Цэс

Холбоо барих

Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ



    Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.06.30) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. 

    Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаарх Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Иймд  хуралдааныг Ажлын хэсгээс бэлтгэсэн  хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 71 саналын томьёоллын санал хураалтаар үргэлжлүүлэв. Тухайлбал, төслийн 4 дүгээр зүйлд ““паркийн хөгжлийн төлөвлөгөө” гэж нэгжийн техник, эдийн засгийн үндэслэл, техник, технологийн түвшин болон зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа,  кластрын зарчимд суурилсан хөгжлийн баримт бичгийг.” гэсэн 4.1.6 дахь заалт болон төслийн 7.1 дэх хэсэгт “паркт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд сурталчлах, борлуулахад дэмжлэг үзүүлэх, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх;” гэсэн 7.1.6 дахь заалт тус тус нэмэх Ажлын хэсгийн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

    Мөн Ажлы хэсгээс төслийн 8.1 дэх хэсэгт “дэвшилтэт техник, технологийн судалгаа хийх, бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ, эрэлт хэрэгцээний хэтийн төлөвийг тодорхойлох зорилгоор паркийн мэдээллийн сан үүсгэх, хөтлөх, холбогдох журмыг батлах;”, “паркийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлах, үнэлэх, дүгнэлт гаргах;”, “паркт шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх, бэлтгэх, давтан сургах чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран ажиллах;” гэсэн 8.1.2, 8.1.3, 8.1.4 дэх заалт нэмэх болон мөн 8.1 дэх хэсэгт “үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, зах зээлийг өргөтгөх, шинэ технологи нэвтрүүлэх, мэргэжлийн үйл ажиллагааны стандарт тогтоох, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, хөрөнгө оруулалт татах, сурталчлах чиглэлээр мэргэжлийн төрийн  бус байгууллагатай хамтран ажиллах;” гэсэн 8.1.8 дахь заалт нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

    Түүнчлэн Ажлын хэсгээс гаргасан дараах саналууд дэмжигдсэн тул төслийн 10 дугаар зүйлийг 9 дүгээр зүйлд шилжүүлж, 10.1 дэх хэсгийг 9.1 дэх хэсэг болгон өөрчилж, “паркийн дэд бүтцийг барьж байгуулах асуудлыг үнэт цаас гаргах, төр, хувийн хэвшлийн оролцоог дэмжих болон бусад хэлбэрээр шийдвэрлэх” гэсэн  9.1.3 дахь заалт нэмэх болон төслийн 11 дүгээр зүйлийг 10 дугаар зүйлд шилжүүлж, 11.1 дэх хэсгийг 10.1 дэх хэсэг болгон өөрчилж, “энэ хуулийн 5.2.3, 5.2.4-т заасан паркийн газрыг эзэмшүүлж, ашиглуулах асуудлыг Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх;”, “харьяалах нутаг дэвсгэртээ үйлдвэрлэл, технологийн парк байгуулахад дэмжлэг үзүүлэх;”, “харьяалах нутаг дэвсгэртээ үйлдвэрлэл, технологийн паркийн асуудлаар гарсан шийдвэр, хэрэгжүүлж байгаа төслийн талаар тухай бүр олон нийтэд мэдээлэх;” гэсэн агуулгатай 10.1.3, 10.1.4, 10.1.5 дахь заалт нэмэхээр болов.


Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  тухай хуулийг төслийг хууль санаачлагчид нь буцаах Ажлын хэсгийн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

    Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. 

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

    Дараа нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. 

    Хуулийн төслийн талаарх УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав.

    Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 17 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатараар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, М.Оюунчимэг, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах дэд ажлын хэсэгт холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажилласан гэдгийг онцлоод Хууль зүйн байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэнийг танилцуулгадаа дурдлаа. 



Мөн Ажлын хэсгээс хуулийн төсөлтэй холбогдуулан мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээг хугацаагүй олгох, мөнгөн зээлийн зуучлагчтай холбоотой зохицуулалт, барьцаалан зээлдүүлэх газрын байршил, төлбөрийн чадвараас хэтэрсэн зээл олгох зохицуулалтыг тус тус хасах, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь барьцааны зүйлийг авахдаа гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсийн талаарх Цагдаагийн байгууллагын цахим санд хандан шалгадаг байх, мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн төрлийн бизнес эрхлэгчдийн төлөөллийг оруулах, Зөвлөлийн гаргасан шийдвэрийг олон нийтэд ил тод, шуурхай мэдээлдэг байх зохицуулалтыг тусгах, түүнчлэн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тавих хяналтыг нарийвчлах зэрэг зарчмын зөрүүтэй 29 санал болон найруулгын 3 санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Ажлын хэсгээс Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 4 санал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 1 санал, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 1 санал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 1 санал, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 1 санал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 1 санал, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 1 санал, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 1 санал, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 1 санал тус тус боловсруулсныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Л.Мөнхбаатар гишүүн танилцуулгадаа дурдсан. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад хариулах холбогдох Ажлын хэсгийнхэн чуулганы нэгдсэн хуралдаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирээгүй тул төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа. 




Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

    Хуралдаан Засгийн газраас  2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүнээс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн. 

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав. 

    Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2022 оны 05 дугаар сарын 13, 20, 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ. Улсын Их Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаар захирамжаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүнээс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэгтгэн Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий хэсгийг байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Идэрбат, Ц.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, С.Одонтуяа, С.Чинзориг, Б.Энхбаяр, Т.Энхтүвшин нар ажилласныг онцолсон. 


    Түүнчлэн Ажлын хэсэг хуулийн төслүүдийг нэгтгэхдээ Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд суурилан нэгтгэн хэлэлцэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг тодотгоод хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын “D.Parliament.mn” цахим системээр дамжуулан олон нийтээс тухайн төсөлтэй холбогдуулан санал авахад нэр бүхий 4 иргэнээс 6 санал ирүүлснийг Ажлын хэсэгт танилцуулсан гэв.

  Мөн тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс боловсруулсан төрийн албанд 1 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ажиллуулж болох, зарим олон улсын байгууллага болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулиар байгуулагдсан нийтийн эрх зүйн этгээдэд ажилласан иргэний тухайн байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох зохицуулалтыг хасах, төрийн улс төрийн томилогддог албан тушаалтанд тавих ёс зүйн шаардлагын талаарх зохицуулалтыг Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд байгаа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд бусад шаардлагыг холбогдох хуулиар зохицуулж болох талаар, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан ангилалд хамаарах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд дүйцүүлэн тооцох зэрэг нийт 18 зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэхдээ тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэхээс бусад асуудлаар дүгнэлт, мэдэгдэл гаргахыг хориглох болон Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасан албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээдэд мэдэгдэл гаргахгүй байх талаар санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн  гэдгийг дурдлаа. 

   Хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Доржханд, Ц.Туваан, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Н.Энхболд, Н.Наранбаатар, Д.Ганбат, Д.Сарангэрэл, С.Чинзориг нар асуулт асууж, үг хэллээ.

    Гишүүдийн зүгээс төрийн алба цомхон, чадварлаг байх зарчмыг барихын зэрэгцээ төрийн албаны нэр хүндийг өргөхөд Төрийн албаны зөвлөл анхаарч ажиллах шаардлагатай гэсэн саналуудыг хэлсний зэрэгцээ төрийн албаны зарим ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан ч цалин хөлс, нийгмийн баталгаа, ажиллах нөхцөл зэрэг асуудлаас болоод хүмүүс ирэхгүй байгаа тул төрийн албаны цалин хөлс, ажиллах нөхцөлийг нэмэгдүүлэх асуудлыг хуулийн төсөлд тусгах боломжтой, эсэх, төрийн үйлчилгээний алба хаагчдыг төрийн захиргааны албанд томилон ажиллуулах асуудлыг хэрхэн  зохицуулсан талаар илүүтэй лавлаж байлаа.  



    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат хариултдаа, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж ирснийг тодотгоод хуулийн төсөлд төрийн албан хаагчийн цалин хөлстэй холбоотой асуудал тусгагдаагүй гэв. Гэхдээ Засгийн газрын хэмжээнд Ажлын хэсэг байгуулаад  төрийн албан тушаалтны ангиллын хооронд хол зөрүүтэй цалингийн шатлалуудыг ойртуулж нэг мөр цэгцлэхээр улсын хэмжээнд тооцоо, судалгаа хийн ажиллаж байна. Цалин хөлсийг нэмэхэд улсын төсвөөс нэлээдгүй хэмжээний эх үүсвэр шаардлагатай болдог тул төсвийн жилийн дундуур нэмэлт эх үүсвэр шаардсан асуудлыг оруулж ирэхгүй байх, оруулж ирсэн нөхцөлд төсвийн жилтэйгээ уялдуулах чиглэлийг барьж байна гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн. 

    Харин Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Төрийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгох, орон сууцны асуудлыг шийдвэрлэх, алба хаагчийн үр дүнд суурилсан цалин хөлс олгох зэрэг асуудлыг иж бүрнээр судалж байгаа бөгөөд үүнийг өөр хуулийн төслөөр оруулж ирнэ. Мөн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, эмнэлгийн удирдах ажилтан зэрэг нь тухайн орон нутгийнхаа захиргааны байгууллагад шилжих боломжгүй байдаг. Иймд хуулийн төсөлд "төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан төрийн захиргааны албан тушаал эрхлэхэд, адилтган дүйцүүлэн үзнэ" гэж  зохицуулсан бөгөөд ингэснээр тэдний шилжин ажиллах боломжийг олгож байгаа хэмээн хариулж байлаа. 

    Ингээд чуулганы хуралдааны ажлын цаг дууссан тул баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл