үнэ хэлсэн компанийг шалгаруулдаг байна. Үүнээс болж барилгыг цаг хугацаанд хүлээлгэж өгдөггүй, төсөвт өртгийг сайтар тооцоолдоггүйгээс жил бүр хөрөнгийг нь улсын төсөвт тусгах шаардлага гарч, техникийн нөхцөлгүй барилгуудыг олноор бий болгож улсын төсөвт дарамт учруулж байна гэж Ажлын хэсгийн гишүүд дүгнэв.

Хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгаж, Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулан саналыг нь бичгээр авахаар харилцан тохиролцлоо.



НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ
УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл