Цэс

Холбоо барих

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ “ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ЗӨВШИЛЦСӨН ТАЛААР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхөөр ирүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцүүлэхэд Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн 1 дүгээр үе шатанд хийхээр төлөвлөсөн “халуун ус шахаад, хүйтэн ус эргүүлж авдаг” хуучин төвлөрсөн дулаанаар хангах технологийн оронд “нүүрсийг байгалийн хий болгож” түгээдэг олон улсын нийтлэг арга технологийг хэрэглэдэг болгон өөрчилсөн нөхцөлд хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжинэ гэсэн санал гаргасан.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг санхүүжүүлэх Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгийг үр ашигтай, үр дүнтэй ашиглахад анхааран гэр хорооллыг дахин төлөвлөхдөө монголын нөхцөлд тохирсон технологи, стандарт нэвтрүүлэх, гишүүн М.Батчимэг гэр хорооллын дэд төвүүдэд барьж байгуулах зам, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх зэрэг дэд бүтцийн байгууламжуудын чанар, стандартад анхаарах зэрэг саналуудыг гаргасан.

“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрөв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28.4-т заасны дагуу энэхүү санал, дүгнэлтийг гаргасан болно.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД
БОДЛОГЫН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА                                                  Ц.ЦОЛМОН
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл