Цэс

Холбоо барих

ҮББХ:Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.10.25/ хуралдаан 10 цаг 23 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.


Олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн хямралт нөхцөл байдал 2024 он хүртэл үргэлжилнэ хэмээн төсөөлж байгаа энэ цаг үед Монгол Улсын Засгийн газраас төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлого болон төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байгааг салбарын сайд танилцуулгадаа дурдсан.

Мөн тэрбээр, Оюутолгойн далд уурхайн олборлолтыг ирэх оноос эхлэхээр тооцсон ба “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан газрын тос боловсруулах үйлдвэр, авто болон төмөр зам, боомт, эрчим хүчний томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Түүхий эд, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг нэг шатаар ахиулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлогыг уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж эхэлнэ. Энэ хүрээнд уул уурхайн салбарт газрын тос, зэсийн баяжмал боловсруулах, гангийн үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэрүүд зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, түүхий эд, бүтээгдэхүүний боловсруулалтыг сайжруулах зорилгоор хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлөхөөр төлөвлөөд байна гэв.

“Шинэ сэргэлт”-ийн бодлогыг дэмжих дээрх төсвийн бодлого хэрэгжсэний үр дүнд эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд барьж, Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт орлого 19.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 20.5 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 1.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьтай байхаар тооцсон гэж байлаа.

Дараа нь Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.


Тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын 2023 оны урсгал зардлын төсвийн дүн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 16,151.41 сая төгрөг, Эдийн засаг, хөгжлийн сайд 15,202.72 сая төгрөг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 418,364.21 сая төгрөг байгааг Монгол Улсын Ерөнхий аудитор онцлоод Үндэсний аудитын газар нь аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн гаргасан дүгнэлтээс тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэсгийг танилцуулж байна гэв.

Монгол Улсын 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 18,921.9 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний ) 34.7 хувь, нийт зарлага 20,475.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 1,553.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий-2.8 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байна гэлээ.


Төсвийн ерөнхийлөн захирагч нар тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хангахад чиглэсэн салбарын бодлогын тэргүүлэх чиглэлийг санхүүжүүлэх хэрэгцээг үнэлж, төсвийн төлөвлөлтийг дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдуулахгүй байгааг тодотгохын зэрэгцээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх оноос шилжин хэрэгжиж буй төсөл, арга хэмжээг дуусгах чиглэлийг баримталсан нь хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих эхлэлийг тавьсан арга хэмжээ болсон байна. Гэвч улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж эхлээд дуусаагүй орхигдсон, үнийн өсөлт тооцуулж 2023 оны төсвийн төсөлд тусгаагүй, 2022 онд хэрэгжиж дуусах хугацаатай ч ажлын гүйцэтгэл нь бүрэн хангагдаагүй арга хэмжээ дараа жилүүдэд үргэлжлэхээр байна гэлээ.

Төсвийн төсөлд тусгасан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг Төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2018 оны 295 дугаар тушаалаар баталсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг үнэлэх, сонгох, эрэмбэлэх үйл ажиллагааны журам болон аргачлалууд”-ын дагуу 16 шалгуур үзүүлэлтээр цахим системд төлөвлөн, эдийн засгийн болон нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлж төлөвлөсөн байгааг танилцуулгадаа дурдсан.


Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Г.Дамдинням, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл нар асуулт асууж, үг хэлсэн.

Гишүүдийн зүгээс ирэх Монгол Улсын Засгийн газраас 2023 онд төсвийн хэмнэлтийн  бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн атлаа Барилга, хот  байгуулалтын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээвэр хөгжлийн яамны урсгал зардлууд нэмэгдсэн шалтгааныг тодруулав. Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сүү, махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр өндөр ашиг шимтэй мал оруулж ирэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн асуудалд бодлогын шийдэл гарах эсэхийг лавлав.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, “Салбарын сайдын багц өссөн дүнтэй байгаагийн гол шалтгаан нь Хөшигийн хөндий буюу “Шинэ зуун мод” хотын бүтээн байгуулалтын ажилд 171.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг туссантай холбоотой. Үүнээс 2023 онд  66.9 тэрбум төгрөг, үлдэгдэл нь 2024 онд санхүүжихээр төлөвлөсөн” хэмээн хариулж байлаа.  

Сангийн сайд Б.Жавхлан, “Барилга, хот байгуулалт болон Зам, тээврийн хөгжлийн яамдын хувьд урсгал зардал нэмэгдээгүй, хөрөнгө оруулалтын зардлууд нэмэгдсэн. Тухайлбал, Засгийн газрын тогтоолоор Зам, тээврийн хөгжлийн яамны хөрөнгө оруулалтын зардалд Ульхан, Хавиргын боомт хүртэлх хоёр том автозамын бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн” гэдгийг хариултдаа тодотгов. Мөн УИХ-аас баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 228 тэрбум төгрөгөөр урсгал зардлыг нэмэгдүүлсэн. Тухайлбал, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 41 тэрбум, газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд 40 тэрбум, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 67 тэрбум, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд 17 тэрбум төгрөг гээд нийтдээ 228 тэрбум төгрөгөөр урсгал зардал нэмэгдсэн гэж байв.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу ашигт малтмалын орд, түүний үр өгөөжийн дийлэнхийг ард иргэддээ ногдуулах үүднээс төр АМНАТ-ийг ахиухан авах үүрэгтэйг тодотгоод ойрын жилдээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт өөрчлөлт оруулахгүй, тогтвортой байна гэдгийг Сангийн сайд хариултдаа онцолсон.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах” үндэсний хөтөлбөртэй холбоотой мал аж ахуйн салбарт 21.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Урсгал зардалд 4 тэрбум, хүүгийн хөнгөлөлт, татаасанд 17.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Энэ хүрээнд мах, сүүний чиглэлээр эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, зээлийн хүүгийн дэмжлэг олгогдоод явна. Урсгал зардлын 4 тэрбум төгрөгт үржлийн хээлтүүлэгч болон цөм сүргийн малыг ялган тэмдэглэх, бэлчээр усны ашиглалт, хамгаалалтын ажлууд багтсан” гэсэн нэмэлт тайлбарыг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.


Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягаас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дараа ашиглахаар овоолсон зэсийн хүдрийг хаягдал мэтээр тайлбарлаж хууль журамгүй, сонгон шалгаруулалтгүй, албан тушаалтны үзэмжээр олгодог явдал хавтгайрах болсон учир эрх зүйн зохицуулалт хийх нэн шаардлагатай байна. Тиймээс хүдрийн овоолго ашиглан катодын цэвэр зэс үйлдвэрлэх хуулийн этгээдийг УИХ-ын тогтоолоор хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр байгуулах нь зүйтэй гэж үзэн Улсын Их Хурлын гишүүний хувиар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэв.


Хаалттай хувьцаат компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, хүдрийн овоолгыг боловсруулах үйлдвэр байгуулах хөрөнгө оруулагч, Орхон аймгийн шалгуур хангасан иргэдийн хамтын сан гэсэн хувьцаа эзэмшигчидтэй байх бөгөөд компанийн сайн засаглалын зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөн ажиллах шаардлагатай гэж үзсэн учраас хаалттай хувьцаат компанийн хэлбэрийг сонгосон гэдгийг Н.Алтанхуяг гишүүн танилцуулгадаа тодотгоод үйлдвэр барьж байгуулахад шаардагдах санхүүжилтийг бүрэн шийдвэрлэх хөрөнгө оруулагч компанийн хувьцааны 33 хүртэл хувийг тодорхой хугацаагаар эзэмших бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноос хойш 7-оос илүүгүй жилийн дотор өөрийн эзэмшиж буй хувьцааг компанид шилжүүлэн өгнө гэж байлаа.

Хөрөнгө оруулагчийн компанид эргүүлэн өгсөн 33 хувийн хувьцааг давуу эрхийн хувьцаагаар сольж Орхон аймгийн орон нутгийн өмчид шилжүүлэх, иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, мөн ноогдол ашгийг тогтоолд заасан зарчимд нийцүүлэн иргэдэд өгөөжтэй хэлбэрээр олгох, иргэдийн хамтын саналыг компанийн удирдлагын шийдвэрт тусгах боломжийг хангах зорилгоор иргэн бүр хувьцаа эзэмшигч байх биш харин хамтарсан сангийн хэлбэртэй Төрийн бус байгууллагаар дамжуулан хувьцаа эзэмшүүлэх нь зүйтэй гэж төсөл санаачлагч үзжээ.

Мөн Орхон аймгийн иргэдэд хувьцаа эзэмшүүлэхдээ  тус аймагт сүүлийн 5 жил тасралтгүй оршин суусан, уг аймагт төрөөд 5 нас хүрсэн иргэдэд хувьцаа эзэмшүүлэх зарчим барьсан гэдгийг тодотгоод иргэдэд ноогдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр хуваарилахгүй байх зарчмыг баримталсан гэв.


Энэ үеэр Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны 38.1-т “Холбогдох Байнгын хороо хэлэлцүүлгийн явцад хууль, тогтоолын төслийн талаар эрх зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн бол тухайн Байнгын хорооны дарга эрх зүйн дүгнэлт хийлгэх төсөл, төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт, гишүүний гаргасан саналын томьёоллын талаар албан бичгээр Тамгын газарт хүргүүлнэ” гэж заасан байдгийг тодотголоо.

Ингээд тогтоолын төслийн талаарх хууль зүйн дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Г.Агар-Эрдэнэ танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Хууль зүйн дүгнэлт гаргахдаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.23 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйл, Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан “Хууль зүйн дүгнэлт гаргах журам”-д заасныг баримтласныг тодотгоод ийнхүү дүгнэлт гаргахад ““Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуультай нийцэж байгаа эсэх, хэрэгжих боломжийн талаар дүн шинжилгээ хийлгэх тухай Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос өгсөн чиглэлийг үндэслэл болгосныг онцоллоо.


Мөн тэрбээр хууль зүйн дүгнэлтэд:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн бусад өмчийн этгээдтэй хамтран хуулийн этгээд байгуулах, хөрөнгө оруулах саналаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ирүүлсэн бол Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд уг саналыг хэлэлцэн шийдвэрлэхээр байна.

2.“Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь хуульд заасан компанийн удирдлагын эрх хэмжээнд халдсан агуулгатай байгаа нь Үндсэн хуулийн өмчлөх эрхтэй холбоотой заалтуудад нийцэхгүй байна. 

3.Төсөлд Орхон аймгийн иргэдэд хамтарсан сангаар дамжуулан хувьцаа эзэмшүүлэхээр тусгасан нь байгалийн баялгийн үр өгөөжийг хуваарилахтай холбоотой Үндсэн хуулийн холбогдох заалтыг хөндөж байх бөгөөд Төсвийн тухай болон бусад хуульд нийцэхгүй байна.

4.Үндсэн хууль, Компанийн тухай, Төсвийн тухай зэрэг хуулиудад тухайн харилцааг хуулиар зохицуулахаар заасан атал тогтоолоор зохицуулахаар төсөлд тусгасан нь хууль зүйн хүчин чадал, хэлбэрийн хувьд шаардлага хангахгүй байна гэснийг онцлон тэмдэглэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, А.Адъяасүрэн, С.Ганбаатар, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэлж байр сууриа илэрхийлсэн.


Ингээд “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл