Цэс

Холбоо барих

БСШУСБХ: “Шинжлэх ухааны салбарын хөгжил, цаашид авах арга хэмжээний тухай” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонслоо

    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2022.11.23) хуралдаан 14 цаг 30 минутад эхлэв. Хуралдаанаар “Шинжлэх ухааны салбарын хөгжил, цаашид авах арга хэмжээний тухай” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонслоо.


    Мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэлдээ салбарын сайд дараах мэдээллүүдийг онцолсон.

2021 оны байдлаар төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын нийт 71 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагад нийт 5085 судлаачид ажиллаж байгаагийн 26.5 хувь (1349) нь эрдэм шинжилгээний үндсэн ажиллагсад байна. Үндсэн ажиллагсаддын 719 буюу 53.2 хувь нь эмэгтэйчүүд, 630 буюу 46.7 хувь нь эрэгтэйчүүд байна.

    Нэг сая хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтнуудын тоо, судалгаа хөгжүүлэлтэд зарцуулж байгаа зардал гэсэн тоон үзүүлэлтүүдийг улс орнууд шинжлэх ухааны хөгжлийн гол үзүүлэлт гэж авч үздэг. Манай улсын хувьд нэг сая хүнд 374 эрдэм шинжилгээний ажилтан ногдож байна. Энэ нь ОХУ-тай харьцуулахад даруй 25 дахин бага юм. Судалгаа хөгжүүлэлтийн зардлын тухайд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа зардлын нэг хувь ч хүрдэггүй. Ийм үзүүлэлтүүдтэй байхад шинжлэх ухааныг хөгжүүлэх нь хүнд асуудал гэдэг нь харагдаж байна гээд өнгөрсөн хугацаанд шинжлэх ухааны салбарт зарцуулсан санхүүжилтийн талаар танилцууллаа.


    Тэрбээр мөн, хэдийгээр бага ч гэсэн шинжлэх ухааны салбарт зарцуулсан хөрөнгө үр дүнгээ өгсөн гээд судалгааны төслүүдийн зарим үр дүнг танилцуулав. Тухайлбал, Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид гэхэд олон улсын 23, дотоодын 255 патент, 100 гаруй ашигтай загвар, зохиогчийн эрх хамгаалж, технологийн заавар 440, ТЭЗҮ 25-ыг боловсруулж, 150 гаруй ажил үйлдвэрлэл практикт нэвтрүүлсэн. Шинжлэх ухааны хүрээлэнгийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтдийн баг коронавирус SARS-CoV-2 вирусийн геномын харьцангуй тогтвортой, өндөр дархлаа үүсгэх чадвар бүхий N уургийг сонгон ашиглаж, энэхүү вирусийн эсрэг дархлааны молекул болох эсрэг биетийг илрүүлэх “ЭЛИЗА” оношлуур гарган авсан нь үр дүнтэй болсон.

    Дарханы ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд 1989 оноос тасралтгүй харьцуулсан судалгааг хийж “Дархан-144” сортыг гарган авсан. Энэхүү сортыг сонгон тариалсан аж ахуй нэгж, тариаланчдын нэгжээс авсан ургац нь улсын дунджаас 0.2-4.1 ц/га-аар илүү байж, нэмэгдэл ургацаасаа жилд дунджаар 10.3 тэрбум, 6 жилд нийтдээ 61.8 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон эдийн засгийн тооцоо гарсан.  

    Цаашид бид шинжлэх ухаан, инноваци, технологийн салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, салбарын санхүүжилтийн тогтолцоог үр дүнд суурилсан өрсөлдөөнт болон тогтмол санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлэх, салбарт шаардлагатай шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор, шинжлэх ухааны парк, салбар дундын нээлттэй лабораторийг байгуулах зэрэг шаардлагатай дэд бүтцийг бий болгох, цахим шилжилтийг эрчимжүүлж, технологи, мэдээлэлд суурилсан шинжлэх ухааны үйлчилгээг нэвтрүүлэх, залуу эрдэмтэн судлаачдыг дэмжих зэрэг олон шинэчлэлийн зорилтыг төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлж байна.  Энэ хүрээнд шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийг тус тус батлуулахаар үзэл баримтлалыг боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран батлуулахаар ажиллаж байна.

    Шинжлэх ухаан, технологийн хуулиар шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, бүтэц тогтолцоо, төр, орон нутаг, эрдэмтэн судлаачдын нийтлэг эрх үүргийг илүү нарийвчлан зохицуулахаас гадна суурь шинжлэх ухааныг хөгжүүлэх, үндэсний, бүс, орон нутгийн түвшинд судалгаа хөгжүүлэлтийг хөгжүүлэх, хувийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжих, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, улмаар шинжлэх ухааныг дэмжсэн соёл, түгээн дэлгэрүүлэлттэй холбоотой онцлог зохицуулалтыг тусгаж өгсөн хэмээн дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.


    Сайдын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Чинбүрэн, Б.Жаргалмаа, Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар нарын албан тушаалтнууд хариулт өгөв.


    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж мөн Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Л.Энх-Амгалан, Г.Мөнхцэцэг нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг Засгийн газраас гаргасан шинжлэх ухааныг хөгжүүлэх талаарх тогтоолуудыг хэрэгжүүлэх чиглэлээр дутмаг ажиллаж байна гээд хэрэгжилтийг шахаж ажиллах шаардлагатай талаар, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан салбарын хэлэлцүүлгүүдийг төсөв батлахаас өмнө хийж, дараагийн жилд зарцуулах санхүүжилтийн асуудлын зөв шийдлийг олох тогтолцоонд шилжих талаар, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд өргөн барих хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт онцгойлон ач холбогдол өгч, батлах талаар үг хэлж, байр сууриа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл