Цэс

Холбоо барих

Төрийн байгуулалтын байнгын хороо гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.07.04) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулав.




Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сонгуулийн Ерөнхий хороо, Үндэсний аюулгүй байдлын Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын багцын 160 төсвийн шууд захирагч, төрийн 100 хувийн өмчит есөн аж ахуйн нэгж, Засгийн газрын гадаад зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа 11 төслийн  төсвийн гүйцэтгэл санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 362.7 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 21.0 тэрбум төгрөгөөр дутуу, өмнөх оны гүйцэтгэлээс 151.7 тэрбум төгрөгөөр өссөн гүйцэтгэлтэй байна. Урсгал зардалд 234.4 тэрбум төгрөг хөрөнгийн зардалд 128.3 тэрбум төгрөгийг зарцуулсан гэдгийг дэд сайд Х.Булгантуяа танилцуулгадаа дурдлаа.

Үндэсний аудитын газраас тус Байнгын хороонд харьяалагдах байгууллагуудын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Зөрчилгүй” гэж дүгнэлт өгчээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг, Д.Лүндээжанцан, Н.Энхболд нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг “Зөрчил гаргаж, төсвийн хариуцлага алдсан алдаа дутагдлуудыг илрүүлсэн атлаа зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргах юм. Ийм логикгүй дүгнэлт гаргадгаа хэзээ болих вэ. Төсвийн сахилга бат алдсан албан тушаалтнуудад Үндэсний аудитын газар хариуцлага хүлээлгэж, зоригтой ажилламаар байна” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан “Үндэсний аудитын газрынхан зөрчил илрүүлээд акт тавьж, зөвлөмж хүргүүлж хуулийнхаа хүрээнд ажиллаж байгаа байх. Асуудлын гол нь Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулж, хууль, эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай байна” гэсэн саналыг хэлэв.

Харин Байнгын хорооны дарга Н.Энхболд “Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол Үндэсний аудитын газар шүдгүй арслан шиг болоод байна. Байнгын хорооны даргын хувьд Үндэсний аудитын газрын даргад төрийн аудитын газрын бодлогыг нэн түрүүнд боловсруулж, батлуулах шаардлагатай гэсэн чиглэл өгсөн. Эхлээд бодлогын баримт бичгээ боловсруулж, батлуулсны дараа  хууль, эрх зүйн шинэчлэлээ хийх шаардлагатай гэдгийг анхааруулав.

“Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80.0 хувь нь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг дэмжлээ

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.




Байнгын хорооны дарга Н.Энхболд  энэ талаарх танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хууль санаачлагчдаас урьдчилан санал авахад Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Байнгын хороодоос давхардсан тоогоор 78, Засгийн газраас 63, Монгол банкнаас дөрөв, нийт 145 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлсэн.

Тогтоолын төслийг боловсруулахдаа юуны өмнө хэлэлцэхийг нь хуулиар тусгайлан заасан төслүүд, мөн өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн төслүүд, түүнчлэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхэд зайлшгүй шаардлагатай төслүүдийг тогтоолын төсөлд нэр зааж тусгах зарчим баримталсан гэдгийг дурдлаа.  

Тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан санал хэлсний дараа УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр уг тогтоолын төсөлд тусгажээ. Үүнд:

1.Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;

2.Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;

3.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

4.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;

5.Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;

6.Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;

7.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

8.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

9.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

10.Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;

11.Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

12.Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;

13.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

14.Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15.Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

16.Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

17.Бусад.

 

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцлээ

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцсэн. Энэ талаар Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулав.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын 1993 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ. Тухайлбал уг журамд Хоёрын 9 дэх буюу “Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч нь шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа Төрийн тамгыг хадаг (нанжвандан) дээр залж шинэ Ерөнхийлөгчид хүндэтгэлтэйгээр түшиж адислан гардаж аваад ширээн дээрээ зална” гэсэн заалт нэмэхээр тусгажээ. Түүнчлэн “Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам”-ын Нэгийн 1 дэх заалт, Хоёрын 7 дахь заалтыг өөрчлөн найруулахаар тусгасан байна.

Мөн  “Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам”-ын Нэгийн 2 дахь заалтын “Их эзэн Чингис хааны хөшөөний өмнөх талбайн” гэснийг “Их танхимын тайзны” гэж, Нэгийн 4 дэх заалтын “Төрийн ордон цогцолборын өмнө тусгай зассан талбайд” гэснийг “Их танхимд” гэж, Хоёрын 11 дэх заалтын “16 дахь” гэснийг “9 дэх” гэж, Хоёрын 12 дахь заалтын “Их эзэн Чингис хаан хөшөөний өмнө” гэснийг “Их танхимын тайзнаа” гэж, Хоёрын 13 дахь заалтын “ширээндээ залармагц” гэснийг “төрийн тамгыг ширээн дээрээ залмагц” гэж, Хоёрын 18 дахь заалтын дугаарыг “16” гэж тус тус өөрчлөхөөр тусгажээ.  Уг тогтоолыг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байлаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг  УИХ-аар хэлэлцүүлж батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзэв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл