Цэс

Холбоо барих

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс хойших (2022.08.24) нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын долоон гишүүний 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 


Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд хуулийн төслүүдтэй холбоотой гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй учир төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй нэгтгэн явуулах горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. 


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуусан. Тэрбээр, Үндсэн хуулийн цэц дараа дараагийнхаа шийдвэрээр Үндсэн хуулийн зүйл, заалтыг хүчингүй болгох явдлыг цаашид  ямар хуулиар хаахаар зохицуулсан бэ хэмээн тодруулсан юм.


Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, энэ асуудлыг өнөөдөр олон гишүүн ярьж хөндсөн. Хуульчид, Үндсэн хууль тогтоогчдын холбоо ч байр сууриа илэрхийлж байгаа. УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулсан ажлын хэсгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хамт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8.2.1 дэх заалтад нэмэлт оруулан, Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэж байхаар тусгаж байгаа. Мөн  Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд ийм заалт оруулахаар тусгасан. Ингэснээр УИХ-ын эрхэнд халдах буруу жишиг тогтох нь гэсэн яриа, шүүмжлэлд эцэс тавих хууль эрх зүйн боломж бүрдэж байна гэсэн хариултыг өглөө.  

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй нэгтгэн явуулах горимын саналыг дэмжсэн бөгөөд УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Эцэст нь УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгосон тухай тус бүлгийн шийдвэрийг уншиж танилцуулснаар энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл