Цэс

Холбоо барих

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийв

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.01.06 Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 10 минутад 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” мэдээлэл хийсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд мэдээлэлдээ Хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал нь аливаа улс орон бүрийн эн тэргүүнд, байнгын анхаарлын төвд байлгадаг, улс орны болон хүн амын эрүүл, аюулгүй байдалтай холбоотой нэн чухал асуудал билээ. Эрүүл Монгол хүнийг хөгжүүлэхэд эрүүл хүнсээр хангах, эрүүл амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх явдал нэн чухал гэж Засгийн газар үзэж байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлаар Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Малын эрүүл мэндийн тухай, Тариалангийн тухай, Ургамал хамгааллын тухай, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Мэргэжлийн хяналт шалгалтын тухай хууль, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого болон холбогдох бусад хууль, тогтоомжийг дагаж мөрдөн ажиллаж байгааг дурдлаа.

УИХ-аас батлан гаргасан дээрх хууль, тогтоомжуудын хүрээнд Монгол Улсын Засгийн газар түүхий эд бэлтгэл, хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалт, худалдаа, хэрэглээний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлсээр иржээ. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамжийн түвшинг 2016 оны эхний 11 сарын статистик мэдээнд тулгуурлан тооцон үзэхэд мах, махан бүтээгдэхүүн, гурил, шингэн сүү, төмсний хангамжийн түвшин 100-аас дээш хувьтай, хүнсний ногооны хангамж 84 хувьтай, будаа, өндөг, жимс жимсгэний хувьд 23-45 хувьтай байна. 2016 оны урьдчилсан дүнгээр дотоодын бэлтгэн нийлүүлэгчид, хүнсний үйлдвэрүүд 398.1 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн, 474.2 мянган тонн шингэн сүү, 118.7 мянган тонн сүүн бүтээгдэхүүн, 60.0 мянган тонн гурил, 55.1 мянган тоннн гурилан бүтээгдэхүүн, 163.8 мянган тоннн төмс, 72,3 мянган тонн хүнсний ногоо үйлдвэрлэжээ. Хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг өмнөх онтой харьцуулахад мах махан бүтээгдэхүүн 4.5, гурилан бүтээгдэхүүн 7, төмс 1,4, жимс, жимсгэнэ 42 хувиар тус тус нэмэгдсэнийг Засгийн газрын тэргүүн онцлов.

Мөн 2016 оны байдлаар хүн амын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж, импортын хамаарлын түвшинг тооцож үзвэл саахар, чихрийн зүйл 100 хувь, жимс, жимсгэний 94,5 хувь, хүнсний тосны 92,3 хувь нь импортоос хамааралтай байна. 2015 онд байгаль цаг уурын гэнэтийн үзэгдлийн улмаас ургац алдсанаас буудайны 69, хүнсний ногооны 52, төмсний 20 хувийг импортоор хангажээ. Харин 2016 оны ургацын балансаар авч үзвэл төмс, хүнсний ногоо, гурилыг дотооддоосоо бүрэн хангах боломжтой байна. Хүнсний хангамжийн шалгуур үзүүлэлтийн дагуу 2016 оны байдлаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний 78 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна гэж байлаа.

Түүнчлэн 2017 онд нийт 11,6 сая толгой мал буюу 290 орчим мянган тонн махыг бэлтгэх боломжтой байгаа аж. Хүн амын хүнсний хэрэгцээнээс илүү гарсан 107 мянган тонн махыг экспортлох боломжтой, мөн 6,1 сая толгой малын махыг бэлтгэн гадаад зах зээлд экспортлох нөөц байгаа юм байна. Үндэсний Статистикийн хорооны даргын тушаалаар баталсан “Хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтийг тооцох аргачлал”-ын дагуу нэг хүний жилийн хэрэгцээт сүү 55 кг, сүүн бүтээгдэхүүн 73 кг гэж тооцож үзэхэд 2017 онд дунджаар 130,0 мянган тонн сүү, 180,0 мянган тонн сүүн бүтээгдэхүүн шаардагдахаар байна. Сүүн бүтээгдэхүүний хувьд хангамжийн түвшин сүүлийн таван жилийн дунджаар 72 хувьтай байгаа нь хүн амын сүүн бүтээгдэхүүний хоногийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа аж. Сүү, сүүн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ жилээс жилд дунджаар 12 хувиар нэмэгдэж, өвөл хаврын улиралд хот суурин газрын хүн амын 90 хүртэл хувь нь үйлдвэрийн аргаар боловсруулсан хуурай сүүг хэрэглэж байна. Иймээс 2017 оны хүн амын сүүний хэрэгцээнд 4,4 мянган тонн хуурай сүүг импортлох шаардлагатай гэсэн тооцоо гарээ. Харин 2016 оны ургацын урьдчилсан балансаар нийтдээ 482.1 мянган тонн буудай хураан авсан нь ирэх намрын ургац хүртэл гурилын үйлдвэрлэл болон хүн амын гурилын хэрэгцээг дотоодоос бүрэн хангах боломжтой гэж Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдсан юм.

Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг бөгөөд төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт, түүнчлэн хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар илэрхийлэгддэг. Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын эрх зүйн орчин нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, дүрэм, журам, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, салбарын харилцааг зохицуулж буй эрх зүйн актаас бүрдэж байна.

Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын Засгийн газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөн, ажиллаж байна. Үүнд:

  1. Хүнсний болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Органик хүнсний тухай хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор бүртгэл мэдээллийн нэгдсэн санг үүсгэж, ашиглах;

  2. Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах;

  3. Баяжуулсан хүнсний тухай, Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барих;

  4. Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;

  5. Хүн амын мах, сүүний хэрэгцээг эрүүл хүнсээр, бүхий л улиралд тогтвортой хангах зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулах;

  6. Хүнсний боловсруулах үйлдвэрт эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг хэвшүүлэх, холбогдох зааврыг батлуулах;

  7. Органик хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэх, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааг дэмжих;

  8. Хүн амын хүнсний аюулгүй байдлын талаарх хэрэглэгчдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх арга хэмжээ авах;

  9. Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг технологийн дагуу хадгалах, тээвэрлэх, зориулалтын агуулах, байр, тээврийн хэрэгсэлтэй болгох асуудлыг шийдвэрлүүлэх зэрэг болно.

Хүнсний хангамж, хүрэлцээ, хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал Засгийн газрын байнгын анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд цаашид ч энэ асуудалд Засгийн газар улам их анхаарал тавьж, хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангах, эрүүл, аюулгүй хүнсээр хүн амын хэрэгцээг хангахыг зорьж ажиллах болно гэдгээ Засгийн газрын тэргүүн мэдэгдлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулж УИХ-дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар оролцов. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нар асуулт асуусан юм. УИХ-ын гишүүдийн хувьд махны экспортыг хэрхэн нэмэгдүүлэх, малыг эрүүлжүүлэхэд хэрхэн анхаарч байгаа талаар болон малын гаралтай бүтээгдэхүүний импортыг бууруулахад ямархуу арга хэмжээ авч байгааг тодруулж байлаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Малын гаралтай түүхий эдийн борлуулалт малыг эрүүлжүүлэх асуудалтай шууд холбоотой байна. Засгийн газар байгуулагдаад ажил авч байхад малын халдварт өвчин хэд хэдэн голомттой, зарим газар хорио цээрийн хяналтаа алдсан байдалтай байсан. Засгийн газрын нөөцөд үлдсэн хөрөнгийг малыг эрүүлжүүлэх асуудалд зарцуулсан. Юуны өмнө ОХУ-ын Засгийн газартай ярилцан цэцэг өвчний вакциныг гурав дахин хямд өртгөөр авах гэрээ хэлэлцээр хийж, эхний ээлжийн вакциныг оруулж ирүүлсэн. Түүнчлэн малыг эрүүлжүүлэхдээ мал эмнэлгийн тогтолцоог зайлшгүй өөрчлөх шаардлага байгаа юм. Хоёр хөрштэйгөө махны экспортын чиглэлээр яриа хэлэлцээр хийгээд хамтарч ажиллахаар болсон. Харин 60 гаруй сая малтай хэрнээ импортын сүү хэрэглэж байгаа асуудлыг судалж үзээд хуурай сүүний жижиг үйлдвэрийг аймаг, сумдуудад байгуулахаар төлөвлөж байна. Эхний ээлжинд сүүний машин ажиллуулах мэргэжилтнүүдээ сургаж бэлтгээд эхэлсэн хэмээн хариулж байлаа.

        Гамшгаас хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын төслийг

хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.

2003 онд Гамшгаас хамгаалах тухай хууль батлагдсанаас хойших хугацаанд уг хуульд таван удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч хуулийн нэр томьёоны тодорхойлолт дутуу, зарим тодорхойлолт нь олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн ойлголттой зөржээ. Мөн гамшгаас хамгаалах менежментийн үйл ажиллагааны үе шатыг бүрэн тодорхойлоогүй, гамшгаас хамгаалах үндэсний удирдлага, зохицуулалтын эрх зүйн үндэслэлийг бүрэн гаргаагүй, гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжтай холбогдсон харилцаа зохицуулагдаагүй, гамшгийн эрсдэлийг бууруулахад холбогдох талуудын оролцоо, эрх, үүрэг тодорхой бус зэрэг дутагдалтай талууд байна. Иймд гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг улам боловсронгуй болгож, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, удирдлага зохицуулалт, бодлогын зөвлөмжөөр хангах, гамшгийн эрсдэлийг бууруулахад холбогдох талуудын оролцоо, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн хүлээх чиг үүрэг, гамшгийн улмаас учирч буй санхүүгийн нөлөөллийг багасгах, гамшгийн эрсдэлийг хуваалцах, шилжүүлэх, даатгах, олон нийтэд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах чиг хандлагыг хөгжүүлэх зэрэг эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагыг үндэслэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг төв, орон нутгийн онцгой байдлын анги, байгууллага, Засгийн газрын яам, агентлаг, олон улсын болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэнд танилцуулж, холбогдох талуудын төлөөлөгчдийг оролцуулсан хэлэлцүүлэг-зөвлөгөөнийг 2013-2016 онд нийт 5 удаа зохион байгуулж, гарсан санал, зөвлөмжийг хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төсөл нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гамшгаас хамгаалах тухай хуулийн ерөнхий зорилт, агуулгыг хэвээр хадгалж байгаа.


Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг, 54 зүйлээс бүрдэх бөгөөд энэхүү хуулийн зорилт нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино байгааг хууль санаачлагчийн танилцуулгад дурдагдлаа.

Хуралдаанд Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын дарга генерал Т.Бадрал нар холбогдох мэргэжилтнүүдийн хамт оролцсон юм.

Хууль санаачлагчийн илтгэл болон, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа, Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун, А.Сүхбат, Д.Дамба-Очир, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, Н.Амарзаяа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд Монгол Улс тэр дундаа Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхжил хэр байгаа, ОБЕГ-ын техник хангамж, албан хаагчдын нийгмийн халамж ямар байгаа талаар илүүтэй сонирхсон юм.

ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадрал Монгол Улсын аль ч нутаг дэвсгэр, хаана ч хэдий хэмжээний чичирхийллээр газар хөдөлж байгааг бид цаг тухайд нь бүртгэдэг. Нийслэл Улаанбаатар хотын хувьд газар хөдлөлтийн эрсдэл жилээс жилд өндөрсч байна. Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ын машин техникийн хангамж 55, хүн нэг бүрийн багаж, хэрэгслийн хангалт 40 хувьтай байгаа. Энэхүү хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр бид гадаад дотоодын олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Манай байгууллагын зүгээс албан хаагчдын нийгмийн халамжийн асуудалд анхаарал тавьж ажиллаж байна гэж хариулж байлаа.

Үүний дараа уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжсэн юм. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв

Үргэлжлүүлэн УИХ-ын Ж.Ганбаатар нарын нэр бүхий найман гишүүн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулав.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан. Өнгөрсөн хугацаанд 31 нэр төрлийн 618 ширхэг тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн бөгөөд 2016 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл мөрдөгдсөн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.13-т “Дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжинэ” гэж тусгасан бөгөөд мөн хуулийн хугацааг үргэлжлүүлэн сунгах шаардлагатай байгаа аж. Иймд дээрх шаардлагуудад үндэслэн жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Монгол Улсад бизнес регистрийн санд бүртгэлтэй 126 560 аж ахуйн нэгжээс 64301 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 84,3% буюу 54237 аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч хөдөө аж ахуйн 3380, хүнсний 1292, боловсруулах үйлдвэрийн 2801, худалдааны 21952, үйлчилгээний 4235, бусад чиглэлээр 20577 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж. Жижиг, дунд үйлдвэрийн салбарт 766 910 хүн ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 70 хувийг эзэлж байгаа бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувь, экспортын бүтээгдэхүүний таван хувийг үйлдвэрлэж байна.

Дээрх хууль хэрэгжсэнээр 2014, 2015, 2016 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд нийт 1419 иргэн, ААН 3201 төрлийн 7 мянга ширхэг тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортоор оруулж ирсэн бөгөөд 13,2 тэрбум төгрөгийн гаалийн чөлөөлөлтөнд хамрагджээ. Судалгаагаар мах махан, нөөшилсөн бүтээгдэхүүн, мод боловсруулах модон материал, ноос ноолуур, арьс шир оёдол, сүү сүүн бүтээгдэхүүн жимс жимсгэнэ гэсэн хөнгөн, хүнсний салбарууд чөлөөлөлтөд хамгийн их хамрагдсан гэдгийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулгадаа онцолсон юм.

Төсвийн байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийг хэлэлцэж, дэмжих нь зүйтэй гэсэн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулав. Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Гарамжав, Б.Батзориг, Д.Дамбар-Очир нар асуулт асууж, санал хэлсэн юм. Ингээд Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 89.4 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

Үргэлжүүлэн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Н.Амарзаяа нарын 16 гишүүн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулсан юм.

2012 онд Монгол Улсын Их Хурал Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан гаргасан бөгөөд уг хуульд, удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий хувиргасан амьд организмаас гаралтай хүнсийг гадаадын зээл, тусламжаар авахыг хориглосон байна. Гэвч энэ төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэх, импортлоход ямар нэгэн хязгаарлалт тавьж, хяналт тогтоох эрх зүйн орчныг бүрдүүлээгүй байгаа нь хоол хүнсээр дамжуулан хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл учруулах эрсдэлийг үүсгэжээ. Хувиргасан амьд организмын талаар судалгаа хийсэн эрдэмтдийн туршилтад оруулсан амьтад үхэж, тариалсан хөрсний бактери бүр мөсөн устсан байна.

Монгол Улсын хүн амын тоо цөөн, байгалийн арвин баялаг нөөцтэй тул дотоодын хүнсний хэрэглээг генетикийн өөрчлөлтөд ороогүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах бүрэн боломжтой. Иймд дэлхийн олон улс хэрэглэхээс татгалзаж буй баталгаагүй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнд хязгаарлалт тавих эрхзүйн орчныг боловсронгуй болгож, хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортод хяналт тавих зайлшгүй шаардлагатай байна. Дээрх шаардлагын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тариалахыг хориглож, импортолж буй хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүний найрлагад тодорхой хязгаарлалт тавих зорилгоор Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзжээ.

Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гурван зүйлтэй. Төслийн нэгдүгээр зүйлд хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг тариалах, үйлдвэрлэхийг хориглох болон импортын стандартыг тогтоох тухай, хоёрдугаар зүйлд хувиргасан амьд организмаас гаралтай хүнсэнд тавих хяналтын тухай, гуравдугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг заах бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж дагалдуулсан гэдгийг хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Болорчулуун онцолсон юм.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо уг хуулийн төслүүдийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн талаархи санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Жавхлан танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Ц.Гарамжав нар хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийх, хувь хэмжээг тогтоох хүчин чадал бүхий лаборатори, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, хувиргасан амьд организмын талаар иргэдэд системтэй боловсрол олгох, сурталчлан таниулах талаар бодитой ажлыг мэргэжлийн байгууллагууд зохион байгуулах, УИХ-ын гишүүн С.Жавхлан төслийн гадаад үг, нэр томьёог Монгол хэлэнд хөрвүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих асуудал дээр анхаарах зэрэг саналуудыг гаргасан болно.

Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Гарамжав асуулт асууж, санал хэлсэн юм. Ингээд Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 87.0 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслүүдийг анхын хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл