Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ


Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.05.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 19 минутад гишүүдийн 55.3 хувийн ирцтэйгээр эхэлж,  гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.  

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүүрэн, Д.Тэрбишдагва, Ё.Баатарбилэг, О.Баасанхүү нар санал хэлсэн юм. Гишүүдийн хувьд хэлэлцэх асуудлын дараалалд багтсан Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг яаравчлан оруулж ирснийг илүүтэй тодруулж байлаа.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ерөнхийлөгч гадаад улсад суух элчин сайд, бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Улсын Их Хуралд зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэсний дагуу асуудлыг оруулж ирсэн гэж хариулав.


Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.  Улсын Их Хурлын уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо дээрх тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэг бүрчлэн тусгасан эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа танилцууллаа.


Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг дараах байдлаар төсөлд тусгалаа. Үүнд: Тогтоолын төслийн “2016-2020 он” гэснийг “2017-2020 он” гэж, 3.2 дахь дэд заалтын “Улсын Их Хуралд тайлагнаж байх” гэснийг “Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд 2019, 2021 оны 1 дүгээр улиралд тус тус тайлагнах” гэж өөрчлөх саналуудыг төсөлд тусгав. Мөн төслийн хавсралтын дөрөвдүгээр бүлгийн “Зорилт 8”-ыг бүхэлд нь, 22.1.10 дахь дэд заалтыг “далд эдийн засгийн тооцоог олон улсын стандартын дагуу сайжруулах, нөөц ашиглалтын хүснэгтэд тусгах” гэж өөрчлөн найруулах, 6.2 дахь заалтын “2018 оны 06 дугаар cap” гэснийг “2019 оны нэгдүгээр улирал” гэж, “2020 оны 6 дугаар cap” гэснийг “2021 оны нэгдүгээр улирал” гэж тус тус өөрчлөх, хөтөлбөрийн хугацааг өөрчилсөнтэй холбогдуулан 2016 онд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаарх 2.1.2, 2.1.6, 13.1.8, 13.1.23 дахь дэд заалтууд болон эдгээр арга хэмжээнд зарцуулсан 2.8 тэрбум төгрөгийг хөтөлбөрийн санхүүжилт хэсгээс хасах зэрэг саналуудыг төсөлд тусгасан гэдгийг онцоллоо. Хуралдаанд Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа болон холбогдох албаны бусад хүмүүс оролцов.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Баттөмөр, Д.Цогтбаатар нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн хувьд статистик бол мэдээллийн системийн амин сүнс. Статистикийн мэдээлэл буруу байвал Монгол Улсын бүх ажил буруу тийшээ хазайна. Иймд улс төр, удирдлагын нөлөөнд авталгүй статистикийн мэдээллийг үнэн зөв гаргаж байх ёстойг захиж, анхааруулж байлаа. Ингээд “Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлахыг дэмжье гэсэн Эдийн засгийн байнгын хорооны саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 80,8 хувь нь дэмжив.

Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслүүдийг баталлаа

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав.



Байнгын хороо 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг төслүүдэд нэг бүрчлэн тусгасан. Хуулийн төслүүдийг хууль зүйн техникийн талаас хянан үзэж, нэр томъёо, хэл найруулгын засвар, өөрчлөлтийг хийсэн гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн танилцуулгадаа онцоллоо. Эдийн засгийн байнгын хорооны уг хуулийн төслүүдийг батлахыг дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, А.Сүхбат нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд, Усан замын тээвэрлэлтээс болоод иргэдийн амь нас хохирч байна. Үүнээс урьдчилан сэргийлэх талаар зохицуулалтыг хуульд хэрхэн тусгасныг илүүтэй тодруулав. Ажлын хэсгийнхэн хариултдаа, “Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөвөлт хийх улирлын нээх, хаах хугацааг хуулиар зохицуулж өгсөн. Мөн энэ чиглэлээр ажиллах байцаагчийн тоог нэмэх, хөвөлтөд гарах нэгж нь цаг агаарын мэдээллийг урьдчилж авах үүрэг хүлээлгэсэн. Мөн гол, мөрөн, нууртай  нутгийн захиргааны удирдлага нь хөвөлтийн улиралд Онцгой байдлын нэгж болон Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газартай хамтран байнгын бус ажиллагаатай аврах багийг  ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг хийж өгсөн” гэдгийг онцлов.


Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи батлах нь зүйтэй гэж үзлээ.

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцлэн шийдвэрлэв

Үүний дараа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэв. Энэ талаарх Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар  нар танилцууллаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл нарыг эгүүлэн татахаар болжээ.

Иймд Монгол Улсаас  Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэн,  Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмэдийн Баттөр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганбат, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэр, Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ёндонгийн Отгонбаяр, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарь нарыг тус тус томилох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр өргөн мэдүүлжээ.

Элчин сайдад нэр дэвшигч Л.Пүрэвсүрэн нь 1964 онд Говь-Алтай аймагт төрсөн. 1984-1989 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн, Олон улсын харилцааны мэргэжилтэй. ХБНГУ, Шинэ Зеланд, АНУ-д мэргэжил дээшлүүлсэн, орос, англи, герман хэлний мэдлэгтэй. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд дипломат цолтой, дипломатын албанд 28 жил ажилласан байна.

Элчин сайдад нэр дэвшигч А.Баттөр 1965 онд Ховд аймагт төрсөн. 1989 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1995 онд Францын Үндэсний удирдлагын их сургууль, 2001 онд Шинэ Зеландын Виктория их сургууль, 2010 онд Бельгийн Вант Улсын Брюссель хот дахь Европын Стратеги, олон  улсын харилцааны төвд мэргэжил дээшлүүлсэн. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд дипломат цолтой, дипломат албанд 16 жил ажилласан аж.

