Цэс

Холбоо барих

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших (2017.10.27) нэгдсэн хуралдаан 15 цаг 45 минутад эхэллээ. Чуулганы хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураав.


Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, О.Баасанхүү, Д.Эрдэнэбат нар төсөлд тусгагдсан зарим заалтын талаар санал хэлж, байр сууриа илэрхийлж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал төслийн 26 дугаар зүйлд тусгагдсан Төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуураа нягтлан үзэхийг Ажлын хэсгийнхэнд анхааруулав. Тэрбээр, яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллахад газрын даргаар ажилласан хүн л үндсэн шалгуурыг нь хангах нөхцөл тавигдсан байна. Олон жил төрийн албанд ажилласан хүн салбартаа зоригтой шинэчлэлт хийхгүй. Гадаадад их дээд сургууль төгссөн, өндөр боловсролтой залуучууд төрийн албанд 8-12 жил ажилласан байх шаардлагатай гэсэн үндсэн шалгуураас болоод, төрийн захиргааны  албан тушаалд томилогдох боломжгүй, цаашлаад тухайн салбарт шинэчлэлт хийх боломжийг хааж байна гэж байлаа. Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, төслийн 26 дугаар зүйлд “Энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, туршлага ур чадварыг харгалзан хугацаанаас  нь өмнө шатлан дэвшүүлж болно” гэсэн заалт оруулсан байгаа гэв. Төслийн 26 дугаар зүйлийг өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг  хуралдаанд оролцсон гишүүдийн 70.0 хувь нь дэмжлээ.

Түүнчлэн төслийн 27 дугаар зүйлд “27.1.4. энэ хуулийн 27.1.3-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах” гэсэн заалт нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүд 59,2 хувь нь дэмжив.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хуулийн төслийн 35 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албаны шалгалт авах журмыг зөрчсөн тохиолдолд төрийн албаны салбар зөвлөлийн зохион байгуулсан шалгалтын дүнг төрийн албаны төв байгууллага, төрийн албаны төв байгууллагын зохион байгуулсан шалгалтын дүнг шүүх хүчингүй болгож, гэм буруутай төрийн албан хаагчийг төрийн албанд гурваас таван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр төрийн албанаас хална” гэснийг өөрчлөх санал гаргав. Тэрбээр, гэм буруутай төрийн албан хаагчийг төрийн албанд хугацаа заахгүйгээр, эргэж орох эрхийг нь хасах саналтай байлаа. Ажлын хэсгийн төслийн 35 дугаар зүйлд тусгагдсан заалтыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Харин төслийн 40 дүгээр зүйлийн 40.1.15 дахь заалтыг хасах, төслийн 41 дүгээр зүйлд “41.1.1 албан тушаалд томилогдмогц эрхлэх албан тушаалын тодорхойлолттой танилцах, албан ажил үүргээ хэрэгжүүлэх нөхцөлөөр хангахыг шаардах” гэж өөрчлөн найруулсан Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 47.1 хувь нь тус тус дэмжсэнгүй.

Зарчмын зөрүүтэй саналаар санал хураах үеэр Төсвийн байнгын хорооны хуралдаан болон Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан Ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүд Хүний эрхийн үндэсний комисст ажиллаж байсан тул чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөхөд хүрэв. Иймд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл