Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр (2026.05.20)-ийн хуралдаан 10.27 цагт эхэлж, Байнгын хорооны дарга О.Номинчимэг, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Х.Жангабыл, Б.Пунсалмаа, М.Сарнай, Х.Баттулга, Ц.Мөнхтуяа, Д.Рэгдэл, Ч.Ундрам, Ж.Галбадрах, О.Саранчулуун, С.Ганбаатар нарын ирцтэйгээр хуралдлаа. Мөн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, П.Сайнзориг нар оролцов.
Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
Байнгын хорооны хуралдаанаар орон сууц захиалах, худалдан авахтай холбоотой захиалгын гэрээ байгуулан хохирсон иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хүрээнд хохирсон иргэдийн төлөөллийн санал, хүсэлт, холбогдох байгууллагын тайлбар, мэдээллийг нээлттэй сонсож, хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд орон сууцны залилангийн хэргийг мөрдөн шалгаж байгаа талаар Мөрдөн шалгах албаны дэд дарга, Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр танилцуулга хийлээ. Тэрбээр энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирсон иргэд, хохирлын хэмжээний талаар статистик мэдээллийг өгч, мөрдөн шалгахад тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар товч танилцуулсан юм. Сүүлийн гурван жилийн (2024-2026) байдлаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн 39.665 тохиолдол бүртгэгдэн шалгагдсанаас “Орон сууцны захиалга” авч бусдыг залилсан 1167 хэргийг бүртгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. 2025 онд үүнээс 325 хэргийг шийдвэрлэсэн бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 232 хэргийг шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 995 иргэнд 64.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан, 79 иргэн, 22 хуулийн этгээдэд холбогдох 259 хэрэг шалгагдаж байгаа ажээ. Эдгээрээс “Марч констракшн”, “Азийн зам”, “Ногоон хөгжил үндэсний нэгдэл”, “Авес гранд”, “Цоба хаус”, “Эбо даймонд” зэрэг хуулийн этгээдэд холбогдох хэргүүд нь олон хохирогчтой, хохирлын хэмжээ өндөр байна.
Цагдаагийн байгууллага энэ хэргийг мөрдөн шалгахад хохирсон иргэн, хуулийн этгээд хугацаа алдаж ханддаг, иргэдээс татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгөөр хуулийн этгээд ямар хэмжээний барилгын ажил хийснийг тогтооход санхүүгийн баримт, материал, тооцоо дутуугаас шалтгаалан аудит, эдийн засгийн шинжээчийн дүгнэлт удааширдаг, мөн иргэд Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан байхад давхар цагдаагийн байгууллагад гомдол гаргадгаас мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын байгууллага үйлдэл холбогдлийг хэрэгсэхгүй болгох тохиолдолд гарч, энэ нь мөрдөгчийн ажил ачааллыг нэмэгдүүлж, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд хүндрэл учирч байгааг хурандаа Б.Батдэлгэр дурдав. Түүнчлэн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газруудад гаргасан гомдлуудыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан үндсэн хэрэгт нэгтгэн шалгахад хугацаа орж буй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөгчөөс оролцогчдыг дуудан ирүүлэх процесс нь эрх зүйн үр дагаваргүй, албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй байгаа нь шалгалтын ажиллагаа удаашрах нөхцөл болж байгааг хэлсэн юм. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэгт “...Газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олгоогүй, зураг төсөл нь боловсруулагдаж дуусаагүй орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлэхийг хориглоно...” гэж заасан боловч санхүүгийн эх үүсвэргүй, чадамжгүй хуулийн этгээдүүд орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдтэй гэрээ байгуулан мөнгө татан төвлөрүүлж буй нь гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэл үүсгэж байгааг онцлов.
Нөхцөл байдалтай уялдуулан баригдаж дуусаагүй барилгыг бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, бүртгүүлсэн зургийн дагуу захиалгын гэрээ байгуулсан иргэд Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд заасан “Урьдчилсан тэмдэглэл” хийлгэх, орон сууцны захиалгын гэрээг “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”, “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль”-д нийцүүлэн бүртгэлжүүлэх, захиалгын гэрээний дагуу орон сууцаа бариагүй аж ахуйн нэгжүүдийг “Хар жагсаалт”-д оруулдаг байх, газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олгоогүй, зураг төсөлгүй орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлэхийг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллах шаардлагатай гэсэн саналыг Цагдаагийн байгууллагаас тавьсан юм.
Үүний дараа орон сууц захиалж хохирсон иргэдийн төлөөлөл санал гомдлоо илэрхийлж, холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаас тайлбар, мэдээллийг хийв.
“Хөх сувд” хотхоны захиалагч Ц.Баярмаа: Бид нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд Баянгол дүүргийн 10 дугаар хороонд хэрэгжиж эхэлсэн орон сууцны төсөлд захиалга өгсөн иргэд. Би 2021 онд захиалга өгөөд, таван жил орон сууцандаа орж чадаагүй, хүлээж байна. Бүр олон жил хүлээж байгаа хүмүүс ч бий. Тухайлбал, 2012 онд 001 тоот гэрээгээр газраа чөлөөлсөн иргэн 13 жил орон сууцаа хүлээж байх жишээтэй. Барилгын ажил сүүлийн найман жил огт явагдаагүй. Энэ хугацаанд газрын эздийн асуудал бас яригддаг. Бид өнгөрсөн хугацаанд төслийг хэрэгжүүлэгч “Грийн Ресурс” компанитай хэд хэдэн удаа уулзалт хийсэн. Энэ уулзалтуудаар бид ямар нэгэн гарц гаргалгаанд хүрээгүй. Энэ 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс хойш бид бүтэн сарын хугацаанд барилгын гадна талбайд гэр бариад тайван жагсаал, цуглаан хийж, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах гэж байна. Өнгөрсөн хугацаанд бидний гэрээг шинэчилэх асуудал яригддаг. Анх 2022 онд хийгдсэн гэрээг 2026 оны тавдугаар сарын 17-нд шинэчилж ирүүлэхдээ маш олон заалтыг хассан байсан. Татварын хуулийг зөрчсөн гэрээг бидэнд санал болгож байна гэдгийг цохон дурдмаар байна. НӨАТ-ын баримт олгоно гэсэн заалтыг шинэчилсэн гэрээнд хассан байсан. Өнгөрсөн хугацаанд 2022 оноос хойш хэрэгжиж байгаа энэ гэрээний үүргийг шинэчилсэн гэрээн дээр хадгална аа гэдгийг ерөөсөө тусгаж өгөөгүй. Бид шат шатны байгууллагад хандсан боловч өнөөдөр хуулийн хувьд, өмгөөллийн хувьд мухардалд ороод. Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж шалгалт оруулаад, яг хаана нь төсөл гацаад байгаа юм бэ, иргэдээс хамаараад байгаа юм уу, туслан гүйцэтгэгчээс хамаараад байгаа юм уу, төрөөс хамаараад байгаа юм уу гэдгийг хуулийн хүрээнд яаралтай шийдэж, олон иргэдийн эрх зөрчигдөж буй энэ асуудлыг төрийн зүгээс анхаараач ээ гэдэг хүсэлтийг тавьж байна.
“Басмаа констракшн” ХХК-тай гэрээ байгуулсан иргэн Ч.Сонинтуяа: Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд баригдаж байгаа 132 айлын орон сууцанд захиалга өгсөн иргэдийг төлөөлж байна. Бид 2013 онд дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн, 2015 оноос эхлэн орон сууцны захиалга авч эхэлсэн. Гэвч өнөөг хүртэл 11 жил энэ байр ашиглалтад ороогүй байна. Төслийн хохирогчдын тоо 200 гаруй болсон. Барилгын ажлын хяналт хаа хаанаа байхгүй байгаагаас энэ асуудал үүссэн гэж бодож байна. Дахин төлөвлөлт бол хотын өнгө төрх, түгжрэл, утааг бууруулахад чиглэсэн. Гэтэл хяналтаа тавьж чадаагүйгээс хүндрэлтэй байдалд хүрсэн. Хууль хяналтын байгууллагаар явахаар бид нэмээд санхүү мөнгөөрөө, цаг заваараа хохирдог. Байцаагч нар олон удаа солигддог. Байцаагч солигдох тоолонд байцаалт өгөөд явдаг. Үүнээс болж хуулийн хяналтын байгууллагад хандах итгэл алдарсан. Улсын бүртгэлийн газарт 30-70 хувийн гүйцэтгэлтэй барилгад бүртгэл үүсгэх ёстой юм билээ. Үүний яаж бүртгүүлээд байдгийг ойлгодоггүй. Төрийн байгууллага ямар үндэслэлээр барилга барих зөвшөөрлийг өгөөд байгааг бас ойлгохгүй байна. Төрийн байгууллагуудын хяналт сул байгаагаас ард иргэд маш их хохирч байна. Газраа чөлөөлж өгөөд 11 жил болсон, 13 жил болсон хүмүүс байрандаа ороогүй, эцэг, эхээ алдаад, хань ижлээ алдаад явж байгаа хүмүүс олон бий.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Найрамдал: Энэ асуудлаар яам ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг тайлангаа зургадугаар сарын 01-нд сайдад танилцуулна. Манай яаманд нийтдээ 32 төсөл, арга хэмжээтэй холбоотой гомдол ирсэн. Ажлын хэсэг жагсаалт гаргаад, тухайн байршлуудыг зөв нэршлээр нь тодорхойлох ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар 52 төсөл, арга хэмжээг татан авч, тандалт судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ хийж байна. барилгад олгож байгаа үе шатын зөвшөөрлүүдийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар олгож байгаа. Үүнд архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлах, барилгын ажлыг эхлүүлэх зэрэг зөвшөөрөл багтана. Бидний хянаж байгаа 52 төслийн 25 нь архитектур төлөвлөлтийн даалгавартай, 16 нь загвар зураг батлагдсан, найм нь техникийн нөхцөл бүрэн олгогдсон байна. Мөн магадлалын дүгнэлт баталгаажсан 16, мөн барилгын ажлыг эхлэх зөвшөөрөл олгогдсон 16 төсөл байна. Түүнчлэн барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа 15, ажил удааширсан дөрвөн, зогссон 15 төсөл байна. Ажил огт эхлээгүй, шүүхийн байгууллагаар хянагдаж байгаа тус бүр дөрвөн төсөл байна. Мөн шүүхийн шийдвэр гарсан хоёр төсөл байна.
“Багш 5000, эмч 3000 хувьцаат орон сууц” төслийн хохирогчдын төлөөлөл Л.Нямсүрэн: Бид нийт 48 багшийн 1 тэрбум 75 сая төгрөгийн хохиролтой асуудлаар Өргөдлийн байнгын хороонд хандсан. “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК 2020 оноос Монголын багш нарын “Шинэ зуун зөвлөх зөвлөл” ТББ-тай хамтарч энэ төслийг эхлүүлсэн. Төслийг тухайн үеийн МАН-ын дарга, одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тухайн үеийн БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан нар дэмжсэн. Боловсролын байгууллагуудын үйлдвэрчний хорооны дарга нарыг хамруулсан. Ингээд 2022 оны наймдугаар сар гэхэд нийтдээ 1729 багштай гэрээ хийсэн байсан. Эдгээр багш нарын 666 нь гэрээгээ цуцалж, 105 багш орон сууцад орж, 658 багш өнөөдрийг хүртэл бол орон сууцад ороогүй, буцаалтаа авч чадаагүй хохироод байна. Энэ төсөлд багш нар үл хөдлөх хөрөнгөө барьцаалж хувьцаа гаргуулаад, түүнээсээ ноогдол ашиг авч орон сууцанд орно гэсэн нөхцөлтэй, 36 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Багш нар гэрээ байгуулснаас бараг гурван жилийн дараагаас буцаан олголт нэхэж эхэлсэн. Гэвч мөнгийг олгоно, орон сууцад оруулна гэдэг байдлаар нэлээн удаан хүлээлгэсэн. 2023 оноос хойш компанийн үйл ажиллагаа доголдолд орсон учраас анхны гэрээг удаа дараа өөрчилсөн. Санхүүгийн зохицуулах хорооноос бид зөвшөөрөл авч байгаа гээд биднийг Стандарт инвест компанитай гэрээлүүлсэн.
“Авес Гранд” ХХК-ийн хохирогчдын төлөөлөл Ш.Солонго: Орон сууц захиалаад хохирсон иргэдийн асуудал гамшгийн хэмжээнд хүрлээ. Үүнд бүх 126 гишүүн нийтээрээ анхаараасай гэж хүсэж байна. Засгийн газар анхаараасай гэж хүсэж байна. Тэгэхгүй бол хохирогчдын асуудал маш хүнд боллоо. Туйлдаж байна. Энэ асуудал яагаад үүссэнийг та бүхэн мэдэж байгаа. Хууль эрх зүйн орчин муугаас, хуулийн цоорхойгоос болж бид хохирчихоод байгаа. Асуудлыг бид гурван хоногийн дараа биш, гурван долоо хоногийн дараа ч биш, 3-12 жилийн дараа ярьж байна. Би гэхэд захиалга хийгээд долоон жил хүлээгээд, хохироод явж байгаа иргэн. Бид нийт хохирсон иргэдээ төлөөлж, нэгдэл байгуулагдаад явж байна. Дөрөвдүгээр сарын 13-нд бид нар жагсаал хийсэн. Жагсаалд албан бус тоогоор 450-500 иргэн оролцсон. Нийтдээ 60 орчим төслийн 15 мянга орчим захиалагч, тэдний ард гэр бүл нь хамт хохироод явж байна. Тавдугаар сарын 5-нд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалантай уулзсан. Яаманд ажлын хэсэг байгуулсан гэсэн. Энэ ажлын хэсэг царцсан барилгуудыг гацаанаас гаргаад, үр дүнтэй яваасай гэж хүсэж байна.
“Эбо Даймонд” ХХК-ийн хохирогчдын төлөөлөл Б.Дашбат: Энэ компанийн 240 хохирогч иргэнийг төлөөлж байна. Нэг бүхэл бүтэн аймгийн хүн амтай дүйх тооны иргэд хохирчихоод байгаа шүү. Бидний орон байрандаа орж чадахгүй ингэж явах, амь насаа алдах явдал энгийн үзэгдэл биш шүү. Үүнийг яагаад энгийн үзэгдэл шиг ингэж ойлгож байна вэ? Энэ орон сууцны хохирогчдын асуудлаар сонсгол зохион байгуулж өгөөч гэж хүсэлт тавьж байна. Энэ барилгын компаниудад аудит оруулмаар байна. Тэр “урьдчилсан тэмдэглэл”-ийг хийлгэдэг баймаар байна. Барилгууд баригдахгүй байгаа шалтгаан бол давхардуулж зарсан үл хөдлөх дээр бүртгэл байхгүй, хяналт байхгүй, залилангаа нууж байгаатай холбоотой. Сонсгол зохион байгуулах байгуулбал компаниудыг үнэхээр санхүүгийн эрсдэлд орсон, залилан хийж байгаа гэж хоёр ангилаад зохих арга хэмжээг авч, иргэдийг хохиролгүй болгох гарц гаргалгааг олж болно. Бидний цаана энд ирж, байнгын хорооны хуралд оролцож чадахгүй өчнөөн хүн байгаа.
“Алаг хайрхан бугат” ХХК”-ийн хохирогчдын төлөөлөл Ж.Ганболд: Энэ компани Баянзүрх дүүргийн Хоёрдугаар хороонд 30 айлын орон сууц барина гээд 48 болгоод зарчихсан. Нийт хохирол нь 1,2 тэрбум төгрөг. 2019 оноос хойш долоон жил явж байна. Одоо луйвардсандаа гомдохоо больсон, прокурор, шүүхийнхэнд гомдож байна. Өргөдөл бичээд өгнө, авч хэлэлцдэггүй. Зургаан удаа шүүх хурал хуралдуулж өгөөч гэж хүссэн, хуралддаггүй. Хамгийн сүүлд прокурорын эсэргүүцлээр шийдэгдэх маягтай. Гэхдээ энэ хурал зарлагдаагүй байна. Долоон жил 18 айл гудамжинд байна. Хууль, эрх зүйн орчныг тодорхой болгож өгөөч ээ. 2025 оны наймдугаар сард хохирогчдын төлөөллийг шүүхэд шилжүүлэхдээ бүх хүнээс гарын үсэг ав гэсэн шийдвэр гарсан байна лээ. Үүгээр шүүхийнхэн, луйварчид нь далимдуулаад хэргийг хойшлуулаад байдаг. Яагаад гэхээр зарим нэг хохирогч бурхны оронд явчихсан, зарим нь гадаад руу гарчихсан. Ингээд гарын үсэг бүрдээгүй. Зургаан удаа гарын үсэг зуруулна гэж юу байх вэ. Үүнд арга хэмжээ авч өгөөч ээ гэж хүсэж байна.
Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрын ахлах прокурор Р.Батнасан: “Алаг хайрхан бугат” ХХК-тай холбоотой эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад прокуророос яллах дүгнэлт үйлдэж 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Өмнө нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гурван удаа, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс нэг удаа хэргийг мөрдөн байцаалтад буцаасан.
“Марч Констракшн” ХХК-ийн Поларис төслийн хохирогчдын төлөөлөл Б.Шинэбаатар: “Марч Констракшн” ХХК нийслэлийн хэмжээнд гурван байрлалд 13 блок барилгын төслийг 2017, 2018 оноос эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар таван блок буюу дунджаар 1 500 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Үлдсэн найман блок барилгын ажил нь жил дараалан зогсож, 2025 онд бол огт ажил хийгдэхээ больсон. Энэ төслийн гүйцэтгэгч компанийн захирал өнөөдөр Байнгын хорооны хуралд ирсэн байна. Тэгээд энэ төслүүд яагаад үргэлжлэхгүй байна вэ, гарц гаргалгаа нь юу байна вэ? Төслийн захиалагчдын хэрэг шүүх, прокурор дээр явж байгаа. Энэ нь ямар шатдаа байна вэ? Шүүх, хууль хяналтын байгууллагууд уялдаа холбоо маш муу, үйл ажиллагаа удаан байдаг. Би өөрөө энэ төсөл дээр 2019 онд орон сууц захиалаад 2023 онд миний захиалсан орон сууц ашиглалтад орсон. Алданги авах гэж хагас жил гахам хөөцөлдөж байж тодорхой хэмжээний мөнгө авсан. Захиалагч, хохирогчдыг хамгаалдаг хууль эрх зүйн орчин маш дутуу дулимаг байна. Захиалгын гэрээг үзэхээр дийлэнх нь компанийн талд ашигтай, бидэнд нэг алданги гээд тодорхой хэмжээний хувь тогтоосноос өөр зүйл алга. Олон жил хүлээж байгаа хүмүүст мөнгө чухал биш, цаана нь нийгмийн асар олон зүйлд сөрөг үр дагавар гарч байдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Гэр бүл салж байна, хэн нэгнээ буруутгаж байна, олон жил хүлээсэн хүмүүс өөд болж байна, ам бүл нэмэгдэж байна. Гэр бүлээ чирээд бид нүүж сууж явна. Би өөрөө найман жилд найман удаа нүүдэл, суудал хийж байж орон сууцандаа орсон. Энэ мэт маш олон сөрөг үр дагавар бий. Хууль тогтоомжийн гэрээний тухай зүйл заалтад захиалагч талын эрх ашгийг түлхүү тусгаж өгөхийг хүсэж байна.
“Марч Констракшн” ХХК-ийн захирал Н.Бадралбат: Манай компани 2017 оноос хойш үйл ажиллагаагаа эхэлж, нийтдээ 800 гарай айлыг орон сууцаар хангасан. 2023 онд Ковид19 цар тахлын дараа сүүлийн гурван барилгад комиссын үйл ажиллагаа хийсэн. Ковид19 цар тахлын үеэр үнийн өсөлт болон хил гаалийн хаалттай байдал, ажиллах хүчний зардлын өсөлтүүдийг үл хамааран анх гэрээ хийсэн үнээрээ захиалагчдаа орон сууцанд оруулсан. Дараагийн блокууд маань удааширсан шалтгаан бол үнийн өсөлт. Анхны үнээрээ барилгууд босохгүй болсон.
“Сэд дэвжих” ХХК-ийн хохирсон иргэдийн төлөөлөл Б.Алтанчимэг: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд хэрэгжиж байгаа “Смарт таун 2” хороололд орон сууц захиалаад хохирсон иргэд нэгдээд 2025 оны 12 дугаар сард “Зөв гарц оновчтой шийдэл” ТББ-ыг байгуулсан. Манай ТББ-д 110 гаруй хохирогч нэгдсэн. Бид нар 114 байр захиалаад 6.0 тэрбум төгрөгөөрөө хохирсон. 2020-2022 онд “Сэд дэвжих” ХХК-д орон сууц захиалсан ч одоогоор орон сууц баригдаагүй, хоёр байр нь 5-7 давхар каркас боссон байдалтай байна. Энэ хугацаанд зарим захиалагч нас барсан, зарим нь 2023 онд Хан-Уул дүүргийн цагдаад өргөдлөө өгсөн, зарим нь иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад, шүүхийн шийдвэр гаргуулсан ч хохирлоо барагдуулаагүй явж байна. Нэг иргэний ард 4-8 хүн бий. Монгол улсын иргэд ингэж удаа дараа хохирч байхад төр засгаас ямар нэгэн анхаарал хандуулахгүй байсаар байгаад бидний маш хүнд байдалд орууллаа. Бид олон газарт хандсан. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хүний эрхийн Комисс, мөн Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Хан-Уул дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ч.Лодойсамбуу, мөн Э.Бат-Амгалан, Б.Энхбаяр, Нийслэлийн Засаг даргад хүртэл хандаж, өргөдөл хүсэлтээ явуулсан. Өнөөдөр Өргөдлийн байнгын хороо биднийг ойлгож хурал зохион байгуулж байгаад талархалтай байна. Монгол Улсын Үндсэн хуульд, төрөөс хүний эрх, эрх чөлөөг зөрчигдөхөөс сэргийлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасан. Гэтэл төрийн байгууллагууд, албан тушаалтнууд орон сууцны захиалга авах нэрийдлээр иргэдийг хохироож байгаа энэ удаа дараагийн асуудалд анхаарал хандуулах нь маш удаан байна. Одоо та бүхэн иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлд ямар зохицуулалт, ямар ажил хийх, цаашид ийм хохирлыг нэмэгдүүлэхгүй байх талаар төлөвлөж байгаа ажлууд юу байна вэ гэдгийг асууя. Манай ТББ-ын гишүүд, хохирогчид орон сууцны төслийг ижил төстэй компанид нээлттэй тендер зарлах замаар, эсвэл төлбөртэй болон төлбөргүй шилжүүлэх, холбогдох татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлэх, мөн хохирогч нарт хамааралтай хэсгээр тусгаарлан шийдвэрлэж, ашиглалтад оруулах зэрэг санал хэлснийг уламжилж байна.
“Ток Таун” төслийн хохирогч иргэдийн төлөөлөл Д.Энхбаяр: Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд баригдах “Танан ордос капитал” ХХК-тай холбоотой төсөл дээр хохирсон 90 гаруй иргэдийг төлөөлж байна. Хариуцагч компаниас төлөөлөл авчраад, асуулт асуух, хариултыг протоколд тусган баримтжуулах боломж олгосон Байнгын хороонд талархал илэрхийлье. Цагдаагийн байгууллагаас 2024 онд иргэдийн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн Нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч “Ток Таун” төсөлтэй холбоотой хэдэн захиалагчтай, хэдэн төгрөгийн төлбөр авсан гэх мэтэд мэдээллийг тодруулах санхүүгийн шинжилгээний үнэлгээ хийлгэсэн. Энэ үнэлгээгээр нийт 6.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн үнэлгээ гарсан. Хотхонд 2022 оны гуравдугаар сараас хойш захиалга авсан нийт 116 хохирогч бий. Одоо бодитоор 90 орчим хохирогч байна. Хохирогчдын 6.2 тэрбум төгрөгийг юунд зарцуулсан бэ гэдэг үнэлгээний дүгнэлтээр 5.0 тэрбум төгрөгийг барилгын ажилд зарцуулсан гэсэн байдаг. Гэтэл бодит байдал дээр төслийн барилга барих газар хоосон хэвээрээ байгаа. Тэгэхээр тэр 5.0 тэрбум төгрөгийн ямар барилгад зарцуулсан нь тодорхойгүй учир цагдаагийн байгууллагаар дахин дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. “Ток Таун” төсөл хэрэгжүүлэгч компанид одоогийн байдлаар хэдэн төгрөгийн эд хөрөнгө байна вэ? Одоогоор хэчнээн хэмжээний хохирлыг хэрхэн барагдуулж байна вэ? Мөн 2022 оноос хойш “Ток Таун”-д бий болсон хөрөнгийг тооллогод оруулж өгөхийг хүсье. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зөвхөн шүүхийн шийдвэр гарснаас хойших эд хөрөнгийг тоолно гэдэг. Тэгэхээр төсөлд хөрөнгө оруулсан захиалагчдын хөрөнгө оруулсан баримтууд гарч ирэхгүй байх, эсвэл захиалга авсан төслийн хариуцагчид өөрсдийн нэр дээрх хөрөнгийг аль хэдийн хамаатан саднууддаа тараагаад дуусчихсан нөхцөл байдалтай байгаа. Мөн “Ток Таун” хотхоны газрын зориулалтыг өөрчлүүлэх хүсэлт тавьж байсан юм билээ. “А” даалгавраа авч чадаагүйгээс барилгын ажил зогссон гэсэн тайлбар өгдөг.
“Ток Таун” төслийг хэрэгжүүлэгч “Танан ордос капитал” ХХК-ийн захирал Г.Мөнх-Оргил: Би 2025 оны наймдугаар сараас гүйцэтгэх захирлын ажлыг аваад, захиалагч нарын хохирлыг барагдуулахаар ажиллаж байна. Би өөрөө компанийн 40 хувийн хувьцаа эзэмшигч. Би 2019 оноос барилгын салбарт ажиллаж байна. 2021 оноос бие дааж болон бусад хамтрагчтай нийлж, төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээд “Ток Таун” хотхоны төслийг хэрэгжүүлэхээр шийдэж, урьдчилсан захиалга авч эхэлсэн. Захиалгын явцад ажил эхлэх зөвшөөрөл болон бусад холбогдох бичиг баримтуудыг хөөцөлдсөн боловч газрын зориулалт нь орон сууцны бус байсан учраас удааширсан. Одоо нийтдээ 6.0 тэрбум 400 сая төгрөгийн хохирлын дүнтэйгээс 1.5 төгрөгийн хохирлыг барагдуулаад байна. Өнөөдрийн хуралд захиалагчдын хохирлыг л ярилцаж байгаагаас бус хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд төрөөс дэмжлэг үзүүлэх тухай асуудал огт хөндөгдөхгүй байна. Манай компанийн хувьцаа эзэмшигчдэд цагдаагийн байгууллага дээр яллах дүгнэлт гарчихсан байгаа. Энэ яллах дүгнэлтийн үндэслэл нь юу вэ гэхээр амьдрах хэрэгсэл болгосон гэдэг 17.3.3 заалтаар зүйлчилсэн. Үнэндээ бол бид амьдрах хэрэгсэл болгоогүй. Барилгын зөвшөөрөл, баримт бичгүүд гараагүйгээс ийм байдалд хүрсэн. Мөн захиалагчдын хохирлыг барагдуулахаар ажиллаж байгаа зэргийг харгалзан төр, засгийн байгууллага бидэнтэй хамтарч ажиллаасай гэж хүсэж байна.
“Гэзэгийн худаг” ХХК-ийн хохирсон иргэдийн төлөөлөл Д.Найдан: “Гэзэгийн худаг” ХХК, түүний туслан гүйцэтгэгч “Өндөрзаяа” ХХК-ийн хохирогч 404 хүнийг төлөөлж байна. Энэ компаниуд байранд оруулна гэсэн худал үгээр залилан хийж, 165 хүнээс 1.8 сая төгрөгийг тухайн үеийн ханшаар тооцож авсан. Энэ бол 2012 оны үйл явдал. Хэрэг ийм их удаашралтай байгаа. Туслан гүйцэтгэгч “Өндөрзаяа” компанийн Должинсүрэн гэдэг захирал гадаадын том төсөл хэрэгжүүлэгч орж ирэхэд газрыг бэлэн болгоно гэж зургаан барилгыг 57 хүнд давхардуулан гэрээ хийж, тус бүр 60 сая төгрөгийг авч залилсан. Нийтдээ 5.0 тэрбум төгрөгийн хохиролтой. Энэ хохирлын дийлэнх хэсгийг тэр Должинсүрэн гэдэг захиарл өөрөө завшсан хэрнээ 2019 онд шүүхээр шийтгэгдээд нэг ч хүний хохирол барагдуулаагүй. Тус компанийн захирал Наранжаргал гэдэг хүн 2015-2016 оны үед нас барж, хариуцах эзэнгүй болсон. Өнөөдрийн хурлаас зохих шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна.
“Эрхэт Монгол”, “Зиндаа констракшн” ХХК-ийн хохирогчдын төлөөлөл Я.Эрдэнэсүх: “Эрхэт Монгол” группийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр ороон сууцны гурван төсөл хэрэгжүүлж байгаа. Эхнийх нь “Гранд маршал” гэж Сэлбийн зусланд байгаа. Урьд пионерын зуслан байсан энэ газар маршал Х.Чойбалсангийн баримал хөшөө байдаг. Энэ газрыг нэг хүн эзэмшээд таван жил болж байна. Байгалийн их сайхан тогтоцтой энэ газарт 13 га талбайд 11 объекттой, иж бүрэн 500 айлын хотхон байгуулах ажил эхэлсэн. Одоогоор зөвхөн хорьхон хувь дээр нь орон сууц баригдсан. 500 айлын бусад 80 хувь нь үлдчихсэн. Захиалагчид 2021 онд захиалга өгсөн, одоо хүртэл ашиглалтад ороогүй. Газрын барилга баригдаагүй хэсгийг дуудлага худалдаанд оруулаад, барилгыг бариулах гар гаргалгааг бидний зүгээс гаргасан болов тоогоогүй. Хоёр дахь нь “Хайрын хотхон” гээд 2000 айлын орон сууцны төсөл Хөшигтийн хөндийд байна. Энэ газраа байрны өрөндөө өгч байна, 0.7 га-г нь 45 саяар ав гээд. Газар ямарт нь ингээд 0.7 га нь ч олдохгүй, ямар нь ингэж 45 саяар зардаг юм бэ? Гурав дахь төсөл нь Өмнөговь аймагт хоёр блок 200 айлын хотхон байна. Бүгд ашиглалтад ороогүй. Энэ олон том том газрыг улс аваад, тэр барилгуудыг бариулах боломж, гарц хайвал болмоор санагдах юм. Шүүх, цагдаад өгөхөөр “иргэний хэрэг” гэсэн хуулиар халхавчлаад, энэ шүүх болохоор одоо 30-аад хувийн шийдвэр гарсан ч мөнгө байхгүй гээд сууж байна. Тэр компанийн объектуудыг битүүмжлээд захиалагчдын хохирлыг барагдуулах хэрэгтэй. Төр иргэнээ огт хамгаалахгүй байна.
Иргэд үгээ хэлсний дараа Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох нэгж, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын Ерөнхий прокурорын газар, Мөрдөн шалгах албаны албан тушаалтнууд болон иргэдээс хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа, тулгарч байгаа бэрхшээл, гацаа саад юун байгаа, хуулийн цоорхой зэргийг асууж, барилгын зөвшөөрөл, техникийн нөхцөл өгөх ажлын хэрэгжилт, удаашралын шалтгаан, үүнд ямар хяналт тавьж байгаа гэх мэт олон асуудлыг хөндсөн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун санхүүгийн чадамжгүй хуулийн этгээдэд захиалагчдаас мөнгө татан төвлөрүүлэх зөвшөөрлийг хэн өгдөг, залилан хийж байгаа хүмүүс компанийхаа нэр, зүсийг хувиргаад энэ гэмт хэргээ үргэлжүүлээд байхад тэр компаниудад нь тус бүрд нь эрүү үүсгэж, мөрдөн шалгах процессыг удаашруулж байгаагийн эрх зүйн үндэслэл юу болох, мөн залилуулж хохирсон хүмүүсийн нийтлэг хэв шинж юу болохыг судалсан эсэх талаар нарийвчлан асууж хариулт асны зэрэгцээ энэ төрлийн гэмт хэргийг цаашид гаргуулахгүй байх үүднээс хууль, эрх зүйн ямар шиэнчлэлт, өөрчлөлтийг төлөвлөж байгаа талаар дэлгэрэнгүй ярилцав.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа багш, эмч нарт зориулсан хөтөлбөр хэрэгжүүлсэн “Өргөө ногооон хөгжил” ХХК-г онцлон дурдаж, гар утас хулгайлсан хүн 5-10 жилийн хорих ял авч байхад өчнөөн олон хүнийг олон тэрбум төгрөгөөр хохироосон хүмүүс зүгээр яваад байгааг гайхаж байгаагаа хэлсэн юм. Тэрбээр өөрийнх нь нэрийг барьж, төслийг гацаасан, зогсоосон гэх мэтээр гүтгэн гүжирдсэнд эгдүүцэж байгаагаа илэрхийлж, энэ залилан луйвартаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн, салбарын сайдын нэрийг барихгүй байхыг шаардав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар орон сууцны анхдагч хэрэгцээгээр нь далимдуулан хохироох явдал ийм хэмжээнд хүрсэнд харамсаж байгаагаа илэрхийлэн, ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй гэсэн санал хэлж, барилгын компаниуд, захиалагчдыг даатгалд хамруулахыг зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа барилгын компанийн эрсдлийг тооцох боломж иргэдэд байхгүй байгаа өнөөдрийн нөхцөл хэвээрээ байгаа тохиолдолд ийм залилан луйвар цаашид ч үргэлжлэн гарах магадлалтай гэдгийг хэлж, захиалагчдыг хамгаалдаг олон улсын шалгарсан арга механизмыг хуульд тусгаж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар төрийн байгууллага, тэр дундаа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам хангалтгүй ажиллаж байгааг шүүмжлэн, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль, хүчний байгууллагууд мөрдөн шалгах ажлынхаа хурд, чанарыг сайжруулах хэрэгцээ шаардлага байгааг анхааруулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлахаа илэрхийлэв.
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг дахин төлөвлөлтийн ажил бол ихээхэн үр дүнтэй бодлогын нэг боловч буруу схемээс болж иргэдийг хохироох асуудал их гарч байна гээд үүний хоёр ч төслийн жишээ өнөөдрийн хуралд яригдаж байгаагийн дотор газраа өгөөд 13 жил хүлээж байгаа 80 нас гарсан Л.Дэмбэрэл гуайн асуудлыг шийдэхгүй, болоогүй гээд байж байгаа нь үнэхээр хүний ёсонд нийцэхгүй байна гэлээ. Энэ бүхэн төрийн алдаа гэдгийг тэрбээр дүгнэж, дахин төлөвлөлтийг яаж хийх, хэрхэн хянахаа нарийн төлөвлөх учиртай байсныг дурдаад, мөн нэг орон сууцанд давхар давхар захиалга авч иргэдийг хохироож байгаа залилах гэмт хэрэг гэх мэт олон асуудлыг таслан зогсоох эрх зүйн ямар төлөвлөлт гаргаж байгааг нийслэлийн холбоогдох нэгж болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны мэргэжилтнүүдээс асууж, хариулт авав.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, О.Саранчулуун, С.Ганбаатар, П.Сайнзориг нар үг хэлж, иргэдийн хохироосон хэргүүдийг залилангийн, төрийн буруутай үйл ажиллагаа, эсвэл давагдашгүй хүчин зүйлийн улмаас санаатай бусаар иргэдийг хохироосон хоёр ангилан авч үзэх, захиалагчдын төлбөрийн мөнгө инфляцид гүйцэгдсэн учир орон сууцандаа орох хүсэлтийг гүйцэлдүүлж шийдвэрлэх, барилгын салбарт даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх, хууль, эрх зүйн орчныг бүх оролцогч талуудын эрх ашгийг хангасан байдлаар боловсроонгуй болгож сайжруулах зохицуулалтын төслийг оруулж ирэх зэрэг асуудлаар байр суурь илэрхийлсэн юм. Мөн хохирогч иргэд яаралтай, нягт зохион байгуулалтад орох, Барилгын холбоо, Монгол Улсын Засгийн газартай гурван талт хэлэлцээ байгуулж ажиллах, салбарын аж үйлдвэрийн танхимын бүтцэд орж, хариуцлагын механизм хэрэгжүүлдэг байх шаардлагатайг зөвлөв.
Ингээд орон сууц захиалах, худалдан авахтай холбоотой захиалгын гэрээ байгуулж хохирсон иргэн, хуулийн этгээд санал, хүсэлт, тайлбар, мэдээллийг сонсож, Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хянан шалгалтын цаглаварт тусгагдсан орон сууц захиалах худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтийн талаарх мэдээллийг хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хорооны тогтоол гаргаж, уг асуудлыг шалган судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, Ц.Мөнхтуяа, Б.Пунсалмаа, Б.Баярбаатар, М.Сарнай нар ажиллахаар боллоо.
Цалингийн итгэлцүүрийг шинэчилсний улмаас тэтгэврийн хэмжээ буурсан, зөрүү үүссэн талаарх ахмад настнуудын өргөдлийг судлах ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэв
Байнгын хорооны хуралдаанаар дараа нь ахмад настнуудаас ирүүлсэн тэтгэвэр, тэтгэмж тогтоох цалингийн итгэлцүүр Засгийн газар 2023 онд шинэчлэн батлахад тэтгэврийн хэмжээ багассан тухай өргөдлийг судлан, санал, дүгнэлт болон шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэв.
Өргөдлийн байнгын хороонд хандан ахмад настан М.Магсар, М.Оюунчимэг, М.Баатар, Д.Энхсайхан, Ц.Авирмэд, Д.Цэдэв, СХД-ийн ахмадын хорооноос Г.Эрдэнэбазар нарын 12 иргэн, Д.Батбаяр, Д.Наранцэцэг, С.Жавзандулам, Б.Сосорбарам, Х.Хишигсүрэн, Б.Жаргалсүрэн, Ж.Баттулга, Б.Гантуяа, Л.Отгончимэг, О.Зандраа, Г.Цэнд- Аюуш, Д.Хишигдорж, Б.Цэрэнчимэд, С.Ариунтуяа, С.Хүрэлбаатар, Б.Энхсувд, Ц.Амаргэрэл нарын иргэд болон Монголын ахмадын холбоогоор уламжлуулан Өмнөговь, Завхан, Сэлэнгэ, Ховд, Төв аймгийн ахмадуудаас цалингийн итгэлцүүрийг жил бүр шинэчлэн батлалгүйгээр 2014 оноос хойш есөн жилийн дараа 2023 онд шинэчилснээс зөрүү үүссэн гэсэн өргөдлийг ирүүлсэн байна. Итгэлцүүрийг шинэчлэхдээ ахмад настнуудын тэтгэвэрт суусан хугацаанаас хамааруулан ялгаатай байхаар тогтоосноос улс орны чухал салбаруудад хөдөлмөрлөж, 2013 оноос өмнө нийгмийн даатгалын шимтгэлээ харьцангуй өндөр цалингаас тасралтгүй төлж байсан ч анх тэтгэвэр тогтоолгохдоо бодит цалингаа хязгаарлуулсан ахмадуудын тэтгэврийн хэмжээ нэмэгдээгүй, зарим иргэдийн тэтгэвэр буурчээ. Иймд тэд тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрт ямар нэгэн хязгаарлалт тавихгүй байх, эсхүл нэмэгдүүлж тэтгэврийг шударгаар дахин бодуулах хүсэлт илэрхийлж байгаа юм.
Ахмад настнуудын өргөдөл, гомдлыг судалж шийдвэрлэх Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Замира, Л.Мөнхбаясгалан, Б.Пунсалмаа, О.Саранчулуун, С.Эрдэнэбат нар ажиллажээ. Ажлын хэсэг дээрх асуудлыг судалж үзээд, ахмад настнуудын өргөдөл, гомдолд дурдагдсан асуудал үндэслэлтэй байна гэж үзсэн байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тооцоогоор тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ 2013 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгогчдын хувьд 1,404,000 төгрөг байгааг 1,920,000 төгрөг болгоход 119.3 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 135.8 мянган төгрөгөөр нэмэгдэж, 194.5 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр, 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийнхийг 2,400,000 төгрөг болгоход 141 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 192 мянган төгрөгөөр нэмэгдэж, 325.4 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр, мөн хэмжээг 3,200,000 төгрөг болгоход 153 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 256 мянган төгрөгөөр нэмэгдэж, 472 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр тус тус шаардагдахаар байгаа юм.
Байнгын хорооны хуралдаанд ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун танилцууллаа. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд төстэй ажил мэргэжлээр ойролцоо хугацаанд ажиллаж, шимтгэл төлсөн иргэдийн тэтгэврийн хэмжээ гавьяаныхаа амралтанд суусан оноос хамааран харьцангуй их хэмжээний зөрүүтэй байгааг ойртуулах шаардлагатай гэж ажлын хэсэг үзжээ. Үүний тулд, тэтгэвэр бодох цалингийн дээд хэмжээг 2,400,000 төгрөгөөр тогтооход шаардагдах 325.4 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсөвт тусгах, 2026 оны төсвийг тодотгох тохиолдолд тодорхой хэсгийг шийдвэрлэх, эхний ээлжинд багаар тогтоолгосон ахмадын тэтгэврийн индексжүүлээгүй цаг хугацааны алдагдлыг нөхөж олгох асуудлыг судлах, ахмад настны гол нэрийн барааны сагсыг шинэчлэх, итгэлцүүр тооцож байгаа аргачлалыг нарийвчлан боловсруулж, олон нийтийн оролцоотой шийдвэрлэх, ирээдүйд тэтгэвэр тогтоолгох иргэдийг соён гэгээрүүлэх, тэтгэврийн олон давхаргат тогтолцоог хөгжүүлэх болон одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хийдлийг арилгах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг дүгнэсэн байна. Мөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тэтгэвэр тогтоолгосон хугацаанаас хамааруулан олон хувилбараар тооцож байгаа өнөөгийн тогтолцоо нь тэтгэврийн зөрүүг арилгах ажлыг жил ирэх тусам хүндрүүлэх магадлалтай байх тул эргэн харж, шинэчлэхийг зөвлөжээ.
Ажлын хэсгийн дүгнэлтийг хэт ерөнхий, тодорхойгүй байна гэсэн шүүмжлэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар хэллээ. Тэрбээр, санал дүгнэлтэд дурдсан асуудлуудыг шийдвэрлэх тодорхой санал дэвшүүлж, батлуулах, нийгмийн даатгал төлөгчдийн саналын сонсож, тэдэнтэй зөвлөлдөх ёстой гэсэн саналтай байгаагаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга О.Номинчимэд тэтгэврийн зөрүүг арилгахад шаардагдах зардал, санхүүжилтийг төсөвт тусгах асуудлыг одоо хэлэлцэж байгаа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд тусгахаас эхлэх учиртай гэдгийг сануулж, тэтгэвэр тооцох аргачлал дахь шударга бус, хангалтгүй байдлын арилгахтай холбоотой бодлого, үзэл баримтлалыг хууль тогтоогч нар болон холдбогдох талуудад нэг мөр ойлгуулж, улстөржилтөд автахгүй ажиллахыг зөвлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English