Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.07.03) хуралдаан гишүүдийн ирц бүрдсэнээр 11 цаг 45 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 29 гишүүнээс Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, Ч.Анар, М.Бадамсүрэн, Э.Бат-Амгалан, Н.Батсүмбэрэл, Д.Ганбат, Х.Жангабыл, П.Наранбаяр, Х.Тэмүүжин, Г.Хосбаяр, Ж.Энхбаяр, Л.Энхнасан, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд нар хүрэлцэн иржээ.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийг Соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Зээлийн болон төслийн хэлэлцээрийг Эдийн засгийн байнгын хорооны энэ оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны мөн сарын 15-ны өдрийн хамтарсан хуралдаанаар тус тус хэлэлцэн дэмжиж, Ерөнхий сайдын захирамжаар гарын үсэг зурах эрх олгосны дагуу зээлийн болон төслийн хэлэлцээрт 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан байна.
Энэхүү төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн I хороонд шинээр дэд станц, хос цахилгаан дамжуулах кабель шугам барьж, одоо байгаа Туул дэд станцыг өргөтгөх ажлыг гүйцэтгэх бөгөөд ингэснээр хотын төвийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул болон Баянзүрх зэрэг 5 дүүргийн 14 хороо буюу Улсын I дүгээр төв эмнэлэг, II дугаар төв эмнэлэг, Өргөө амаржих газар зэрэг нийт 11 мянган хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дээшилж, иргэн болон аж ахуйн нэгжүүдийг эрчим хүчээр тогтвортой хангах ач холбогдолтой аж.
Хуулийн төслийн талаарх Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл, Ж.Энхбаяр, Г.Хосбаяр, Ч.Анар, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, З.Мэндсайхан сайд болон Эрчим хүчний сайд Б.Найдалаа, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав.
Төвийн бүсийн цахилгаан хангамж, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх 17 сая еврогийн зээл болон эрчим хүчний салбарын 78 сая ам.долларын зээлийн төслүүд нь шинэ цахилгаан үйлдвэрлэхгүй, зөвхөн шугам, дэд станцын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлтэй байгааг гишүүд тодотгоод, цахилгааныг өртгөөс нь доогуур үнээр борлуулж байгаа нөхцөлд эдгээр төслийн эдийн засгийн үр ашиг, мөн зээлийг эргэн төлөх эх үүсвэрийн талаар тодруулж байв. Эдгээр зээл нь “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хэрэгжүүлэх төслүүд бөгөөд зээлийн эргэн төлөлтийг компанийн үйл ажиллагааны зардалд тусган, тарифын орлогоор төлөх зохицуулалттай болохыг хариуллаа. Гэвч өнөөгийн тариф өртгөөс доогуур тогтоогдож байгаагаас эрчим хүчний төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаж, зээлжих чадвар нь буурсан байна. Цаашид тариф, орлогын хуваарилалтыг зээлийн төлбөрөө бүрэн хийх боломжтой түвшинд хүргэж чадвал компаниуд өөрсдөө зээл авч, эргэн төлж, шаардлагатай бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ, шинэ эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаа бие даан хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэдэг хариултыг өгч байв. Өвөлжилтийн бэлтгэл ажил, эрчим хүчний системийн өнөөгийн нөхцөл байдал, дамжуулах түгээх сүлжээний засвар шинэчлэл, шаардлагатай шинэ эх үүсвэрүүд болон станцуудын засварын ажлын явцын талаар тодруулсан гишүүдийн асуултад “Эрчим хүчний компаниудын өвөлжилтийн бэлтгэл, засвар шинэчлэлийн ажил батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна. Энэ онд 27 төрийн өмчит компанид 230 тэрбум төгрөгийн засварын ажил батлагдаж, Засгийн газрын нөөц сангаас нэмэлт санхүүжилт шийдвэрлэсэн. Гэвч нийт хэрэгцээтэй харьцуулахад санхүүжилт хүрэлцэхгүй байгаа тул төлөвлөсөн бүрэн засварын тал орчмыг л хэрэгжүүлж байна” гэдэг хариулт өгөв. Үнэ тариф, хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээ, үр ашиг, өр төлбөр, засаглалын асуудлыг цогцоор нь шинэчлэх шаардлага салбарт тулгамдаад байгаа бөгөөд үндэсний аюулгүй байдлын асуудлын хувиар бүх түвшиндээ эрсдэлийг тооцон, өвөлжилтийн бэлтгэлийг хангах шаардлагатай байгааг хэлж байв.
Ийнхүү төслийн талаар хэлэлцээд, Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын зээлийн болон төслийн хэлэлцээрийг Соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүдийн 56.3 хувь нь дэмжсэн.
Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч IV” зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжилж, Сангийн сайд З.Мэндсайхан төслийн талаар танилцуулав.
Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1.2-т заасны дагуу энэхүү Зээлийн хэлэлцээр нь Улсын Их Хурлаар заавал соёрхон батлагдах олон улсын гэрээ тул “Эрчим хүч IV” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг танилцуулж байгаа аж. Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын 78 сая ам.долларын “Эрчим хүч IV” төслийн зээлийн хэлэлцээрийг Эдийн засгийн байнгын хорооны 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хамтарсан хуралдаанаар тус тус хэлэлцэн дэмжжээ. Энэ дагуу Ерөнхий сайдын захирамжаар гарын үсэг зурах эрх олгож, энэ оны 5 дугаар сарын 08-ны өдөр зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
“Эрчим хүч IV” төслийн хүрээнд шинээр “Мандалговь-Арвайхээр” чиглэлийн 287 км урттай 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон “Өвөрхангай” дэд станцыг шинээр барих, “Баянхонгор”, “Арвайхээр”, “Мандалговь” дэд станцыг өргөтгөх ажлууд хийгдэх бөгөөд төслийг хэрэгжүүлснээр бүс нутгийн 50,000 гаруй хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дээшилж, хангайн болон баруун бүсийн аймгуудад төлөвлөж буй хөгжлийн хөтөлбөрүүдийг эрчим хүчний хангамжаар бүрэн хангах боломж бүрдэнэ.
Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд төслийг дэмжиж буйгаа Х.Жангабыл гишүүн илэрхийлж, үг хэлэв. Үүний сацуу энэ өвөл эрчим хүч, шатахууны хангамжийн эрсдэл өндөр байгаа тул импортын хараат байдлыг бууруулах, цахилгаан станцуудын нүүрс, дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглээд, эдгээрийг үндэсний аюулгүй байдлын түвшинд анхаарч, шаардлагатай тохиолдолд Байнгын хорооны түвшинд шуурхай арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэлээ.
Дараа нь Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч IV” зээлийн хэлэлцээрийг Соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцож буй гишүүдийн 56.3 хувь нь дэмжлээ.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, шийдвэрлэв. Төслийн талаар Сангийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.
Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1.2-т заасны дагуу энэхүү Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр нь Улсын Их Хурлаар заавал соёрхон батлагдах олон улсын гэрээ тул Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг танилцуулж буйгаа тэрбээр хэлэв.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын 65.0 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг Эдийн засаг, Төсөв болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодоор 2026 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хэлэлцэн дэмжиж, Ерөнхий сайдын захирамжаар гарын үсэг зурах эрх олгосны дагуу Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан байна.
Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг 7 байгууллагад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэх, суурилуулах, хүний нөөцийг чадавхжуулах төслүүдийг хэрэгжүүлэх аж.
Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж шаардлагагүй хэмээн үзсэн, Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн. Монгол Улсад нас баралтын тэргүүлэх шалтгааны 75 орчим хувийг зүрх, судасны өвчин, хавдар, осол гэмтэл эзэлдэг гэв. Иймээс хавдрын оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд энэхүү төсөл онцгой ач холбогдолтой болохыг тайлбарласан. Төслийн үр дүнд хавдрыг эрт илрүүлэх, эмчилгээний үр дүнг хянах боломж бүрдэж, иргэдийн хувийн зардал буурна гэлээ. Мөн тархины нарийн төвөгтэй мэс заслыг эх орондоо хийх нөхцөл бүрдэж, гадаад руу чиглэсэн эмчилгээний зардлыг бууруулах ач холбогдолтой хэмээн тодотгов. Түүнчлэн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн хэрэгжилт, эх, нярайн тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлэхэд энэхүү санхүүжилт туйлын чухал гэдгийг гишүүдэд тайлбарласан.
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцож буй гишүүдийн 56.3 хувь нь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Мон
English