Цэс

Холбоо барих

“XXI зуун: Шинэ даяаршил ба хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын гишүүн, “Хөгжлийн төлөөх эрдэмтэд” ТББ-ын тэргүүн Т.Аюурсайханы санаачилгаар “XXI зуун: Шинэ даяаршил ба хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2018.05.29/ Монгол Улсын Эрдмийн их сургуульд өрнөж, хэлэлцүүлэгт МУЭИС, ХААИС, МУИС, ШУТИС, СЭЗИС, ШУА болон Үндэсний хөгжлийн газраас эрдэмтэн судлаачид, доктор, профессоруудын төлөөлөл оролцлоо.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Т.Аюурсайхан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг эрх баригчид шийдвэрлэдэг, улстөрчид сэтгэлийн хөөрлөөр эсхүл субьектив сэдлээр асуудлуудыг шийдвэрлэдэг үзэгдэл хэвшмэл болоод байна. Иймд “Хөгжлийн төлөөх эрдэмтэд” ТББ-ыг санаачилж, бодлого боловсруулагчдыг эрдэмтэн судлаачдын тооцоо, судалгаан дээр үндэслэлсэн судалгаа, мэдээлллээр хангах зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг анх удаа зохион байгуулж, цаашид уламжлал болсон энэхүү эрдэм шинжилгээний хурал-хэлэлцүүлгээс бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Ингээд хэлэлцүүлгийн үндсэн илтгэгчээр Доктор, профессор С.Будням “Их давхцал: Мэдээллийн технологи ба шинэ даяаршил” сэдвийн дор илтгэл тавив. Түүний “Монголын макро эдийн засгийн байдлын онцлог” дэд сэдэв олны анхаарлыг ихээр татав. Тэрээр, Монголын эдийн засгийн системийн үр ашиггүй байгаа шалтгаан, үндсэн асуудлууд юунд оршино вэ? гэсэн асуулт зүй ёсоор гарч байгаа юм. Эдгээр асуудлууд нь олон жилийн турш Монголын эдийн засгийн үр ашигтай хөгжилд саад болж байгаа нь гүнзгий үндэстэй бөгөөд ихэнхдээ хоорондоо нягт уялдсан өнөөгийн хөгжлийн загвар нь институцийн хувьд тохирохгүй байгаагийн үр дагавар юм. Эл байдлын тод илрэл нь манай өрсөлдөх чадвар 140 орноос 102-р байрт, монополийн эсрэг бодлого үр дүнгүй 120-р байрт, эдийн засагт авлига, олигархжсан, санхүүгийн сектор сул хөгжсөн, зохицуулалтын институц сул болон үр дүн багатай засаглал (тухайлбал гаалийн хүндрэл гэсэн үзүүлэлтээр 127-р байр) зэргээс тодорхой байна. Монголын эдийн засгийн үр ашиг багатай байх хүчин зүйлс нь өрсөлдөх чадвар доогуур, эдийн засгийн салбаруудын нэг нэгнээ нөхөх чадвар сул байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний бүтцийн шинжилгээ харуулж байна гэлээ.

Дараа нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Должинсүрэн “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030”-ийг хэрэгжүүлэх нь сэдвийн дор тавьсан илтгэлдээ, Үнэлгээ хийх хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээг тодорхойлсон байдал, Өнөөгийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоо, Бодлогын баримт бичгүүдэд агуулгын үнэлгээг нэгдсэн аргачлалын дагуу хийх ажлын төлөвлөгөө болон Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Ингээд илтгэгч нарын мэдээлэл сонссоны дараа оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлж, байр сууриа илэрхийлэв. Өнөөдрийн арга хэмжээг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хааж хэлсэн үгэндээ, эрдэмтэн судлаачдаас гаргасан үнэт зөвлөмж, саналуудад талархал илэрхийлэхийн сацуу маш үр дүнтэй хэлэлцүүлэг болсныг цохон тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл