Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 18 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль болон “Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр”-ийг нийтэлжээ.  

 Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийн зорилго нь олон улсын худалдааны хэлцлийг илүү үр ашигтай, ил тод болгох зорилгоор худалдаатай холбоотой цахим өгөгдөл, баримт бичгийг солилцож, харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлэх болон үндэсний ба дэд бүсийн нэг цонхны үйлчилгээ болон цаасгүй худалдааны бусад системийн харилцан уялдааг хангах замаар хил дамнасан цаасгүй худалдааг дэмжих юм.

 Мөн дугаарт Тогтоолын төсөл буцаах тухай, Тооллогын комисс байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг буцаажээ. Түүнчлэн Тооллогын комисс байгуулах тухай тогтоолоор Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх  эсэх асуудлаар нууц санал хураалтыг зохион байгуулж, дүнг танилцуулах үүрэг бүхий тооллогын комиссыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Х.Булгантуяа, Н.Ганибал, Г.Тэмүүлэн, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.

     Эмхэтгэлийн  шинэ дугаарт Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн бөгөөд тус зарлигуудаар Монгол Улсаас Нидерландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Одын Очийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Нидерландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанвандангийн Болдыг томилж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сан Марино Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сан Марино Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Нарантунгалагийг томилжээ.

 Тус эмхэтгэлд “Боловсролын зээлийн сангийн талаар авах  зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн бөгөөд уг тогтоолын хавсралтаар “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталж, тухайн журмаар дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах ажээ. Мөн “Журам шинэчлэн батлах тухай”,  Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ. Журам шинэчлэн батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-ыг, 2 дугаар хавсралтар “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-ыг  тус тус баталсан байна. Тухайн журмуудад заасан тэтгэлэг олгох үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, шударга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, цаг хугацаа, орон зай, байршлаас үл хамааран суралцагч бүрд тэгш боломжийг олгохоор тусгажээ.

Журам батлах тухай” тогтоолын хавсралтаар “Импортоор оруулж ирэх усан замын тээврийн хэрэгсэлд тавих эрүүл ахуй, халдвар, хорио цээрийн шаардлагыг тогтоох журам”-ыг баталсан бөгөөд уг журмаар Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн импортоор оруулж ирэх болон гадаадын иргэн, хуулийн этгээд аялал жуулчлалын зориулалтаар Монгол Улсын хил нэвтрүүлэх усан замын тээврийн хэрэгсэлд тавих эрүүл ахуй, халдвар, хорио цээрийн шаардлагыг тогтоож, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл