Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 44 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Их Хурлын дэд даргыг чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тус тогтоолоор Монгол Улсын Их Хурлын гишүүн Төмөрбаатарын Аюурсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсонтой холбогдуулан өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын дэд даргын албан тушаалаас чөлөөлсөн байна. 

Мөн эмхэтгэлийн тус дугаарт Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн ажээ. Тус зарлигуудаар Давааноровын Сувд-Эрдэнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Цэнддоржийн Амармэндийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Болдын Билгүүнийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Долоонжингийн Батхуягийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилжээ.  

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт “Журам батлах тухай”, “Жагсаалт батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна. “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Хүн, хуулийн этгээдэд цаасан хэлбэрээр мэдээлэл өгөхтэй холбогдон гарах зардал тооцох аргачлал, зардлыг төлөх, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журам”-ыг баталсан бөгөөд тус журмаар хүн, хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8, 9, 10 дугаар зүйлд заасан мэдээллийг цаасан хэлбэрээр өгөхтэй холбогдон гарах зардал тооцох аргачлал, зардлыг төлөх, түүнээс хөнгөлөх, чөлөөлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах ажээ.

“Жагсаалт батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалт”-ыг баталсан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл