Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хороо санхүүжилтийн хэлэлцээрийн төслүүдийг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.07.04) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 15 цаг 05 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов.

Хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа төслийн талаар танилцууллаа.


2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлгээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 5.8 их наяд төгрөгт хүрч 107,5 хувийн биелэлттэй, зарлага 9.4 их наяд төгрөгт хүрч 95 хувийн биелэлттэй гарчээ. Улмаар нэгдсэн төсвийн тэнцэл 3 их наяд 660.3 тэрбум төгрөгийг алдагдалтай тайлагнагджээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харъяалагдах Үндэсний статистикийн хорооны дарга, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Барилга, хот байгуулалтын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, Эрчим хүчний сайдын багцын 77 төсвийн шууд захирагч, төрийн 100 хувийн өмчит 64 аж ахуйн нэгж, Засгийн газрын гадаад зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа 36 төсөл, сангуудын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гарсан болохыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа танилцуулсан. 

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 1 их наяд 200.4 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 45.8 тэрбум төгрөгөөр их, өмнөх оны гүйцэтгэлээс 881.9 тэрбум төгрөгөөр өссөн гүйцэтгэлтэй байгаа юм байна. Урсгал зардалд 74.5 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 1 их наяд 98.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Нийт зарлага болон цэвэр зээлийн гүйцэтгэлийн хэтрэлт нь Зам тээврийн хөгжлийн сайдын багцын гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын хурдны автозам барих, Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төслүүдийн гүйцэтгэл өндөр гарсантай холбоотой аж. Нийт зарлага болон цэвэр зээлийн 81.8 хувь буюу 981.7 тэрбум төгрөгийг Зам тээврийн хөгжлийн сайд, 10.8 хувь буюу 129.3 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайд, 5.5 хувь буюу 65.8 тэрбум төгрөгийг Барилга, хот байгуулалтын сайд, 1.4 хувь буюу 16.4 тэрбум төгрөгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, 0.5 хувь буюу 5.3 тэрбум төгрөгийг Үндэсний статистикийн хорооны дарга, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарын төсвийн багцын зарлага эзэлж байгаа аж. Тайлант онд улсын төсвөөс 602.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг олгосон бол Хөгжлийн банкнаас 252.8 төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн байна. Улсын төсвөөс 655.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, төсөвт байгууллагын өөрийн орлогоор 12.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус бүрдүүлсэн болохыг танилцуулгад дурдав. Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсан аудитын дүгнэлтийг хуралдаанд танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Зам тээврийн хөгжлийн сайдын багцын гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын хурдны автозам барих төслийн гүйцэтгэлийн хэтрэлтийн талаар Ажлын хэсгээс тодруулж хариулт авав.


УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Засгийн газрын авлага өнгөрсөн оныхоос өссөн дүнтэй байгаа бөгөөд авлагыг барагдуулах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар асуулаа. 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Төрийн сангийн авлага 3 их наяд 438 тэрбум төгрөг байгаа бөгөөд Өр барагдуулах алба тодорхой ажлуудыг гүйцэтгэж байгаа хэмээн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа хариулт өгсөн. УИХ-ын гишүүн З.Нарантуяа, М.Оюунчимэг нар ирэх оны тайланг илүү тодорхой, бодитой, нарийвчилсан задаргаатайгаар хийх шаардлагатай гэдэг саналыг хэлж байлаа. Урсгал зардлын өсөлт нь хөрөнгийн зардлын өсөлтөөсөө хол түрүүлээд байгаа нөхцөл байдалд Засгийн газар онцгойлон анхаарч өөрчлөлт хийх, Засгийн газрын авлагыг барагдуулах, Үндэсний аудитын газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийж, гаргасан дүгнэлт, зөвлөмжийг УИХ-ын тогтоолын төсөлд тусгаж, аудитын дүгнэлт, зөвлөмж заавал хэрэгждэг, зөрчил дутагдал жил дараалан давтагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, төсвийн төлөвлөлтийг боловсронгуй болгож, төсөвт хуулиар тавигддаг шаардлага, хязгаарлалтыг тууштай мөрддөг байхад тус тус анхаарах нь зүйтэй гэдэг саналыг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлсэн.

Ийнхүү төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 72.4 хувийн саналаар “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болов.

Санхүүжилтийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн Хөгжлийн бодлогын зээл 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл байв. Төслийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар, ОУВС хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Дэлхийн банкнаас нийт 440 сая ам.долларын төсвийн дэмжлэгийг 3 үе шаттайгаар авахаар тогтжээ. Энэ хүрээнд 2017 онд Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран төсвийн тогтвортой байдлыг сайжруулах, алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх зорилгоор “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр”-ийг хөгжлийн бодлогын зээлийн эхний шатыг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа гэв. Хөтөлбөрийн эхний шатны хүрээнд Дэлхийн банкны хөнгөлөлттэй эх үүсвэрийн санхүүжилт буюу Олон улсын хөгжлийн ассоциацийн 120 сая ам.долларын зээлийг төсвийн алдагдал нөхөх төсвийн дэмжлэг байдлаар авна. Хөнгөлттэй зээлийг нэг үе шаттайгаар авах бөгөөд эхний үе шатанд тусгагдсан 9 бодлогын арга хэмжээ бүрэн хэрэгжиж дуусаад байгаа аж. Тус хөтөлбөрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь жилийн 1.25 хувь, бусад шимтгэл 1.25 хувийг нэмсэнтэй тэнцүү юм байна.   


Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг зээлийн зорилго ба зарцуулалтын талаар, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат гадаад зээлийн хэмжээ нэмэгдэж байгаатай зэрэгцэн дотоодын бондын өр зээл хасагдах эсэхийг тодруулан Ажлын хэсгээс хариулт авсан юм. Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлсний дараа санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн Хөгжлийн бодлогын зээл 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, айнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, төслийн талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Япон Улсын Засгийн газраас төсвийн дэмжлэг болгож 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений зээлийг ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд хэсэгчлэн авч байгааг танилцуулгын эхэнд дурдав. Энэхүү санхүүжилтийн эхний шат болох “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн нийт санхүүжилтийн хэмжээ нь 32.0 тэрбум иен бөгөөд жилийн 0.8 хувийн хүүтэй, урьдчилгаа шимтгэл нь 0.1 хувь, эргэн төлөгдөх хугацаа 20 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь зургаан жил юм.

Энэхүү бодлогын зээл нь Макро эдийн засгийн тогтвортой удирдлагыг хангах, нийгмийн эмзэг бүлэгт туслалцаа үзүүлэх болон эдийн засгийг тогтворжуулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын төсвийн зардлыг санхүүжүүлнэ гэдгийг онцолсон.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авлаа. Үүний дараа Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжих эсэхээр санал хураалаа. Энэ өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь  төслийг зөвшилцөхийг дэмжснээр энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл