Цэс

Холбоо барих

Төрийн эрх барих дээд байгууллага болон хууль тогтоох байгууллагын бүтцийн талаарх VI сэдвийн нэгдсэн хуралдаан боллоо

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар өнөөдөр (2017.04.30) хоёр дахь өдрөө үргэлжилж буй анхдугаар зөвлөлдөх санал асуулга “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, Хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх” сэдвийг 10.40-12.10 цагийн хооронд нэгдсэн хуралдаанаараа хэлэлцлээ.


Энэ сэдвийн нэгдсэн хуралдааныг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат даргалж, хэсгүүдээс ирүүлсэн асуултад хууль зүйн ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, хууль зүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан, Ардын Их Хурлын депутат асан, хууль зүйн ухааны доктор Ц.Мандах, хууль зүйн ухааны доктор, профессор, академич  Ж.Амарсанаа нарын экспертүүд хариулт өгөхөөр оролцов. Хуралдаан даргалагч экспертүүдэд хандан хэт нэг тал болон хувь хүний байр суурийг баримталсан мэдээллээс зайлсхийж, олон улсын нөхцөл байдал, судалгаа шинжилгээнд тулгуурласан баримт, тайлбар бүхий хариулт өгөх шаардлагатай гэдгийг анхааруулав. Төлөөлөгч нэг минутад багтаан асууж, эксперт хоёр минутад багтаан хариулт өгөх журмыг нэгдсэн хуралдаанд баримталсан юм. 

Энэ сэдвийн хүрээнд: 

1.     Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал нь Ардын Их Хурал ба Улсын Бага Хурал гэсэн хоёр шатлалтай байх тухай зааж, түүнтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах,

2.    Улсын Бага Хурлын 51 гишүүнийг Ардын Их Хурлын 501 төлөөлөгч томилох гэсэн асуудлыг хөндсөн асуулт, хариулт өрнөсөн юм.

Эхлээд  хэсгүүдээс гарсан ижил төсөөтэй асуултуудад хариулт өглөө. Тухайлбал, 45, 26 дугаар хэсгээс “Дээд, доод хоёр танхимтай боллоо гэхэд Үндсэн хуульд үндсэн чиг үүргийг нь тусгах уу, доод танхимд нь намын харъяаллаас татгалзуулж, сонгодог болбол ямар вэ” гэсэн асуулт тавилаа. Асуултад хууль зүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан “Энэ сэдвээр хоёр янзын хувилбар яригдаж буйг эхлээд тодруулж хэлье. Эхнийх нь ардчилсан улсуудад байдаг дээд, доод танхимтай байх загвар юм. Энэ асуулт эхний загвартай холбоотой гэж ойлголоо. Дээд, доод танхим ямар учиртайг бас тодруулж хэлье. Дээд, доод танхим дөрвөн янзын шалтгаанаар гарч ирсэн байдаг. Дээд танхим нэгдүгээрт, муж улс, холбооны улс байвал мужийн төлөөллийг хангах зорилгоор,  эсвэл хууль тогтоох чанарыг сайжруулах зорилгоор бий болдог. Мөн хуулийн чанар ямар байгаад хяналт тавина. Анх парламент үүсэхэд доод танхим иргэдийн, дээд танхим язгууртнуудын төлөөлөл байх шаардлагаар бий болсон байдаг. Энэ танхимууд ихэнхдээ холбооны улсад байдаг. Монголд тохирох уу, үгүй гэвэл Монгол Улс өөрөө нэгдмэл улс учраас төдийлөн тохиромжтой бус” гэж хариуллаа. Бусад эксперт мөн өөр өөрийн байр сууринаас энэ асуултад хариулсан.


31, 48, 50, 44 дугаар хэсгийн “Энэ сэдвийн хүрээнд ойлгомжгүй асуудал нэлээн байгаа учир нэмэлт тодруулга хэрэгтэй байна. Ардын Их Хурлын 501 төлөөлөгчийг ямар зарчим шалгуураар, хэрхэн сонгохыг Үндсэн хуульд тусгаж өгөх үү. Энэ тохиолдолд улстөрийн намаас нэр дэвшүүлэх үү, эвсэл ард иргэдийн дундаас сонгох уу. Эрх барих, хууль тогтоох байгууллагын үүргийг хэлж өгнө үү. Улсын Бага Хурлын 51  хүнийг томилоход ямар зарчим, шалгуур барих вэ. Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын үйл ажиллагааны уялдаа холбоог Үндсэн хуульд тусгаж өгөх үү” гэсэн асуултад эхлээд хууль зүйн ухааны доктор Ц.Мандах хариуллаа. Тэрбээр “501 хүн бол Та бүгд шиг ард түмний жинхэнэ төлөөлөл болсон Ардын Их Хурал байна. Тэр хурлаасаа хууль тогтоох байгууллага болох 51 хүний бүрэлдэхүүнтэй бага хурлыг намын квотоор сонгоно. Их хурал нь хууль тогтоох байгууллагадаа хяналт тавьж, хуулийн чанар сайжруулах ажил хийнэ” гэж хариулсан бол хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж “Засгийн эрх мэдлийг ямар аргаар хэрэгжүүлэхийг заасан гол хууль нь Сонгуулийн тухай хууль байдаг. Одоогийн байдлаар бид Сонгуулийн хуулийн үндсэн зарчмаа Үндсэн хуульдаа бараг тусгаагүй. Үндсэн хуульдаа сонгуулийн зарчмаа зөв тусгахгүй бол дөрвөн жил тутам Сонгуулийн хуулийг өөрчлөх болдог. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд энэ асуудлыг яриасай гэж бодож байгаа. Энэ асуудал тодорхойгүй учир Та бүхэнд яаж сонгох юм бол гэдэг асуулт тулгараад байна. Өнөөдрийн зөвлөлдөх санал асуулга явагдаж буй нөхцөлд Та бүхэнд тодорхой эрх мэдэл байгаа учир  энэ асуудлыг анхааралдаа аваарай” хэмээн хариулав.


Үргэлжлүүлэн 34, 23, 4 дүгээр хэсгийн  “Манай улсад парламентын аль хувилбар нь үр дүнтэй вэ” гэсэн асуултад хууль зүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан “Нэг танхимтай парламент манайд илүү тохиромжтой. Хоёр танхимтай байх нь зардал хэд дахин өснө. Нөгөө талаар хоёр танхим ойлголцохдоо муу, гацаа үүсдэг, шийдвэр гаргаж чаддаггүй” гэсэн бол хууль зүйн ухааны доктор Ц.Мандах хоёр танхимтай байхын эерэг талын мэдээллийг оролцогчдод өгсөн. Тэрбээр “Төрийн бус байгууллага, зарим нам Монголын авралын од, хямралаас гарах гарц гэж хоёр танхимтай байхын давуу талыг хардаг. Гишүүд нь ард түмний жинхэнэ төлөөлөл болж ард түмнээсээ сонгогдоно. Тиймээс ард түмний төлөөлөл болсон их хурал, хууль тогтоох байгууллага гэсэн уламжлалалт тогтолцоог авч үзэхийг Та бүхний сонорт хүргэе” хэмээлээ.


Дараа нь 11, 46, 8 дугаар хэсгээс “Хоёр шатлалтай, хоёр танхимтай парламентын ялгаа юу вэ, давуу болон дутагдалтай талууд нь юу вэ”, 21, 28, 18, 32, 40 дугаар хэсгээс “Одоо байгаа нэг танхим яагаад болохгүй байна вэ. Хэрвээ хоёр танхимтай болсноор хариуцлагын ямар механизм үйлчлэх вэ”, 14, 49, 12, 19, 1, 41, 6, 17 дугаар хэсгээс “Манайх шиг нүүдлийн соёл иргэншилтэй улсад хоёр танхимтай болох нь ямар ач холбогдолтой вэ, 501, 51 гэсэн тоо ямар үндэслэлээр гарч ирсэн бэ”, 35 дугаар хэсгээс “Одоогийн Үндсэн хуульд “Их  засаг”-аас тусгагдсан байдаг уу”, 25 дугаар хэсгээс “Хоёр танхимтай болоход манай хэсэг хэсгийн хэлэлцүүлгээр санал нэгдэж байсан. Хэрвээ хоёр танхимтай байх боломжтой гэж үзвэл дээд танхимыг намаас бус ард түмнээс сонгох боломжтой юу”, 33 дугаар хэсгээс “Төрийн эрх дээд байгууллага нь Ардын Их Хурал болчихвол зардал их гарна. Тийм учраас одоогийн УИХ-ын хариуцлагыг дээшлүүлж, хариуцлага алдсан гшүүнийг эргүүлэн татах асуудлыг Үндсэн хуульд тусгаж болох уу” гэсэн асуултууд асууж, экспертүүд судалгаа, баримт бүхий тэнцвэртэй хариултуудыг өглөө.





Түүнчлэн оролцогчид “Хоёр танхимтай болох нь гацаа үүсгэдэг, нөгөө талаар хоёр танхимтай болох хөгжлийн шатанд манай улс хүрээгүй байна, эсвэл хоёр танхимтай байх нь Монголыг аврах гарц гэж Та бүхэн өөр өөр хариулт өгч байна. Аль аль нь болохгүй гээд байгаа бол одоогийн улстөрийн хямралтай байдлаас гарах гарц нь юу вэ” гэсэн асуулт тавьсан. “Экспертүүд эерэг, сөрөг аль аль талаас нь хариулж буй учир ийм асуулт гарах нь зүйн хэрэг. Тиймээс л та бүхний мэргэн ухаанд найдаж буй юм” хэмээн хуралдаан даргалагч төгсгөлд нь хэллээ.

Ийнхүү зургаадугаар сэдвийн хэлэлцүүлэг өндөрлөв. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” сэдвийн танилцуулгаар үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл