Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.10/ хуралдаан 13.44 цагт УИХ-ын гишүүн О Алтангэрэл, Ж.Батжаргал, С.Бямбацогт, Б.Жавхлан, Ч.Ундрам, Ө.Шижир, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Л.Гантөмөр, С.Зулпхар, Б.Хэрлэн, Д.Энхтуяа, Б.Батбаатар, Ж.Баярмаа, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж нар ирж, 53.1 хувийн ирцтэйгээр эхлэв.
Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төсөл байлаа.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.2 дахь хэсэгт “Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.” гэж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30.1.1 дэх заалтад “... Сонгуулийн ерөнхий хорооны ... гишүүний албан тушаалд томилуулахаар Улсын Их Хуралд санал болгосон нэр дэвшигчийн талаарх томилгооны сонсгол”-ыг хийхээр тус тус заасан. СЕХ-ны дарга, гишүүн П.Дэлгэрнарангийн өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 115 дугаар тогтоолоор СЕХ-ны гишүүн, СЕХ-ны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгосон Б.Баасандоржийн бүрэн эрхийн хугацаа 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон тул СЕХ-ны гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан байна.
Тогтоолын төсөлд СЕХ-ны гишүүнд нэр дэвшигч Ц.Уртнасан, Н.Мягмар нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах, сонсголд харгалагчаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхланг сонгохоор тусгасныг хуралдаан даргалагч танилцуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.
Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнхзориг нарыг СЕХ-ны гишүүний албан тушаалд нэр дэвшүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив
Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэв.
Байнгын хороо 06 дугаар сарын 08-ны өдөр Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан бөгөөд Байнгын хороо Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргах асуудлыг хаалттайгаар хэлэлцэж шийдвэрлэсэн юм.
Сонсгол даргалагч Б.Жавхлан тайланг танилцуулсан. Хуралдаанд оролцсон гишүүд нэр дэвшигч Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнхзориг нарыг ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлэхийг санал нэгтэйгээр дэмжсэн байна.
Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа байр сууриа илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нууц санал хураалт явуулахад Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнхзориг нарыг СЕХ-ны гишүүний албан тушаалд нэр дэвшүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэлээ
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх тухай байлаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг хуралдаан даргалагч танилцуулаад Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Д.Ганмаа нарын УИХ-ын гишүүн 46 гишүүнээс 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Б.Бат-Эрдэнэ нарын УИХ-ын 18 гишүүнээс 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Ойн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, мөн өдөр А.Ариунзаяа нарын УИХ-ын 8 гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, О.Цогтгэрэл нарын УИХ-ын 3 гишүүнээс 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Р.Сэддорж нарын УИХ-ын 36 гишүүнээс 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Харин УИХ-ын гишүүн П.Мөнхтулгын 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Дараа нь УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан танилцууллаа. /Хуулийн төслийн талаар эндээс үзнэ үү/
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу зохион байгуулсан хяналтын сонсголоос гарсан санал, дүгнэлт, чиглэлтэй холбоотойгоор үр дүнгийн сонсголыг зохион байгуулахтай холбоотой хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөл нь үр дүнгийн сонсгол зохион байгуулах эрх зүйн үндсийг тодорхойлох бөгөөд уг хуулийн 6 дугаар бүлэг буюу Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсгол, түүний төрөл, зохион байгуулалттай холбоотой 26 дугаар зүйлд нэмэлт оруулах зохицуулалтыг тусгажээ.
Парламентын сонсгол зохион байгуулах нь өндөр ач холбогдолтой хэдий ч сонсголын үр дүнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний биелэлт, үр дүнг тооцож шалгах үр дүнгийн сонсголыг зохион байгуулах нь парламентын аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний биелэлтийг тооцох, нээлттэй сонсох нь түүнтэй адил чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзжээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Батбаатар асуулт асуусан. Тэрбээр, хяналтын сонсголоос гарсан санал, дүгнэлт, чиглэлтэй холбоотойгоор үр дүнгийн сонсголыг зохион байгуулж болно гэж төсөлд тусгасан нь хэтэрхий сул гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд УИХ нэг асуудлаар жилийн дотор дахин хяналтын сонсгол хийхгүй гэж заасан. Хуулийн төсөлд тусгасан үр дүнгийн сонсгол анхны сонсгол хийснээс хойш ямар хугацааны дараа хийх вэ хэмээн лавласан.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, УИХ-аас олон сонсгол зохион байгуулдаг ч үр дүн нь тодорхойгүй байдаг хэмээн жишээ татан дурдаад, зөвхөн хяналтын сонсголын чиглэлээр үр дүнгийн сонсгол зохион байгуулна гэж үзэж төсөлд тусгасан хэмээн тайлбарлав. Зохицуулалт сул байгаа бол хэлэлцүүлгийн явцад өөрчилж болно хэмээн нэмж хэлсэн.
Төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ
Үргэлжлүүлэн М.Энхцэцэг нарын 76 гишүүнээс 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг танилцуулав.
Эдийн засгийн байнгын хороо нь макро эдийн засаг, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, дэд бүтцийн бодлогыг хэлэлцдэг өргөн хүрээний чиг үүрэгтэй. Нөгөөтэйгүүр, эрчим хүч нь тэргүүлэх салбар тул тус Байнгын хороонд албан ёсны бүтэцтэй дэд хороо байгуулаад Улсын Их Хурлын гишүүд онцгой анхаарал хандуулж ажиллахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Эрчим хүчний хөгжлийн дэд хороо байгуулах агуулгатай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг тэрбээр онцлов. /Хуулийн төслийн талаар эндээс үзнэ үү/
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Батбаатар, Ч.Ундрам нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Дараа нь Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэлсэн ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдсэн учир хэлэлцүүлгийг хойшлууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
Мөн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар хуулийн төслийн талаар танилцуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн аж.
Тус хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасны “… 4 жил …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр … зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг гаргав. Уг дүгнэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… 4 жил …” гэж заасныг мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн бөгөөд УИХ тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн билээ.
Ажлын хэсэг дээрх асуудлыг судлан үзэж хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн “4 жил” гэснийг “6 жил” гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн байна.
Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд гишүүдээс асуулт санал гараагүй. Ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй учир анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай хамтатган явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Байнгын хорооны тогтоолыг батлав
Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлттэй танилцсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2 дугаар тогтоолоор хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлттэй танилцах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан ажилласан бөгөөд тус ажлын хэсгийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч А.Ариунзаяа хийв.
Тэрбээр Засгийн газар, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагад УИХ-аас үүрэг чиглэл болгосон Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудалд хамаарах 16 хуулийн 71 заалт хяналтад байгааг тодотгосон. 12 хуулийн 53 заалтыг бүрэн хэрэгжсэн гэж үзэж байгаа учраас хяналтаас хасахаар тогтоолын төсөлд тусгажээ. УИХ-ын 37 тогтоолын 115 хяналт заалт хяналтад байгаа бөгөөд бүрэн хэрэгжсэн үндэслэлээр 20 тогтоолын 41 заалт, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон үндэслэлээр 3 тогтоолын 4 заалт, шийдвэрт заасан хугацаа дууссан үндэслэлээр 1 тогтоолын 1 заалт, тухайн асуудлаар дахин шийдвэр гарсан үндэслэлээр 2 тогтоолын 3 заалт, нийт 26 УИХ-ын тогтоолын 60 заалтыг тус тус хяналтаас хасахаар тусгасан байна. Түүнчлэн Байнгын хорооны 11 тогтоолын 74 заалт хяналтад хэвээрээ байгааг дурдаад, бүрэн хэрэгжсэн үндэслэлээр 7 тогтоолын 10 заалт, тухайн асуудлаар дахин шийдвэр гарсан үндэслэлээр 2 тогтоолын 4 заалт, шийдвэрт заасан хугацаа дууссан үндэслэлээр 3 тогтоолын 3 заалт, нийт Төрийн байгуулалтын байнгын хорооны 7 тогтоолын 18 заалтыг тус тус хяналтаас хасахаар тусгажээ. Мөн 10 хуулийн 18 заалт, УИХ-ын 25 тогтоолын 67 заалт, Байнгын хорооны 10 тогтоолын 57 заалтыг хяналтад хэвээр нь үлдээж байгаа гэдгийг тодруулан хэлсэн.
Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжин баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English