Цэс

Холбоо барих

ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ТАЛААР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд 2013 оны 6 дугаар 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Монгол Улсын “Газрын тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 17 дугаар зүйлийн 17.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.6-д улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон газрыг улсын тусгай хэрэгцээний газарт хамааруулж, түүний хэмжээ, заагийг тогтоох асуудлыг Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр заасныг үндэслэн Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Байнгын хорооны гишүүдээс санал гараагүй болно.

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар гарсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.



АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ЦОЛМОН





















Хуваалцах:

Холбоотой мэдээлэл