Элчин сайдад нэр дэвшигч Д.Ганбат 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984 онд ЗХУ-д (хуучнаар) Уралын улсын их сургууль, 1987 онд МУИС-ийг төгсч, ХБНГУ, АНУ, Италид мэргэжил дээшлүүлсэн, орос, англи, герман хэлний мэдлэгтэй, төрийн албанд 33 жил ажиллажээ.

Элчин сайдад нэр дэвшигч Г.Тэнгэр 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд Токио хотын Гадаад хэлний сургууль, 1998 онд Япон улсын Ёкохамагийн Үндэсний дээд сургууль, 2016 онд МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийг төгссөн. Англи, япон хэлний мэдлэгтэй, төрийн албанд есөн жил, дипломат албанд нэг жил ажилласан байна.

Элчин сайдад нэр дэвшигч Ё.Отгонбаяр 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1989 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1995 онд БНЭУ-д Маркетинг менежментийн сургууль, 2000 онд ОХУ-д Дипломатын академийг төгссөн. Орос, англи, хинди, урду, франц хэлний мэдлэгтэй, “Тэргүүн шадар” дипломат цолтой, дипломат албанд 13 жил ажиллажээ.

Элчин сайдад нэр дэвшигч Н.Чимгүүндарь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 2006 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 2016 онд Францын Үндэсний удирдлагын их сургууль төгсөж, Нидерландын Клингендалийн их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Франц, орос, англи хэлний мэдлэгтэй, “Тэргүүн итгэмжит” дипломат цолтой, дипломат албанд 11 жил ажилласан байна.


 Уг асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү, Д.Цогтбаатар, Л.Болд, Б.Бат-Эрдэнэ. Т.Аюурсайхан, С.Эрдэнэ. Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Д.Сумьяабазар, Ё.Баатарбилэг, Н.Цэрэнбат. Б.Ундармаа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд, амаргүй байгаа энэ үед Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд багтдаг, гол хандивлагч орнуудад Элчин сайдаар томилогдвол Монгол Улсаа үнэн зөв, шинэлэгээр сурталчлахад анхаарах, хөрөнгө оруулалтыг татахад бүтээлчээр ажиллах, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, гадаад худалдааг өргөжүүлэхэд эрч хүчтэй ажиллахыг онцгойлон анхааруулж байв.

Түүнчлэн оюутан, залуусыг гадаад улс орнуудад өндөр боловсрол эзэмшүүлэх, мэргэжилтэй боловсон хүчинг бэлтгэхэд идэвхтэй ажиллах, тухайн улс оронд сурч ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, эх хэл, зан заншлаас суралцахад нь тусалж дэмжих, дипломат албаны ёс зүйг чанд сахихын зэрэгцээ гадаад бодлогод Монголоо гэсэн нэгдмэл байр суурьтай, улс төржихгүй ажиллахыг нэр дэвшигчдэд захиж байв. Мөн гишүүдийн зүгээс Монгол Улсаа төлөөлж ажиллахдаа хэрхэн идэвхтэй бүтээлчээр ажиллах, хууль, ёс зүй зөрчсөн, хариуцлага алдсан тохиолдолд хариуцлагаа үүрч ажиллах эсэхийг тодруулж байлаа.

Тухайлбал, Элчин сайдад нэр дэвшигч Г.Тэнгэр “Монгол Улс Япон улстай стратегийн түншлэл байгуулсан. Энэ хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг цаасан дээр бус бодит ажил болгоход анхаарч ажиллана. Мөн иргэнлэг, хүмүүнлэгийн харилцаанд ахиц гаргахаар ажиллана” гэж байсан бол Элчин сайдад нэр дэвшигч Ё.Отгонбаяр “АНУ Монгол Улсын хооронд улс төр, батлан хамгаалах, хүмүүнлэгийн харилцаа хангалттай түвшинд ажиллаж байгаа. Харин эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байгаа” гэдгийг онцлов. Түүнчлэн Элчин сайдад нэр дэвшигч Н.Чимгүүндарь “Канад улсад монголын 5000 иргэн ажиллаж, сурч амьдарч байгаа. Монголчууд маань албан ёсны эрхтэйгээр амьдарч байгаа ч, монгол иргэдийн хоёр дахь үе эх хэл, зан заншлаа мэдэхгүй өсөх хандлагатай байгаа. Иймд энэ асуудалд онцгойлон  анхаарч ажиллана. Цаашлаад хоёр улсын харилцааг иж бүрэн түншлэлийн шатанд хүргэх зорилготой байгаа” гэж байсан бол Элчин сайдад нэр дэвшигч А.Баттөр “Франц Монгол Улсын харилцаанд эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нэр бүхий дөрвөн том төслийг урагшлуулахад идэвхтэй  ажиллана гэж бодож байгаа” гэж байлаа. Мөн Элчин сайдад нэр дэвшигчид томилогдсон газраа хууль журмын хүрээнд ажиллах, дипломат албаны ёс зүй, хууль дүрэм зөрчсөн хүмүүстээ хариуцлага тооцдог, асуудал гарвал хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байлаа.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл нарыг эгүүлэн татах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 88.0 хувь нь  дэмжлээ. Дараа нь Элчин сайдаар томилох саналыг нэр дэвшчигч бүрээр санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 60,4-100 хувийн дэмжлэг авсан тул Улсын Их Хурлын саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид бичгээр хүргүүлэхээр болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл