Цэс

Холбоо барих

ТБХ:Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжив


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.09.16/ хуралдаан 15 цаг 05 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцлээ.

Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Тус Байнгын хорооны 30 гишүүний 16 нь буюу Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, М.Бадамсүрэн, Ж.Батсуурь, Р.Батболд, Ж.Ганбаатар, П.Ганзориг, Х.Ганхуяг, Д.Жаргалсайхан, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, П.Мөнхтулга, Н.Наранбаатар, П.Сайнзориг, Л.Соронзонболд,  Г.Тэмүүлэн, Д.Үүрийнтуяа, нар хүрэлцэн ирснээр хуралдаан эхэллээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг

хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдааны эхэнд  Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүнээс 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Төсөл санаачлагч гишүүн Г.Тэмүүлэн танилцуулгадаа, Монгол Улс 2010 оноос төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн байгалийн шавхагдах нөөцийг нэг дор бүрэн дайчлахгүй байх төсвийн тусгай шаардлагыг Төсвийн тогтвортой байдлын хуульд тусгаж, хэрэгжүүлж ирсэн. Харин 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулийн өөрчлөлтөөр дээрх тусгай шаардлагыг агуулгыг өөрчилж, байгалийн баялгийн үр өгөөжийг зөвхөн өнөө цагт зарцуулах нөхцөлийг бүрдүүлсэн нь Үндсэн хуулийн агуулгатай нийцэхгүй байна гэлээ.

Хуулийн төсөл гурван зохицуулалттай бөгөөд нэгдүгээрт төсвийн хүрээний мэдэгдэлд нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ болон нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ гэсэн хоёр үзүүлэлтийг шинээр тусгасан гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцлов.

Мөн хуулийн төсөлд төсвийн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн ДНБ-ий 2 хувиас илүү алдагдалтай, эсхүл ашигтай байх тусгай шаардлага, нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн дээд хязгаарыг тогтоох аргачлалыг тусгасан гэж байлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар байгалийн баялгаас хамааралтай төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах, төсвийг үр ашигтай зарцуулах замаар улс орны эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа төсөв хэлэлцэх бүрд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж, хуулийнхаа зүйл, заалтыг хэрэгжүүлэхгүй, төсвийн хүрээний мэдэгдлээ барихгүй байгаа асуудалд төсөл санаачлагчийн байр суурийг тодруулахын зэрэгцээ дээрх нөхцөл байдлыг арилгахад хуулийн төслийн өөрчлөлт хэрхэн нөлөөлөхийг лавлаж, хариулт авсан.

Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.3 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ


Үргэлжлүүлэн Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Найман хууль,  хоёр тогтоолын төслийн гол агуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан ийн танилцуулав.

1.Уул уурхай, олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбар дахь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ноогдох ноогдол ашгийн орлогоос Үндэсний баялгийн санд хуваарилаад, үлдэх хэсгийг улсын төсөвт ноогдол ашгийн орлого хэлбэрээр төвлөрүүлэх, хуримтлалын сангийн хөрөнгийн удирдлагын тодорхой хэсгийг “Чингис хаан” баялгийн сан нэгдэл ХХК хэрэгжүүлж, сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

2.Төрийн өмчийн оролцоотой компанийн хувьцааг хөрөнгийн зах зээлд санал болгож арилжаалах үйл ажиллагааны хугацаа, зардлыг бууруулах, зах зээлийн бодит үнэлгээг бий болгох, өмчлөл, компанийн засаглал, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, мөн уламжлалт санхүүгийн хэрэгслийг орчин үеийн дэвшилтэт дэд бүтцийг ашиглан олон улсад гарган арилжаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


3.Нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тэтгэвэр авагч ахмад настны тэтгэврийн орлогыг нэмэгдүүлж нийгмийн хамгааллын баталгааг хангах, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгосон ахмад настны тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан хүчний даатгалын сангаас тэтгэвэр авагч ахмад настны тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


4.Засгийн газрын өрийн багцын гадаад валютын эрсдэлийг бууруулах төрийн өмчит компаниудын үр ашгийг сайжруулж, олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татахад шаардлагатай бэлтгэл ажлыг хангах зорилгоор "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай", "Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тус тус боловсруулсан гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг Засгийн газрын тусгай санд Үндэсний хөрөнгө оруулалтын сан гэж байхгүй тул төсөлд туссан уг санг  шинээр байгуулах эсэх, хоёр тэрбум төгрөгөөс доошгүй хэмжээний төрийн эзэмшлийн хувьцааг тухайн санд холбогдох хуулийн ямар зохицуулалтаар шилжүүлэхийг, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар энэ онд багтаан хийх бодитой гүйлгээ байгаа эсэх, мөн Монголын ямар нэртэй компани гадаадын зах зээл дээр  хадгаламжийн бичиг гаргах гэж байгаа талаар лавлаж, хариулт авсан.

Ингээд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг төсөл нэг бүрээр явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг тус тус дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 28 гишүүнээс 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар худалдан авах ажиллагааны дэвшилтэт технологи, хиймэл оюуныг ашиглах, хувийн хэвшлийг дэмжих зохицуулалтыг бүрэн гүйцэд тусгаагүй нь хуулийн зорилго биелэх нөхцөлийг алдагдуулж байна гэв.

Сүүлийн жилүүдэд тендер шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж, байгууллагын тоо буурах, оролцогчгүй тендер шалгаруулалтын тоо өсөх хандлагатай байгаа бөгөөд 2024 оны нийт тендер шалгаруулалтын 44 хувь нь амжилтгүй болж, дахин зарласан статистик байгаа гэлээ.  Тендер шалгаруулалтад оролцох болон зохион байгуулах зардал өндөр, хугацаа шаардсан, олон давтан тендер шалгаруулалт зохион байгуулдаг нь төвлөрсөн хөрөнгийг бүрэн ашиглах хугацаанд нь хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдлуудыг үүсгэж байгаа аж.


Мөн цахим дэлгүүр дэх бараа, ажил, үйлчилгээний нийт төрөл, захиалагчийн хэрэгцээг бүрэн хангахгүй, том төслүүдийн тендер шалгаруулалт, гэрээ байгуулах зохицуулалт, уян хатан бус түүнчлэн худалдан авах ажиллагааны гэрээний эрх зүйн зохицуулалт болон гомдол, маргаан хянан шийдвэрлэх тогтолцоо олон улсын сайн туршлагад нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага үүссэн байна. Эдгээр зохицуулалтыг хуулийн төсөлд тусгахад бүтэц, уялдаа алдагдахад хүрч, хуулийн нийт заалтын 50-аас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт орсон тул Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу шинэчилсэн найруулгын төсөл боловсруулсан гэдгийг П.Сайнзориг гишүүн онцолж байлаа.

Мөн төслөөр төрийн болон орон нутгийн өмчийн төсвийн хөрөнгөөр хийх худалдан авалтаас гадна төрийн болон орон нутгийн өмчит компани, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн худалдан авах ажиллагааг зохицуулж байгааг харгалзан хуулийн нэрийг Төрийн худалдан авах ажиллагааны тухай болгон өөрчилсөн гэв.


Төсөлд хуулийн үйлчлэх хүрээг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагааны үр ашиг, өрсөлдөөнийг сайжруулах, гүйцэтгэгчийн чанар, үнийн хослолоор сонгох, хиймэл оюун болон технологийн дэвшлийг нэвтрүүлэх, тендер шалгаруулалтыг шуурхай, хялбар цахимаар зохион байгуулах, эх оронч худалдан авалтыг дэмжих, том төслийн худалдан авах ажиллагаанд чадавхад суурилсан хэлэлцээний аргыг хэрэглэх, маргаан шийдвэрлэх ажиллагааг байнгын ажиллагаатай зөвлөл байгуулах замаар шийдвэрлэх, мөн хуулийн төслийн бүтцийг худалдан авах ажиллагааны бодит үе, шат дараалалтай уялдуулан шинэчлэх зэрэг үндсэн зохицуулалтуудыг тусгасан гэдгийг төсөл санаачлагчид танилцуулгадаа дурдсан. Тухайлбал, 10 тэрбум тэрбум хүртэлх төсөв өртөгтэй тендер шалгаруулалтад баталгаа шаардахгүй байх, баталгааны мэдэгдэл бөглөж тендер хийлгэх боломжийг бүрдүүлж татвар, нийгмийн даатгалын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй оролцогчийг тендерийн шатанд шууд хасахгүй байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах үед холбогдох өр төлбөрөө барагдуулахаар уян хатан зохицуулалтыг тусгасан байна.

Мөн орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд нийслэл Улаанбаатар хотоос бусад орон нутагт байнгын үйл ажиллагаа явуулдаг тухайн орон нутагт бүртгэлтэй орон нутгийн татварын албатай харилцдаг, ажлын байр бий болгодог үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг захиалагч шууд худалдан авах боломжийг бүрдүүлж, сургуулийн хоол үйлдвэрлэл, орон нутгийн иргэдийн бизнесийг дэмжих зохицуулалтыг тусгасан гэв.


Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Б.Заяабал, Д.Үүрийнтуяа нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд уг хуулийг шинэчлэх цаг болсныг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төслийн гол агуулга нь дотоодын үйлдвэрлэгчид, ялангуяа бичил бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглүүлэхэд анхаарах шаардлагатай гэдгийг онцолж байв.

Мөн тендер сонгон шалгаруулалтын явцад аль нэг тал маргаан гаргавал худалдан авалт нь амжилтгүй болдог тул төсөлд уг асуудлыг хэрхэн зохицуулсан талаар, цахилгаан бараа, тоног төхөөрөмж, автомашиныг худалдан авах ажиллагааг 100 хувь мөнгө төлөхөөр бус, лизингээр шийддэг гарцыг тусгасан эсэхийг лавлав. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаатай холбоотойгоор тодорхой зохицуулалт хийсэн эсэх,  сонгон шалгаруулалтын үр дүнд хамгийн хямдыг сонгосноор чанарын асуудал хөнддөг тул үүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тус тус лавлаж байлаа.


Ингээд Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг хууль, тогтоолын төсөл бүрээр явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуралдааны төгсгөлд “Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв.

Энэ үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал тус бүлгээс уг асуудлаар завсарлага авахаар болсныг мэдэгдсэн тул Байнгын хорооны дарга Н.Наранбаатар ажлын гурав хоногийн завсарлага өглөө хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээ