Цэс

Холбоо барих

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.01.05 Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 20 минутад 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтсоны дараа Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжиж эхэлснийг тэмдэглээд тус хуулийн хүрээнд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт орж, хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхдээ үзэл баримтлалыг нь хэлэлцэх зохицуулалттай болсныг анхаарах нь зүйтэй хэмээн сануулав.

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Ийнхүү 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан юм.

Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу уг тогтоолын төслийг бусад байнгын хороод хэлэлцэн, санал дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Хууль зүйн байнгын  хороонд хүргүүлжээ. Хууль зүйн байнгын хороо “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхдээ Улсын Их Хурлын гишүүд болон бусад байнгын хороодоос ирүүлсэн саналын томьёолол бүрийг хэлэлцсэн байна.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Ундармаа, Ц.Цогзолмаа, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Ё.Баатарбилэг, Л.Болд нар асуулт асууж, тодруулав. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Хууль тогтоомжийн тухай хуулиар Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газраас хуулийн төсөл боловсруулахдаа тодорхой шаардлагуудыг хангах үүрэг хүлээж байгаа. Тиймээс энэ зохицуулалтад нийцүүлэн дээрх үндсэн чиглэлийн төсөлд холбогдох 43 байгууллагаас санал авахад 430 хуулийн төслийг боловсруулах шаардлагатай гэсэн санал ирүүлсэн. Эдгээрийг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичигт нийцүүлэн зохицуулалт хийснээр 200 гаруй хуулийн төсөл боловсруулах нь зүйтэй хэмээн үзэж үндсэн чиглэлийн төсөлд тусгасан” гэв. Тус төсөлд Монгол Улсын иргэн бүр оршин суугаа газар нутагтаа ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх үүднээс эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх, сайжруулах саналууд тусгагдсан гэдгийг мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд онцолж тайлбарласан. Нийгэм, амьдралын өөрчлөлтөд нийцүүлэн хууль, эрх зүйн баримт бичгүүдийг өөрчлөх нь зүй ёсны үзэгдэл хэдий ч ирэх дөрвөн жилд 200 гаруй хуулийг өөрчилнө, шинэчлэн найруулахаар үндсэн чиглэлийн төсөлд тусгасан байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар онцоллоо. Энэ нь манай улсад мөрдөгддөг хуулийн 40 орчим хувь, тиймээс хэчнээн хуулийг шинэчилсэн найруулах, хэчнээн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгааг тодорхойлохгүй бол энэ нь гадаад орчинд “эрсдэл” болж харагдаад байгааг хэллээ. Хууль тогтоомжийн тухай хуулийн зорилтын чухал хэсэг нь Монгол Улсын хууль эрх зүйн тогтвортой байдлыг хангах гэдгийг салбарын сайд онцлоод үндсэн чиглэлийн төсөлд 230 хуулийн төслийг боловсруулна гэж тусгасан нь хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөн 260 орчим болсныг тайлбарласан юм. Үүнээс анхдагч хуулийн төсөл 65, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 99, шинэчилсэн найруулга хийх 85 хуулийн төсөл, олон улсын гэрээнд нэгдэн орох талаарх 10 хуулийн төсөл болон хууль хүчингүй болгох 1 хуулийн төслийг боловсруулахаар тусгасан хэмээн хариулт өгсөн юм.

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүдийн хууль санаачлах эрхийг хязгаарлах эсэхийг Улсын Их Хурлын гишүүд тодруулж байв. Бодлогын түвшинд хууль эрх зүйн орчны талаарх төлөвлөлт, зохион байгуулалт шаардлагатай учир Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журамд нийцүүлэн энэхүү үндсэн чиглэлийн төслийг боловсруулсан болохыг Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт тайлбарлав. УИХ-ын тогтоолоор дээрх үндсэн чиглэл батлагдсанаар хууль санаачлагчдын эрхэд халдан, хязгаарлалт болохгүй хэмээн хариулсан.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 56 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийг хийв

Дараа нь Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав. Мөн энэ асуудлыг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулсан юм.

2015 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулж оногдуулах зөрчилтэй зохицуулалт байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулгадаа дурдав. Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх заалтын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулахаар заасан боловч мөн хуульд заасан баривчлах шийтгэлийг хэн оногдуулах тодорхой зохицуулалт байхгүйн улмаас хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг шийдвэрлэх боломжгүй болоод байгаа аж. Иймд дээрх хууль зүйн болон практик хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хууль зүйн байнгын хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан юм. Харин хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Г.Занданшатар, Н.Амарзаяа, Ц.Цогзолмаа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 77.8 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл