Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцлээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.06.06/ хуралдаанаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.


Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулав. Төслийн 1 дүгээр заалтын 14 дэх дэд заалтын “туслах багшийн орон тоог нэмэгдүүлэх” гэснийг “багшийг ажиллуулах” гэж өөрчлөх, төслийн 2 дугаар заалтын “2017 оны намрын” гэснийг “2018 оны хаврын” гэж өөрчлөх гэсэн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийг батлуулах нь зүйтэй гэж үзлээ.

“Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа

Дараа нь “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.


Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулан албан хаагчдын орон тооны нэршлийг шинэчлэх аж. Тус зөвлөл нийт 10 ажилтны орон тоотой ажиллах бөгөөд үндсэн гурван нэгжид хуваагдана хэмээн тус зөвлөлийн ажлын албаны дарга Г.Батбилэгт танилцуулсан. Үүнд:

-Даатгалын сангуудын болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн аудит, салбарын хяналт-шалгалт, эрсдлийн менежментийн мониторинг хийх үүрэг бүхий нэгж,

-Мэдээллийн сангийн судалгаа, дүн шинжилгээ, тоон болон чанарын мэдээлэл, олон суурьт судалгаа, хэтийн загварын боловсруулалт хийх үүрэг бүхий нэгж,

-Хуралдаан зохион байгуулах, хэвлэл мэдээлэл, санал, дүгнэлт, зөвлөмж, тогтоолын шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянах, олон нийттэй харилцах, иргэд даатгуулагчаас ирүүлсэн өргөдөл саналыг хариуцах үүрэг бүхий нэгж ажиллах аж.

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар тогтоолыг баталлаа.

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэн батлахыг дэмжлээ

Мөн хуралдаанаар Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсон, тус ажлын хэсгээс боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Ажлын хэсгийн тайлан, Байнгын хорооны тогтоолын төслийн талаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулсан юм.


Тэрбээр ажлын хэсэг сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж тогтоолын төслийг боловсруулсныг онцолсон.

Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах шаардлагатай 2-5 насны нийт 306.890 хүүхэд байгаагаас 243.432 хүүхэд хамрагдаж, 63.458 хүүхэд цэцэрлэггүй хоцорчээ. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан 243.432 хүүхдийн 219.811 нь төрийн болон төрийн бус өмчийн 1354 цэцэрлэгт, 23.621 хүүхэд хувилбарт сургалтын үйлчилгээнд хамрагдсан гэсэн тоог УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулсан. Тэрбээр, цэцэрлэгийн нэг ангид 20-25 хүүхэд хүмүүжих ёстой ч 55-66 хүүхэд хүлээн авч байгаа нь хүүхдийн сурч боловсрох, эрүүл өсөн бойжих нөхцөлийг хааж байна гээд дээр дурдагдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд 200 ортой 315 цэцэрлэг барих шаардлагатай гэсэн тооцоо гараад байгааг дуулгасан.

Нийслэлийн 25 хороо цэцэрлэггүй байгаа бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх талаар тогтоолын төсөлд тусгажээ. Түүнчлэн хот, хөдөөгийн цэцэрлэгүүдэд өргөтгөл хийх, хувийн хэвшлийн болон байгууллагын цэцэрлэгийг барих санаачилгыг дэмжих, улсын хэмээнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон цэцэрлэгийг буулган, шинээр барих зэрэг асуудлыг төсөлд тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, УИХ-ын гишүүн М.Билэгт, Ц.Цогзолмаа, Ё.Баатарбилэг, Д.Сарангэрэл, Л.Энх-Амгалан нар байр сууриа илэрхийлсэн бөгөөд тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ.

Мөн Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоол, Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсч, тус ажлын хэсгээс боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Ажлын хэсгийн тайлан болон, тогтоолын төслийн талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуулсан.

Ажлын хэсэг Боловсролын зээлийн сан, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний төв, МУИС, ШУТИС, ХААИС, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, “Шинэ Монгол” технологийн дээд сургууль, Хөгжим бүжгийн коллежийн үйл ажиллагаатай танилцаж, боловсролын салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, дээд боловсролын санхүүжилт болон тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцжээ.

Мөн “Монгол Улсын дээд боловсролын тулгамдсан асуудал, гарц, шийдэл”, “Монгол Улсын их, дээд сургуулиудын сургалтын агуулга, чанар” сэдэвт хэлэлцүүлгүүдийг Төрийн ордонд зохион байгуулсан байна. Үүний дараа тус ажлын хэсэг Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ.

Хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн хэрэгжилтийг хангах, боловсролын магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны чиглэлээр, мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тогтоолын төсөлд тусгасан байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй хэмээн санал нэгдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл