Цэс

Холбоо барих

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Хуулийн төслүүдийг батлав

Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2017.02.09 пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, дэд сайд Б.Энхбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулсан юм. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй. Иймд зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Ингээд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталлаа.


Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Үргэлжлүүлэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, М.Билэгт, Ж.Ганбаатар, Б.Ундармаа, нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар, Б.Пүрэвдорж, Б.Дэлгэрсайхан, Н.Учрал, Д.Сарангэрэл, М.Билэгт, Н.Оюундарь, О.Баасанхүү, нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. 

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 60 гаруй саналын томъёолол бүрээр санал хурааёсны дараа эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн Байнгын хороонд шилжүүлэв.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгээс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа Төрийн байгуулалтын байнгын хороо 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэхэд зарчмын зөрүүтэй санал гараагүй. Иймд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасан гэдгийг дурдав.

Хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Үргэлжлүүлэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт танилцуулсан юм.


Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцсэн. Анхны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт зарчмын зөрүүтэй саналаа татаж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаагийн зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдсэн гэж танилцуулгадаа дурдав.

Хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаагийн гаргасан зарчмын зөрүүтэй таван саналын томъёолол бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Ингээд Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны Байнгын хороонд шилжүүллээ.

Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын нэр бүхий 27 гишүүнээс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хийв.


Статистикийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр нь статистикийн дунд хугацааны үйл ажиллагааны зорилтыг тодорхойлсон бөгөөд тус байгууллагын үйл ажиллагаа, үзүүлэлтүүдийг олон улсын стандартад нийцүүлэх, зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тодорхойлж, түүнд хүрэх арга зам, шаардагдах хөрөнгө, хүн хүчний нөөцийг нарийвчлан тооцсон дэс дараатай хэрэгжүүлэх тулгуур бичиг баримт ажээ. Уг хөтөлбөр нь 7 бүлгээс бүрдсэн бөгөөд статистикийн салбарыг хөгжүүлэх 6 зорилго, түүнийг хэрэгжүүлэх статистикийн үйл ажиллагааны 25 зорилт, 155 арга хэмжээг хамарсан байна. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдэж байгаа болон хөтөлбөр хэзээнээс хэрэгжихийг тодруулав. Тогтоолын төслийг санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, “Үндэсний статистикийн тухай хуульд заасны дагуу уг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм. Хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол нь хоцорч батлагдах гэж байгаа боловч статистикийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр нь 2016 оноос хэрэгжээд эхэлсэн. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 46.3 тэрбум төгрөгийн 35.8 тэрбумыг улсын төсөвт суулгаад үлдсэн хөрөнгийг дотоод, гадаадын эх үүсвэрээс гаргахаар тооцсон гэж хариулав.

Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.3 хувь нь дэмжлээ. Иймд УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төслийг

хэлэлцэхийг дэмжив

Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр  танилцууллаа.

Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч 0-3 насны хүүхэдтэй эцэг, эхэд хүсэлтийг нь үндэслэн хүүхэд асрах чөлөө олгон, ажлын байр хадгалах зохицуулалт байдаг бол хүүхэд асрах хугацаанд цалин болон амьжиргаа дэмжих тэтгэмж олгодоггүй байна. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны дүнгээр манай улсад хүүхэдтэй 531.1 мянга байгаа бөгөөд тэдний 72,8 хувь нь 1-2 хүүхэдтэй болжээ. Энэ нь сонголчуудын цөөн хүүхэдтэй болох хандлагын илэрхийлэл болохыг танилцуулгын үеэр Н.Номтойбаяр сайд тодрууллаа.

Иймд хүн амын өсөлт, олон хүүхэдтэй өрхийн амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлага байгаа учир хуулийн төслийг боловсруулсан байна. Монгол Улсад олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн амьжиргааг дэмжих тэтгэмж, тусламжийн хэмжээ бага, хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй хэмээн  төсөл санаачлагчид үзсэн байна. 0-16 хүртэлх насны хүүхэдтэй нийт өрхийн 16 орчим хувийг өрх толгойлсон ганц бие эх /эцэг/-тэй өрх эзэлдэг байна. Олон хүүхэдтэй ганц бие эх, эцгийн хувьд хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь өрхийн амьжиргаанд хүрэлцдэггүй тул хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад хүндрэлтэй байдгийг танилцуулгад онцлов. Эдгээр хүндрэлээс шалтгаалан хүүхэд хараа хяналтаас гарах, хүчирхийлэл, дарамтад өртөх, хүнд хүчир хөдөлмөр эрхлэх зэргээр  эрх нь зөрчигдөх тохиолдол гарсаар байна. Хуулийн төсөлд 4 хүртэлх насны ихэр хүүхдэд  жилд нэг удаа, эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн төрөх хүртэл хугацаанд тэтгэмж олгох, 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсаны тэтгэмжийг cap бүр олгох, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр тэтгэмж олгох зохицуулалтыг тусгасан байна.

Мөн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өрх толгойлсон эцэг, эхтэй хүүхдэд дүрэмт хувцас, сурах бичиг, хичээлийн хэрэглэл олгох, өрх толгойлсон эцэг, эхийн ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийг нь өдрийн үйлчилгээнд хамруулах асуудлыг тусгажээ. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд жилд 72.4 тэрбум төгрөг  зарцуулагдахаар тооцсон бөгөөд энэ жилийн төсөвт тусгах боломжгүй тул хуулийн хэрэгжих хугацааг 2018 он байхаар тусгасан байв.

Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулсан юм. Хуулийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Чинзориг, Д.Сарангэрэл нар асуулт асууж, хариулт авлаа. Хэлэлцэж байгаа хуулийн төсөлтэй холбогдуулж үг хэлж, байр сууриа илэрхийлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжив. Иймд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороонд шилжүүллээ.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төcлийн үзэл, баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцууллаа.


Монгол Улсын хүн ам 2015 оны жилийн эцсийн байдпаар 3. 057.8 мянга болж өссөн бөгөөд нийт хүн амын 35.5 хувийг 15-34 насны залуус эзэлж байгаа нь дэлхийн бусад улсын хүн амын насны бүтэцтэй харьцуулахад харьцангуй залуу бүтэцтэй улсад тооцогддог байна. Нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлох, төрөөс залуучуудад үзүүлэх дэмжлэг, залуучуудын хөгжлийг дэмжих төрийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх асуудлыг хуулиар зохицуулах шаардлага бий. Энэхүү хэрэгцээ, шаардлагыг үндэслэн залуучуудад чиглэсэн эрх зүйн орчныг бий болгох, залуучуудын нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Энэхүү хуулийн төсөл нь 7 бүлэг, 24 зүйлтэй бөгөөд 15-34 насны залуучуудын нийгмийн хөгжилд оролцох оролцоог тодорхойлж, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх болон эдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулах зорилготой аж. Мөн залуучуудын хөгжил, оролцоог дэмжих тогтолцоог бий болгох зорилгоор шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцох оролцооны хэлбэрийг тодорхойлж, Залуучуудын хөгжлийн үндэсний болон салбар зөвлөл, төрийн байгууллагын чиг үүргийг хуулийн төсөлд тусгасан. Хуулийн хяналт, хариуцлагын асуудлыг мөн оруулсан. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль бусад хуулиудтай уялдаж байгаа тул төсөвт нэмэлт ачаалал, дарамт учруулахгүйгээр хэрэгжих боломжтой хэмээн төсөл санаачлагч үзжээ.

Хуулийн төслийн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан юм. Хуулийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, М.Оюунчимэг, Н.Учрал нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, О.Содбилэг, Б.Саранчимэг нар санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн хувьд Монгол Улс анх удаа залуучууддаа зориулсан хуулийн төсөл боловсруулж хэлэлцэж байгааг дэмжихийн зэрэгцээ хөдөө орон нутгийн залуучуудад чиглэсэн ямар арга хэмжээ тусгагдсаныг илүүтэй тодруулав.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, хуулийн төсөл боловсруулахдаа судалгааны баг хөдөө орон нутагт ажилласан. Орон нутгийн залуучуудын хувьд нас, хүйсийн тэгш биш байдлын асуудал хүнд байна. Бүсгүйчүүд нь хот суурин газар бараадаад явдаг учир эрчүүд нь мал маллан үлдэх болжээ. Хүйсийн тэгш харилцаа алдагдаж байгаа учир эрчүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг Засгийн газрын зүгээс хийхээр төлөвлөөд байгаа. Тухайлбал, залуу малчид, хөдөлмөр эрхлэгч залуучуудын гарааны бизнесийг нь дэмжих зэрэг зохицуулалтууд тусгагдсан байгаа гэж хариуллаа.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.2 хувь нь дэмжив. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа Байнгын хороо 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Төсөлд тусгуулах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар хууль санаачлагчид, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүд, Байнгын хороодоос саналыг нь урьдчилж авахад Ерөнхийлөгчөөс 5, Байнгын хороодоос 33, нам, эвслийн бүлгүүдээс 61, нийт 99 хууль тогтоомжийн төслийг санал болгосон гэв.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ш.Раднаасэд нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд Улсын Их Хурлын тогтоолын төслийн 20-д байгаа Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хасах санал гаргасан юм.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр уг тогтоолын төсөлд тусгажээ. Үүнд:

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл

  1. Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгдсэн тайлан

  2. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

  3. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  4. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл

  5. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл

  6. Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  7. Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  8. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  9. Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл

  10. Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

  11. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

  12. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл

  14. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл

  15. Казиногийн тухай хуулийн төсөл

  16. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  17. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  18. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  19. Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл

  20. Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл

  21. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл

  22. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  23. Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  24. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл

  25. Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл

  26. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл

  27. Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  28. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл

  29. Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл

  30. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл

  31. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл

  32. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  33. Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл

  34. Бусад


Хуулийн төслүүдийг баталлаа

Хуралдааны төгсгөлд Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хууль зүйн Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд зарчмын зөрүүтэй нэг саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 59.6 хувь нь дэмжив. Үүний дараа Цагдаагийн албаны тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.

Үргэлжлүүлэн 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Хууль зүйн Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж танилцуулахад асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Дараа нь Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 79.6 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл