Цэс

Холбоо барих

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.10.13) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 10 минутад гишүүдийн 77.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийн санал хураалтыг явуулав.


Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулж, гишүүдийн асуулт, хариултыг явуулсан юм.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 56.9 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан.


Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан нийт 101 хуулийн төсөл, УИХ-ын  тогтоолын  зургаан төсөл өргөн мэдүүлснийг онцлон дурдлаа.

Нэгдүгээрт, уул уурхайн үйл ажиллагаанаас орон нутгийн иргэдийн хүртэх эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, хандив тусламжийг холбогдох орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх, энэхүү хандив, тусламжийн гэрээ ил тод байх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилго бүхий Төсвийн тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

Хоёрдугаарт, төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох төрийн албанаас өндөр насны тэтгэвэрт гарсан боловч төрийн албан хаагч гэдэг статустайгаар албан тушаалын үндсэн цалин болон хуульд заасан бүх нэмэгдэл, хөлсийг тэтгэврийн хамт авч байгааг зогсоож, төрийн албанд тавигдах нийтлэг шаардлагад төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрч, төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх гэснийг хангасан байх  шалгуурыг нэмж тусгахаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

Гуравдугаарт, олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж инфляц өндөр байгаа энэ цаг үед  өрхүүдийн амьжиргааны түвшнийг харгалзан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100.000 төгрөгөөр тооцож, нийт хүүхдийн 91 хувьд үргэлжлүүлэн олгохтой холбогдуулан Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

Дөрөвдүгээрт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үнэт цаасны зах зээл, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, бизнесийн орчныг дэмжих, зарим татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, шаталсан татварын тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусыг Гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн зориулалттай, үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн татвараас 100 хувь хөнгөлөх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;

Тавдугаарт, мэргэжлийн хяналт шалгалтын оновчтой, үр дүнтэй тогтолцоо бүрдүүлэх,  мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлж байгаа байгууллагууд болон улсын байцаагчдын чиг үүргийн давхардлыг арилгах,  салбарын бодлого төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүргүүдийн уялдаа холбоог хангах, хариуцлагыг тодорхой болгох, салбарын бодлого, шийдвэр, түүний хэрэгжилтийг боловсронгуй болгох зорилгоор Төрийн хяналт шалгалтын тухай хуульд болон холбогдох 82 хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан.

Түүнчлэн Засгийн газрын харьяа байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх, чиг үүргээ бүрэн, хуульд зааснаар хэрэгжүүлж байгаа эсэх, төрийн үйлчилгээнд хүнд суртал, дарамт учруулахгүй байгаа эсэх, ёс зүйн хэмжээг сахин мөрдөж байгаа эсэхэд шууд хяналт шалгалт хийж, алдаа дутагдал, хууль зөрчигдсөн байдлыг таслан зогсоож, хуулийн дагуу хариуцлага тооцон төрийн бүтээмжийг дээшлүүлж, иргэдийн эрх ашгийг хамгаалах шуурхай, илүү үр дүнтэй тогтолцоо бүрдүүлэх зорилготой Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан гэдгийг сайд мэдээлэлдээ дурдлаа.  


Мөн Засгийн газрын үнэт цаас, баталгаа гаргах эрх олгох, хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдыг хоолны үйлчилгээнд хамруулах тухай заалтад холбогдох өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслүүдийг тус тус боловсруулсан гэв.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин уншиж танилцуулав.


Байнгын хороо уг төслүүдийг 2022 оны аравдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Б.Жаргалмаа, Ж.Чинбүрэн, Ё.Баатарбилэг, Ц.Туваан, М.Оюунчимэг, Н.Энхболд, Б.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж, Ц.Сэргэлэн, Г.Ганболд, Д.Батлут, Д.Өнөрболор, С.Одонтуяа, Т.Доржханд, Н.Наранбаатар, Б.Баярсайхан, С.Ганбаатар, Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Г.Ганболд, Н.Наранбаатар нар бие даан орлогоо бүрдүүлдэг аймгуудын боломжийг хязгаарласан зохицуулалт орж ирснийг эргэн нягтлахыг Ажлын хэсгээс хүсээд мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгахтай холбоотойгоор хүнд суртал, давхардсан олон хяналт үүсэх эрсдэл байгааг сануулав.


Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж хариултдаа, Төрийн хяналт, шалгалтын хууль 2003 онд батлагдсанаар 13 улсын хяналтын алба тус тусдаа хэрэгжүүлдэг байсан хяналт, шалгалтыг нэгтгэх том өөрчлөлтийг хийсэн. Энэ хууль батлагдан гарахаас өмнө дээрх 13 улсын хяналтын алба тус тусын журмын хүрээнд хяналт, шалгалт хийдэг байсан. 2011 онд дээрх хуульд дахин өөрчлөлт оруулж, мэргэжлийн хяналтын байгууллагын 30 гаруй хяналт, шалгалтыг 20 гаруй болгож бууруулсан. Мөн 2015 оноос эхлээд мэргэжлийн хяналтын байгууллагын нэгдмэл тогтолцоо алдагдаж, хуульд заасан чиг үүрэгт тусгаагүй ажлуудыг давхар хариуцдаг болсон. Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн төсөл батлагдсанаар мэргэжлийн хяналтын байгууллага өөрчлөн зохион байгуулалтад ороод 13 яаманд чиг үүргийн дагуу шилжинэ. Ингэснээр бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжид ээлтэй, хүнд сурталгүй, ухаалаг, бодитой үйл ажиллагааг үзүүлэх шаардлагатай. Мэргэжлийн хяналтын байгууллагад 1600 албан хаагч ажиллаж байна. Албан хаагчдын тухайд чиг үүргийн дагуу салбар яам болон төрийн захиргааны байгууллага, орон нутаг дахь төрийн захиргааны байгууллагад шууд шилжиж ажиллана гэлээ.


Харин орон нутагт шинээр барилга байгууламж, хөрөнгө оруулалт хийхгүй байх арга хэмжээ нэг жил үргэлжилнэ гэдгийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, С.Одонтуяа нар хүүхэд хамгааллын төсөв танагдсан эсэх асуудлыг ажлын хэсгээс тодруулсан. Хүүхэд хамгааллын зардал 8 тэрбум төгрөг хэвээрээ байгааг Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж хариултдаа дурдлаа. 

Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн төрийн албан хаагчдын цалингийн шатлал хувиар нэмэгдэх боломжтой талаар тодруулав.

Төрийн албан хаагчдын цалингийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд гурван цогц арга хэмжээг авахаар төлөвлөсөн. Тухайлбал, төрийн захиргаа болон төрийн тусгай албан хаагчдын хувьд цалингийн шатлалыг байхгүй болгоно. Үүнд 21.4 мянган төрийн захиргааны албан хаагч, 39.3 мянган төрийн тусгай албан хаагч хамрагдах тооцооллыг гаргасан. Энэ арга хэмжээг өмнө нь эрүүл мэнд, боловсролын салбарт авч хэрэгжүүлсэн.

Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх жилээс 550.000 төгрөг болж байгаатай холбоотойгоор төрийн нийтлэг үйлчилгээг үзүүлж байгаа 47 мянган албан хаагчийн цалин хөлс нэмэгдэнэ гэдгийг Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж хэллээ.

Түүнчлэн албан хаагчдын төрд ажилласан жилийг үнэлж, жил бүр нэг хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ. Үүнд төрийн захиргааны 21.4 мянган албан хаагч, төрийн тусгайн 39.3 мянган албан хаагч, төрийн үйлчилгээний 107 мянган албан хаагч хамрагдана гэв.

Ирэх оноос орон нутгийн нэмэгдлийг төрийн захиргааны 11.4 мянган албан хаагчид олгохоор хууль, тогтоолын төслүүдэд тусгажээ. Дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалин хөлс дунджаар 16-39 хувь, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 10 орчим хувиар тус тус нэмэгдэнэ гэж Сангийн яамнаас тооцоолжээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Ц.Даваасүрэн, Ж.Батжаргал нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Гишүүдийн зүгээс ирэх оны төсвийн төслийг Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцүүлэх, хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгохдоо Ирээдүйн өв сангийн тухай хуулийн үзэл баримтлалыг баримтлах, орон нутгийг бие даан хөгжих боломжийг нээлттэй байлгах зэрэг асуудалд анхаарах шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийлсэн. Үүгээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл