Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.06.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт 56.3 хувийн ирцтэйгээр эхлэв.
Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай байлаа.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилохоор заасан байдаг бөгөөд Д.Ариунболдыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх Т.Энхтүвшин танилцууллаа. /Нэр дэвшигч Д.Ариунболдын талаарх мэдээллийг эндээс үзнэ үү/
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Д.Мөнхзоригийг нэр дэвшүүлсэн талаар Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр танилцуулав. /Нэр дэвшигч Д.Мөнхзоригийн талаарх мэдээллийг эндээс үзнэ үү. /
Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Ж.Болд, Д.Давааням нарыг нэр дэвшүүлсэн талаар Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулав. /Нэр дэвшигч Ж.Болд, Д.Давааням нарын талаарх мэдээллийг эндээс үзнэ үү/
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудал Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлт танилцуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр үргэлжлэх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдэв.
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин, СЕХ-ны гишүүдийн томилгоотой холбоотой асуудлаар АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байна. Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуулийг илүү нээлттэй, ил тод, ардчилсан зарчмаар явуулахын тулд СЕХ-нд томилогдож байгаа гишүүдийн ажиллах байдал их чухал. Тиймээс нэр дэвшсэн гишүүдтэй холбоотой асуудлыг бүлэг дахин ярилцах шаардлага байна хэмээлээ.
УИХ-ын дарга АН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өгч хэлэлцүүлгийг хойшлуулав.
Нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжлэв.
Хуулийн төслийн талаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа.
Сайд Ж.Энхбаяр, Монгол Улсын Засгийн газраас Бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, түүнийг дагаж Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Зөвшөөрөл тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, бусад холбогдох хуулийн төслийг боловсруулан өргөн бариад байна.
Эдгээр хуулийн төсөл нь бизнес, хөрөнгө оруулалт орчныг сайжруулах, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдйг үйл ажиллагаа явуулахад хүндрэл болж буй саад бэрхшээлийг арилгах, таатай тогвортой орчныг бүрдүүлэх, ажил олгогч, баялаг бүтээгчдээ дэмжихэд чиглэсэн хэмээн онцолсон.
Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон бусад холбогдох хуулийн төслүүдийн талаар
Монгол Улс хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлын хувьд хангалтгүй үзүүлэлттэй байна. Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексээр 2025 оны байдлаар 184 улсаас 74 дүгээр байранд эрэмбэлэгдэж байгаа ч эрх зүйн болон бодлогын орчинд сайжруулах олон асуудлууд байна. Үүнээс “Хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлын үзүүлэлт”-ээр 109 дүгээр байранд эрэмбэлэгдэж байгаа нь хөрөнгө оруулалтын орчин, гарч байгаа гомдол, маргааныг шийдвэрлэх тогтолцоог сайжруулах шаардлагатайг харуулж байна.
Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Хөрөнгө оруулалтын тухай хууль нь 2013 онд батлагдсан бөгөөд уг хуулиар хөрөнгө оруулалтын хэлбэр, татварын болон татварын бус дэмжлэг, татварын орчныг тогтворжуулах болон Засгийн газартай гэрээ байгуулах зэргийг зохицуулсан байдаг.
Хөрөнгө оруулагчид хууль, эрх зүйн орчны тогтвортой байдал, ил тод, урьдчилан таамаглах боломжтой нөхцөл, хөрөнгө оруулалтын баталгаанд үндэслэн шийдвэр гаргадаг. Иймд одоогийн хуулийн суурийг хадгалж, цаашид сайжруулан тогтвортой хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн сайд Ж.Энхбаяр танилцуулсан.
Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаас хойших 13 жилийн хугацаанд нийт 17 удаа нэмэлт, өөрчлөлт орсон боловч дийлэнх өөрчлөлт нь бусад хуулийг дагалдаж орсон өөрчлөлтүүд бөгөөд хуулиар зохицуулж буй зарим харилцааг тодруулах, хууль хоорондын уялдааг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангах хэрэгцээ, шаардлага байсаар байна гэж төсөл санаачлагч үзжээ.
Мөн хөрөнгө оруулагчийн гомдлыг үр дүнтэй шийдвэрлэх тогтолцоо бүрдээгүйгээс өнгөрсөн хугацаанд нийт 7 хөрөнгө оруулалтын маргаан олон улсын арбитрт очсон байна. Эдийн засаг, хөгжлийн яаманд 2022 оноос хойш нийт 145 гомдол ирсэн бөгөөд хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар арга хэмжээг авч, гомдлыг шийдвэрлүүлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгч Засгийн газрын 3 удаагийн тогтоол гаргаж ажиллаж буй аж.
Дэлхийн банкнаас 2023 онд гаргасан Дэлхийн хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварын тайланд дурдсанаар Монгол Улс нь хууль бусаар хөрөнгө хураан авах, валютыг хөрвүүлэх, шилжүүлэхэд хязгаар тавих асуудлаар эрсдэлтэй орны тоонд багтсан байна. Олон улсын судалгаагаар гэрээгээ зөрчсөн тохиолдолд 3 хөрөнгө оруулагч тутмын 1 нь хөрөнгө оруулалтаа эргүүлэн татах шийдвэр гаргадаг бол, хөрөнгийг хураах тохиолдолд 50 хувь нь хөрөнгө оруулалтаа цуцалдаг байна гэж сайд танилцуулаад нийт гомдлыг үндсэн 5 төрөлд ангилж үзсэнийг дурдав.
Нэгдүгээрт, “Төрийн байгууллагын үйл ажиллагаа, орон нутгийн иргэд, ТББ-тай холбоотой” 81 гомдол, хоёрдугаарт, “Иргэний эрх зүйн гэрээний харилцаанд үүссэн маргаан” бүхий 22 гомдол, гуравдугаарт, “Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой” 17 гомдол, дөрөвдүгээрт, “Татварын маргаантай холбоотой” 13, тавдугаарт, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой” 12 гомдол гарчээ.
Монгол Улсад нийт 41 хуулийн хүрээнд 49 зүйл, заалт буюу зохицуулалтаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийхийг шууд болон шууд бусаар хориглож, хязгаарласан байна.
Тухайлбал, банк, санхүү, соёл урлаг, үйлдвэрлэл, харилцаа, холбоо, мэргэжлийн үйлчилгээ, ойн аж ахуй зэрэг салбаруудын тодорхой чиглэлээрх гадаадын хөрөнгө оруулалтыг хориглож, хязгаарласан байгаа бол хөдөө, аж ахуй, эрчим хүч, барилга, боловсрол, аялал жуулчлал, эрүүл мэнд, төмөр зам, уул уурхайн салбаруудын зарим үйл ажиллагааг бодлогын түвшинд шууд бусаар хязгаарласан байна.
Ингэж хөрөнгө оруулалтыг гадаад, дотоодоор нь ялгах нь зах зээлийн зарчмаар өрсөлдөх боломжийг хязгаарладаг.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал 2025 онд 3.8 тэрбум ам.доллар байж өмнөх оноосоо 8 хувиар буурчээ. Нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 40 гаруй хувийг зөвхөн Оюутолгой төсөл эзэлж байна. Хэдийгээр сүүлийн 3 жилд орох урсгал харьцангуй тогтвортой байгаа ч хөрөнгө оруулагч нартаа буцаан төлөх, валютын гарах урсгалууд хийгдэж эхлээд байна. Тухайлбал, 2025 онд 1.2 тэрбум ам.долларын эргэн төлөлтийн гарах урсгал хийгдсэн байна.
Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хууль, тогтоол, шийдвэрүүдийн нөлөөгөөр хөрөнгө оруулалт буурсан.
Мөн гадаадын хөрөнгө оруулалтад улс төр, бодлогын тогтворгүй байдал, өмчийн эрхийн сул баталгаа, авлига, хүнд суртал, шүүхийн удаашрал, давхардсан хяналт, зарим иргэний нийгмийн байгууллагуудын эсэргүүцэл, ажиллах хүчний төлбөр, квот зэрэг олон хүчин зүйлс сөргөөр нөлөөлж байна.
Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монгол Улсын татвар, нийгмийн даатгалын орлогод чухал хувь нэмэр үзүүлдэг. Монгол Улсад бүртгэлтэй нийт 213 мянган аж ахуйн нэгжийн 4.8 хувь нь буюу 10.2 мянга нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байна.
Эдгээрээс 4 мянга нь тогтмол үйл ажиллагаа явуулж, аж ахуйн нэгжийн орлогын татварын 24 хувийг бүрдүүлж байна.
Түүнчлэн нийт цалингийн сангийн 15 хувийг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн дүнгийн 18 хувийг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд бүрдүүлж байна.
Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар
Ийм төрлийн хууль нь эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал нь адил төстэй орнуудад бизнесийн эрх чөлөөг хамгаалж, хэт их хяналт, баримт бичгийн шаардлагыг багасгаж, төр, бизнес эрхлэгчийн хамтын ажиллагааг хуульчилсан байдаг. Тухайлбал, Казахстан, Гүрж, Вьетнам, Киргиз болон Эстони улсад бизнес, эдийн засгийн эрх чөлөөг хангах бие даасан хууль, эрх зүйн зохицуулалттай байна.
Уг хуулийн төслийг нь 2 хуудас бүхий бизнесийн эрх чөлөөний тунхагийг баталгаажуулсан малгай хууль байдлаар боловсрууллаа хэмээн танилцуулав.
Ингэхдээ:
1-т Бизнесийн эрх чөлөөг хангах зарчмыг баталгаажуулах.
2-т Төрийн оролцоог багасгаж, бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулах.
3-т Төрийн байгууллагуудын үйл ажиллагаандаа хориглох зүйлсийг жагсааж, бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрхийг хамгаална гэж үзжээ.
Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль болон бусад 97 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэсэн байна.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 гол өөрчлөлт
Үүнд:
1. Хөрөнгө оруулагчийн гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлж, маргааныг олон улсын арбитраар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулна.
2. Хөрөнгийн зах зээлд шинэ хөрөнгө оруулалт татах татварын таатай орчин бүрдүүлнэ.
3. Төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгож, хяналт шалгалтын давхардлыг бууруулна.
4. Тогтворжуулах гэрчилгээний шалгуурыг хялбаршуулж, хугацааг нэмэгдүүлнэ.
5. Гадаадын хөрөнгө оруулалтын зарим хязгаарлалтыг арилгана.
6. Хөрөнгө оруулалтын баталгаа, суурь зарчмыг олон улсын жишгийн дагуу хуулинд тусгана хэмээн Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулсан юм.
Хөрөнгө оруулалтын тухай хуульд хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх гэж заасан хэдий ч хэрэгжүүлэх механизм тодорхойгүйгээс хөрөнгө оруулагчийн гомдол нь шүүх, арбитрын маргаан үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Иймд хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулалтыг тогтоон үлдээхэд чиглэсэн үр дүнтэй хамгаалах тогтолцоог бий болгож, хөрөнгө оруулагчдын гомдлыг хүлээн авах, түүнийг шийдвэрлэх процессыг тодорхой болгож, “Хөрөнгө оруулагчийн гомдол, маргааныг шийдвэрлэх” гэсэн шинэ бүлгийг нэмсэн гэлээ.
Төрийн байгууллагад хандсан гомдлыг барагдуулах тогтолцоог ойлгомжтой болгож одоогийн Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн эрх хэмжээ, чиг үүрэгт тусгаж, нэмэгдүүлсэн аж.
Мөн талуудад маргааныг шүүхийн бус журмаар хурдан шуурхай, мэргэжлийн түвшинд шийдвэрлэх боломжийг хуулиар баталгаажуулж, түүнчлэн хөндлөнгийн олон улсын арбитраар шийдвэрлүүлэх боломжийг нээсэн байна.
Хөрөнгө оруулалтын салбар дахь татварын ялгамжтай, ойлгомжгүй байдлыг чөлөөлөх зохицуулалтыг тусгажээ.
Арилжааны банк нь гадаадаас татсан санхүүгийн эх үүсвэрээр олсон зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод төлөх суутган татвар 5 хувь, бусад санхүүгийн салбарын оролцогчдын хувьд 20 хувь ногдуулж байсныг даатгал, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани, үнэт цаасны зах зээлийн андеррайтер зэрэг санхүүгийн байгууллагуудыг адил 5 хувь болгож өөрчилжээ. Энэ нь дээрх салбарын санхүүжилтийн өртгийг бууруулж, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн үзэж буй аж.
Мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд Дата төв, хиймэл оюун ухааны төвийн тоног төхөөрөмжийн гаалийн татварыг 100 хувь хөнгөлж, өндөр технологийн хөрөнгө оруулалтыг дэмжихээр тусгажээ.
Одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуульд төрийн байгууллагуудын эрх, үүрэг, хариуцлага тусгагдаагүй байгаа нь мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалт, чиг үүргийн уялдааг сулруулж байгаа учир Засгийн газар, агентлаг, орон нутаг, дипломат төлөөлөгчийн газрын эрх үүрэгт хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалт татах, хамтран боломжийг тусгасан байна.
Үүнээс гадна аж ахуйн нэгжүүдэд хийх төрийн байгууллагуудын хяналт шалгалтыг бууруулж, хүнд суртал, авлигыг бууруулах зорилгоор ижил төрлийн хяналт, шалгалтыг давхардалгүй хийх, төрийн төлөвлөгөөт хяналт шалгалтын тоо жилд 2-оос ихгүй байх заалтыг хуулийн төсөлд тусгажээ.
Тогтворжуулах гэрчилгээний шалгуурыг хялбаршуулж, хугацааг нэмэгдүүлж, ойлгомжтой болгосон байна. Тодруулбал, хуулийн төсөлд тогтворжуулах гэрчилгээ олгох хугацааг 10-20 жил хүртэл болгон нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдад илүү ойлгомжтой байдлаар өөрчлөн найруулсан байна.
Гадаадын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хориглосон, хязгаарласан зарим зохицуулалтуудыг чөлөөлж, гадаадын хөрөнгө оруулалттай, оролцоотой этгээдэд хориглолт, хязгаарлалт тогтоосон байгаа 12 салбарын хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.
Мөн Хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, үйлчилгээ зэрэг ажиллах хүчний дутагдалтай салбарт ажиллах гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхийг холбогдох хуулийн төсөлд тусгасан байна.
Хөрөнгө оруулагчид шударга, тэгш хандах, хөрөнгө оруулагчийг үл ялгаварлан гадуурхах, хөрөнгө оруулалтын орчныг ил тод, тогтвортой, урьдчилан таамаглахуйц байдлыг хангах, тогтвортой, хариуцлагатай хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг хөрөнгө оруулалтын эрх зүйн суурь зарчмыг хуульд тусгажээ.
Мөн хөрөнгө оруулагчдад ээлтэй орчныг бүрдүүлж, хөрөнгө орлогыг зөвхөн нийтийн ашиг сонирхлын үүднээс, үл ялгаварлах зарчмаар, хуульд заасан журмаар нөхөн олговортойгоор дайчлан авахтай холбоотой асуудлыг зохицуулж хөрөнгийн баталгааг хуулиар хангана. Тухайлбал, аймаг, нийслэлийн ИТХ-ийн чиг үүрэгт Хөрөнгө оруулалтын хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, хөрөнгө оруулагчдад хуульд заасан дэмжлэг үзүүлж ажиллах талаар дагалдах хуулийн төсөлд тусгаад байна гэлээ.
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бизнесийн үйл ажиллагаа дахь төрийн дарамтыг арилгана гэж төсөл санаачлагч үзжээ.
Манай улсад бизнес шинээр эрхлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг бүхий л үе шатанд зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаанд шаардагддаг, төрийн байгууллагаас олгодог баримт бичгүүдийг Төрийн бүтээмжийн хорооноос судалж үзэхэд Монгол Улсын хуулиудад бүртгэл 264, дүгнэлт 232, гэрчилгээ 132, магадлан итгэмжлэл 30, сертификат 9 зэрэг үр дүн гарч ирсэн аж. Цаашид зөвшөөрөл шинээр бий болгоход зохицуулалтын үр нөлөөний үнэлгээ хийдэг болох аж.
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бизнесийн үйл ажиллагаа дахь төрийн дарамтыг дараах байдлаар арилгана гэж төлөвлөжээ.
1. Нэг удаагийн шинжтэй, эрсдэлийн түвшин багатай аж ахуйн үйл ажиллагааг мэдэгдлээр эрхэлнэ.
2. Зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааг зорилго, нөхцөл, онцлог, эрсдэлээс хамааруулан ангилсан.
3. Нийт 251 тусгай зөвшөөрлөөс 233-г нь цахим хэлбэрээр авах боломжтой болгосон, үүнтэй холбоотой ажлууд Засгийн газар дээр хийгдээд явж байна.
4. Явцын хяналт, шалгалтаар үйл ажиллагаа нь хэвийн тохиолдолд зөвшөөрлийн хугацааг шууд сунгадаг болно.
5. Зөвшөөрлийн хугацааг уртасгасан.
6. Төрөөс олгож байгаа 120 зөвшөөрлийг мэргэжлийн нэгдсэн холбоонд шилжүүлэх боломжтой болно.
Гэрээ, бүртгэл, гэрчилгээ, лавлагаа зэргээр зүс нэрийг нь өөрчилсөн зөвшөөрөл хөөцөлдөхгүй. “E-business” системд хаана, юу хийхээ мэдэгдээд хүлээлгүй шууд эхэлнэ.
Мэдэгдээд шууд эхэлсэн иргэндээ төр очиж үйлчилнэ. Төр 30 хоногийн дотор хаяг байршилд нь очиж үйлчлэн, галын дүгнэлт гаргаж, хогны гэрээ хийнэ.
Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль батлагдсанаар Монгол Улсын хөгжлийн бодлогод туссан зорилтууд хангагдаж, хөрөнгө оруулалт нэмэгдэх, Монгол Улсын гадаад валютын нөөц өсөж улмаар бизнес эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулна гэж үзэж байна гэлээ.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл танилцуулав.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Л.Соронзонболд Зөвшөөрлийн зөвлөлөөр батлагдаагүй, орхигдсон, давхардсан болон яамдын сонирхлын зөрчилтэй зөвшөөрлүүдийг хэрхэн цэгцэлж байгаа, гадаад зах зээлээс эх үүсвэр татсан банкнаас бусад хувийн компаниудын хүүгийн орлогын татвар энэ өөрчлөлтөд хамрагдаж буурах эсэх талаар тодруулсан бол УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4.2-т заасан “үндэслэлгүй мэдээлэл”-ийг хэн, ямар шалгуурын дагуу тогтоох, энэ нь үг хэлэх болон хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах эрсдэл үүсгэх эсэх талаар асууж хариулт авчээ. УИХ-ын гишүүн О.Номинчимэг хуулийн төсөл дэх бизнес эрхлэгчийн нэр хүндэд халдсан “үндэслэлгүй мэдээлэл”-ийг тооцох шалгуур, шийдвэрлэх субъект, хариуцлагын тогтолцоог хэрхэн тодорхойлсон, мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлтөөр олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн зарчмуудыг дотоодын хуульд шууд тусгаснаар гадаад, дотоод хөрөнгө оруулагчдын тэнцвэр, үндэсний үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогод ямар нөлөө үзүүлэхээр тооцсоныг лавлажээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан Бизнесийн эрх чөлөөний тухай хууль болон дагалдах багц хуулиудыг яаралтай горимоор, нүсэр байдлаар нэгтгэн өргөн барьсан нь бодлогын уялдаа, зохицуулалтын чанарт сөргөөр нөлөөлөх эсэх, зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх нэрийн дор нэршил, бүтэцтэй холбоотой механик өөрчлөлтүүд хийх бодит шаардлага байсан эсэхийг тодруулж, УИХ-ын гишүүн П.Сайнзориг хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан дагалдах хуулийн төслүүд нь арбитрын нууцлал, нийтийн мэдээлэл, улсын бүртгэлийн суурь зарчим зэрэг салбарын үндсэн концепцыг алдагдуулж болзошгүй байгаа бөгөөд эдгээр өөрчлөлтүүдийг ямар судалгаа, бодлогын баримт бичиг, олон улсын жишиг, үзэл баримтлалд үндэслэн боловсруулсан талаар асуулт асууж, хариулт авсан хэмээн танилцуулгад дурдсан. УИХ-ын гишүүн М.Мандхай зөвшөөрлийн тогтолцоог сулруулснаар бизнес эрхлэгчдэд төвлөрөх эрсдэл, үүсэж болзошгүй санхүүгийн хохирлыг даатгалын тогтолцоогоор хамгаалах механизмыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар, УИХ-ын гишүүн Р.Сэддорж Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль болон худалдан авах ажиллагааны одоогийн зохицуулалтаас шалтгаалан дотоодын тээврийн аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орж, металлургийн үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолд орж байгааг хэрхэн шийдвэрлэх, энэ чиглэлд хуульд өөрчлөлт оруулах боломжийн талаар асууж, хариулт авсан гэлээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч дууссаны дараа УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Мөнхсоёл, О.Номинчимэг, П.Сайнзориг, М.Мандхай нар санал хэлсэн бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав.
Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Бизнесийн эрх чөлөөг хангахтай холбоотой асуудлаар судалгаа хийгдсэн эсэх, татварын шалгалтыг аж ахуйн нэгжүүдэд хууль бусаар хийсэн, татвараас зайлсхийсэн шалтгаанаар шалгасан гэх мэт тоон статистик байгаа юу хэмээн лавласан.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Эдийн засаг, хөгжлийн яаманд хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээж авах төвийг байгуулж 6 сар гаруй ажилласан. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй салбар салбараар, улс бүрээр нь уулзаж ярилцлага хийж, хуулийн төслөө танилцуулж, мөн гомдлыг хүлээж авсан. Эдийн засаг, хөгжлийн яаманд 145 гомдол хөрөнгө оруулагчдаас ирсэн. Төрийн байгууллагын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой 81, иргэний эрх зүйн гэрээний харилцаатай холбоотой 22, мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой 17, татварын маргаантай холбоотой 13, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 12 гомдол ирсэн байна. Ирсэн гомдлууд, эрх зүйн орчинтой холбоотой асуудлыг судлах ажлын хэсэг 6 сар ажиллаж дүгнэлт хийн, олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Ер нь бизнесийнхээ эрх чөлөөг баталгаажуулах, суурь хуультай болох, хуулиар хориглоогүй бол бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх эрхийг баталгаажуулж өгөх, төрийн оролцоог эрс багасгах, бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа бүхий л шатны төрийн байгууллага, орон нутгаас үзүүлж байгаа дарамтыг бууруулах ёстой юм байна гэж үзсэн. Төр бизнестэй өрсөлдөхгүй байх ёстой юм байна. Ялангуяа бизнесийн нэр хүнд өмчийн эрх, өмчийн халдашгүй байдлыг хангахгүй бол хөрөнгө оруулалтын орчин бизнес орчин их муудсан байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Ийм учир Хөрөнгө оруулалтын хууль болон Зөвшөөрлийн хуультай холбоотой 97 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн гэсэн хариулт өгсөн.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Эдийн засгийн эрх чөлөөний шалгуурыг бизнес эрхлэх боломж, шударгаар хөдөлмөр эрхлэх боломжоор дүгнэдэг. Аж ахуйн нэгжүүдэд тулгардаг асуудал зөвшөөрөл, авлига, нэмэлт бичиг баримт шаарддаг явдал. Дээр нь төрийн өмчийн оролцоо. Нийт эдийн засагт төр өөрөө дүрэм журам тогтооно. Тийм атлаа бизнест оролцоод явчихна. Дараагийн нэг хамгийн том шалтгаан бол татварын дарамт байгаа. Бизнесийн эрх чөлөөний эдгээр алдаа завхралыг хэрхэн засахаар төлөвлөж буйг тодруулав.
Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газар “Чөлөөлье” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд бид 146 төрлийн үйл ажиллагааг ямар нэгэн эрх олголт, магадлан итгэмжлэл лиценз сертификат бүртгэлгүйгээр эрхлэх болгож 100 хувь чөлөөлсөн. License.mn буюу зөвшөөрлийн цахим системийг үр дүнтэй ажиллуулж, 146 төрлийн үйл ажиллагааг нийслэл, дүүрэг рүү хүсэлт илгээн мэдэгдээд хариу хүлээлгүйгээр эхлэх боломжтой болголоо. Өнгөрсөн хугацаанд энэ цахим системд мэдэгдээд зөвшөөрөл, эрх олголт, гэрчилгээ зэргийг нэхүүлэхгүйгээр үйл ажиллагаа эхэлсэн аж ахуйн нэгжүүдийн тоо 100 даваад байна. Үүнийг иргэд, аж ахуйн нэгжүүд таатай хүлээж авч байна. Зөвшөөрлийн хуульд заасан 371-ээс бусад төрлийн бүх үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэхийг зөвшөөрнө. Нэмээд цахим шилжилтийн хоёр дахь үеийг эхлүүлж байна. Эхлүүлсэн ажлаа бүрэн дуусгах эрх зүйн баримт бичиг нь Бизнесийн эрх чөлөөний тухай хууль болох юм. Хүнд суртал бодитойгоор буурна. Тусгай зөвшөөрлөө сунгуулахын тулд бичиг баримт шаардахгүй болж, эрсдэлийн үнэлгээнд нь үндэслээд автоматаар сунгана гэж хариуллаа.
УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асууж, хариулт авсанаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English