Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 45 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Хуулийн төсөл буцаах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тус тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаасан байна.       

Мөн эмхэтгэлийн тус дугаарт Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай болон  Эзэн Богд Чингис хааны эш хөргийг  хүндэтгэн залах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн ажээ. Тухайлбал, Уртнасангийн Сайнбилэгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Амгалансүрэнгийн Мөнх-Өлзийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсон бол хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн Цэрэннадмидын Батсүрэнг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас,  Чимэдцэрэнгийн Ичинхорлоог Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Чулууны Тунгалагийг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Дарамын Мягмаржавыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Цэнд-Аюушийн Ичинхорлоог Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Батбаярын Оюуныг Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсөн байна. Түүнчлэн “Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эзэн Богд Чингис хааны эш хөргийг Монгол төр эрхэмлэн дээдэлж Төрийн ордонд залах, төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах, монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсан.

 Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Хязгаарлалттай мэдээллийг өгсөн, дамжуулсан тохиолдолд мэдээллийн эзэнд мэдэгдэл хүргүүлэх, ашиглах хүсэлт гаргасан, гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан талаарх бүртгэл хөтлөх журам”-ыг баталсан байна. Энэ журмын зорилго нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 9.13, 9.14-т заасны дагуу хязгаарлалттай мэдээллийг ашигласан, гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан тохиолдолд мэдээлэл хариуцагч энэ тухай мэдээллийн эзэнд мэдэгдэл хүргүүлэх, мэдээлэл хариуцагч хязгаарлалттай мэдээллийг ашиглах хүсэлт гаргасан, гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан талаарх бүртгэл хөтлөхтэй холбоотой харилцааг зохицуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл