Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хийх тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв



    Монгол Улсын Их Хурлын 2022 оны  ээлжит бус чуулган  өнөөдөр (2022.01.28) 14 цаг 45 минутад, танхимаар 25, цахимаар 26, нийт 51 гишүүний ирцтэйгээр Их Хуралдай танхимд эхэллээ. 

    Чуулганы хуралдааныг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. (бүрэн эхээр нь эндээс)

   Тэрбээр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын намрын чуулган завсарлаад хэдхэн хонож байгаа ч хойшлуулж боломгүй чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байгааг дурдаад  оны сүүлийн хагаст үүссэн тээвэр логистикийн түгжрэл гацаа, зардлын өсөлт зэрэгтэй холбоотойгоор экспорт, гадаад дотоод худалдаа хумигдаж, үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаанд саад бэрхшээл учруулаад байна. Дэлхий нийтээрээ үнийн өсөлттэй тулгарч байна. Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд таагүй нөлөө үзүүлж байгааг онцлов. 

   Энэ сөрөг нөлөөлөлд хамгийн их өртөж байгаа хүмүүс нь тэтгэврийн орлогоороо амьдардаг өндөр настнууд, халамж тэтгэмж зайлшгүй шаардлагатай иргэд гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ онцлоод монголчууд азай буурал ахмадууд, асрамж дэмжлэг шаардлагатай ахан дүүсээ ачлан энэрдэг, Сар шинийн баяраар тэдэндээ хамгийн дээд хүндлэл үзүүлдэг сайхан уламжлалтай ард түмэн. Энэхүү төрийн энэрэл, уламжлалт ёсоо бодож, Монгол Улсын 2022 оны төсөв болон Нийгмийн даатгалын сангийн төсөвт тодотгол хийн, хөрөнгө оруулалтын зарим зардлаа танах замаар эх үүсвэр бүрдүүлэн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр Засгийн газар шийдвэрлэж, хуулийн төслийг өнөөдөр өргөн барьсныг тодотгосон. 

   Иймд хуралдаан Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгээр үргэлжлэв.

    Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. 


    Тэрбээр танилцуулгадаа, төсвийн тодотголын хүрээнд ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахтай холбогдуулсан зарим багц арга хэмжээнүүд багтсан гэдгийг дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Засгийн газарт өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхдээ Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх, улсын төсвийн давсан орлогыг ашиглах, тэвчиж болох зардлуудыг танах, зураг төсөл нь тодорхойгүй болон төсвийн хэлэлцүүлгийн явцад шинээр нэмэгдсэн зарим төслийг хасах зэргээр шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэхээр тооцлоо. Ингэснээр 2022 оны төсвийн нийт зардал нэмэгдэхгүй, мөн орлого буурахгүй гэдгийг онцлов. 

    Мөн тэрбээр, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх энэхүү шийдвэр нь Засгийн газарт амаргүй сорилт байгааг дурдахын зэрэгцээ Монгол Улсын эдийн засаг туйлын амаргүй цаг үед тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэхэд шаардагдах 637 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх нь Засгийн газарт хүндхэн сорилт гэдгийг ухамсарлаж, ахмадуудаа дэмжиж буй энэхүү шийдвэрийг хүндэтгэн хүлээн авна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, С.Чинзориг, Ё.Баатарбилэг, Н.Учрал,  Ж.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Ч.Хүрэлбаатар, Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Ж.Мөнхбат, Б.Жаргалмаа, Д.Цогтбаатар нар асуулт асууж,  үг хэлсэн. Гишүүдийн зүгээс төсвийн тодотгол хийхдээ зарим хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг түр царцаахад бодитой тооцоолол хийсэн эсэхийг лавлахын зэрэгцээ  Засгийн газраас цаашид тэтгэврийн зөрүүг арилгахад ямар бодлого байр суурьтай байгааг тодруулж байлаа. 


    Мөн үг хэлсэн гишүүдийн олонх төсвийн тодотгол хийж,  сар шинийн баяраар нь  ахмад настнуудын зүгээс олон жил ярьж, шийдвэрлэхийг шаардаж ирсэн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр болсныг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Засгийн газраас цаашид анхаарах асуудалд санал, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийн талаар тооцоо, судалгаа хийж үе шаттайгаар шийдвэрлэх шаардлагатай байсныг дурдаад тэтгэвэр, тэтгэмжийг огцом нэмснээр цаашид цалин, хөлсний доод хэмжээ, халамжийн мөнгийг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийн асуудлууд яригдаж эхэлнэ. Иймд цаашдаа бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтвортой байлгахад анхаарах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн. 

Харин  Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэхэд гурван хүндрэлтэй асуудал үүсэхийг Засгийн газарт анхааруулав. Тэрбээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 400 мянган төгрөг байхад тэтгэврийн доод хэмжээ нь үүнээс илүү гарах нөхцөл бүрдэж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын  Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэврийн зөрүүг арилгана гэж тусгасан. Гэтэл энэхүү арга хэмжээ нь тэрхүү зөрүүг  улам ихэсгэхээр байна. Гуравдугаарт, 500 мянган төгрөгөөс дээш тэтгэврийг 15 хувиар нэмэхээр болжээ. Гэтэл 351-500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг 100 мянган иргэд  байдаг. Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгохоор тэрхүү 100 мянган иргэдийн тэтгэвэрийн хэмжээ доошоо бууж байгаа тул эдгээр гурван асуудлыг Засгийн газар цаашид зохицуулах шаардлага үүсэхийг анхааруулж байлаа. 


    Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Төсвийн тухай хуулиар төсвийн орлого буурвал төсөвт тодотгол хийдэг үндсэн зарчимтай. Төсвийн орлого давбал тэр нь хэмнэгдээд үүсээд байгаа өрийг барагдуулах үндсэн агуулгатай нийцэхгүйгээр төсвийн тодотгол хийх гэж байгааг анхааруулахын зэрэгцээ өнөөдрийн шийдвэрээр 650-700 тэрбум төгрөгийн нэмэлт хийх нь. 2023 он гэхэд энэ тоо нэг их наяд төгрөгт хүрнэ. Үүнтэй холбоотойгоор цаашид нийгмийн даатгалын сангийн алдагдлыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал зүй ёсоор тавигдахыг онцгойлон сануулж байлаа.


    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, нийт 469 мянган хүн тэтгэвэр авч байгаагийн 385 мянган ахмад бүрэн тэтгэвэр, 84 мянга нь хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг. Тэрхүү 385 мянган иргэдийн 80 хувь, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авагчдын 98 хувь нь 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Хуулийн төслийн хүрээнд бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг 400 мянган төгрөгт хүргэх, 500 мянган төгрөгөөс дээш төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг 15 хувиар нэмэгдүүлэх тооцооллыг гаргаж, 02 дугаар сарын 01-ээс хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн гэж байлаа.


    Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, нийтдээ 637 тэрбум төгрөгийн тэтгэвэрийн нэмэгдлийн төсвийн зохицуулалтыг тодотголоор хийнэ. Үүнээс өнгөрсөн оны нийгмийн даатгалын давсан орлого 326 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц төсвийн зохицуулалт дотор төсвийн хөрөнгө оруулалтаас 123 төслийн 260 тэрбум төгрөг, 54  тэрбум төгрөгийн урсгал зардал, 34 тэрбум төгрөгийн гадаад зээл, тусламжийн зохицуулалтыг тус тус хийж байна гэв. 

    Ингээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо болон бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл