Цэс

Холбоо барих

Чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв


УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.10.11) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад гишүүдийн 51,3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаарх цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолын 1, 2 дахь заалтаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс товлон зарлаж, санал авах өдрийг мөн оны 10 дугаар сарын 07-ны өдрөөр тогтоосон бөгөөд уг тогтоолын 3 дахь заалтаар тогтоолын хэрэгжих хугацааг заасан. Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 4 жил тутам явагдахаар цаг хугацааг нь тодорхой заасан бөгөөд иргэн хүн сонгуульд нэр дэвших эсэхээ эртнээс шийдэж, хуулиар тогтоосон шаардлагыг хангаж оролцох боломжтой байдаг. Харин энэ удаа нөхөн сонгууль зарлахад Сонгуулийн тухай хуульд нэгэнт товлон зарласан нөхөн сонгуульд төрийн жинхэнэ албан хаагчдыг хэрхэн оролцуулах тухай зохицуулалт огт тусгагдаагүй хийдэл үүссэн байна.


Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-ээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна.”, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ...  төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. ... Сонгуульд нэр дэвшихтэй холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж тус тус заасан. Дээрх хуулиудын зохицуулалтаас үзэхэд ээлжит сонгуульд нэр дэвших төрийн жинхэнэ албан хаагч нь “... сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ...”, “... тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ...” гэж төрийн албанаас чөлөөлөгдсөн байх хугацааг тодорхой заасан байна. Гэтэл нөхөн сонгуульд төрийн жинхэнэ албан хаагчид хэзээ, хэрхэн ажлаасаа чөлөөлөгдөн оролцох зохицуулалтыг орхигдуулснаас төрийн байгууллагад ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчид нөхөн сонгуульд оролцохын тулд одоо ажлаасаа чөлөөлөгдөхөд дээр дурдсан хугацааны шаардлагыг хангаж чадахгүй тул сонгуульд оролцох боломжгүй болж байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж үзсэний үндсэн дээр нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

Иймээс Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа уг маргааныг хянан хэлэлцээд  Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлан гаргасан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ... -р нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэжээ. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд,  Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын  Ж.Батзандан тус тус танилцуулсан. Хууль зүйн байнгы хороо 2018 оны 10 дугаар сарын 02, Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд дээрх хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.

Цэцийн дүгнэлт болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, С.Чинзориг, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж, О.Баасанхүү, Я.Содбаатар, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Улсын Их Хурлаас нөхөн сонгууль зарлахдаа Үндсэн хууль зөрчсөн эсэхийг илүүтэй тодруулж байв. 


Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хариултдаа,  Би Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэхэд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. УИХ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо Сонгуулийн тухай хуулийн хүрээнд ажилласан. Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийг эхлэх өдөр болон санал авах ажиллагааг явуулах өдрийг тогтоосон хоёр заалттай. Тухайн нөхөн сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлагын талаар тусгайлан заасан зүйл байхгүй нь бие даагч болон нэг хэсэг  хүмүүсийн эрх ашгийг зөрчсөн тал бий. Гэхдээ нэг хоёр хүний эрх ашгаас илүү тухайн тойргийн 10 гаруй мянган сонгогчийн эрх ашгийн төлөө асуудлыг шийдсэн. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол  нь Үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг онцлов. Харин тэрбээр, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах уу үгүй юу гэдгээ жичдээ хэлэлцэх шаардлагатай. Иймд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар төсөл боловсруулж байна, ирэх 12 дугаар сард чуулганаар хэлэлцэх байх гэж байлаа. 

Ингээд санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн гэж үзсэн.

Хуулийн төслийг анхны  хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

Үргэлжлүүлэн  Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан. 


Хуулийн төсөлд эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаатай холбогдох харилцаанд Зэвсэгт хүчний анги, байгууллагын болон хилийн отрядын эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт ажилладаг энгийн эмч, ажилтан, алба хаагч нарын нэг удаагийн мөнгөн тэтгэмж, төрөөс мэргэжил дээшлүүлэх боломжийг хангахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2 дахь хэсэгт “… анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох…, мөн зүйлийн 29.5 дахь хэсэгт “… анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын ….”, мөн зүйлийн 29.8 дахь хэсэгт “… анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах”-тай холбогдсон харилцаануудыг тусгасан байна.

Уг асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Хуулийн төсөлд эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангахтай холбогдох харилцаанд хамрагдахгүй байгаа батлан хамгаалах, хууль сахиулах байгууллага, ял эдэлж байгаа ялтан, гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж түр саатуулагдсан иргэнд эмнэлгийн анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг үзүүлэх байгууллагад буюу тусгай эмнэлэгт ажилладаг энгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарт нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох, мэргэжил дээшлүүлэх боломжийг хангахтай холбогдсон зохицуулалтыг тусгасан байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор нэмэлт санхүүжилт шаардагдахгүй бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч нар батлагдсан төсвийн хүрээндээ зохицуулах боломжтой. Хуулийн төсөл батлагдсанаар зэвсэгт хүчин, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарын нийгмийн баталгаа бусад эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчдын адил хангагдах юм. Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийг төслийг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэдгийг дурдав. 

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн  Б.Энх-Амгалан, М.Билэгт асуулт асууж, хариулт авсан бөгөөд үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.

Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүнээс өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.


Хууль санаачлагч гишүүн танилцуулгадаа, Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг нийгмийн халамжийн бодлогын салшгүй хэсэг, ирээдүйн эрүүл иргэн бий болгох арга зам, хүүхэд хамгааллын илрэл, суралцах таатай орчин бүрдүүлэлтийн чухал хэсэг гэж үздэг. Ийм ч учраас дэлхийн олон орон сургуулийн сурагчдад насны онцлогт нь тохирсон хоолоор үйлчлэх, шим тэжээлийн мэдлэг олгох харилцааг хуулиар зохицуулж, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлсээр байна. Тухайлбал, АНУ 1946, Япон 1954, Солонгос 1953 оноос сургуулийн хоолны тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд холбогдох хөтөлбөрийн хүрээнд бүх сурагчдад хоолоор үйлчилж байгааг дурдав.

2018 оны байдлаар 169 орны 338 сая хүүхэд “Сургуулийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна. Сургуулийн хүүхдийн хоолны үйлчилгээг хуульчлан мэргэжлийн удирдлагатай хэрэгжүүлэх нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд хамгааллын бодлого болдгоос гадна өрхийн төсвийн 10 хувийг хэмнэдэг гэж үздэг. Мөн хоол шим тэжээлийн төлөө оруулсан нэг төгрөг бүр 16 төгрөгийн үр ашиг авчирдаг буюу 16 дахин нэмэгддэг хөрөнгө оруулалт гэсэн тооцоолол ч байдаг байна. Манай улсад сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулсан эрх зүйн орчин төдийлөн бүрдээгүй. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 194 дүгээр тогтоолоор “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 379/341 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу 1-5 дугаар ангийн сурагчдад зардлын норматив болох 600 төгрөгт багтаан үдийн цайны үйлчилгээг зохион байгуулж байгаа аж. Дунд сургуулиуд үдийн цайны мөнгөнөөс хэмнэлт гарган өөр зориулалтаар зарцуулдаг, сургуулийн гал тогоог бусдад түрээсээр ашиглуулдаг гэх мэт зүй бус харилцаа үүссэн төдийгүй нэгэн бизнес болон цэцэглээд байгаа нь холбогдох судалгаанаас харагдаж байна байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцлов.  

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний 5 дугаар судалгааг 2016-2017 онд зохион байгуулсан. Судалгаанд Монгол Улсын 21 аймгийн 94 сум, нийслэлийн найман дүүргийн 30 хорооны 5 хүртэлх насны 2251 хүүхэд, 6-11 насны 1755 хүүхдийг хамруулсан бөгөөд судалгааны дүнгээр 6–11 насны хүүхдийн 7.3 хувь өсөлт хоцролттой, 2.8 хувь туранхай, нийт хүүхдийн 22.2 хувь илүүдэл жинтэй, 6.4 хувь таргалалттай байна. Энэ нь эцэг эх, хүүхдийн хоол, шим тэжээлийн талаарх мэдлэг дутмаг, хооллох зөв дадал хэвшил төлөвшөөгүйтэй холбоотой төдийгүй үдийн цайны чанар, аюулгүй байдал, зохион байгуулалт хангалтгүй байгаа нь ч үүнд тодорхой нөлөөтэй гэж хууль санаачлагчид үзжээ.

Эрүүл мэндийн яамнаас 2015 онд зохион явуулсан "Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд худалдаалж буй хоол, хүнсний чанар, аюулгүй байдал" судалгаагаар нийт сурагчдын 98.4 хувь нь сургууль болон сургуулийн ойр орчмоос хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэдэг ажээ. Сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол, хүнсний бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн бие махбодод ашигтай шимт бодисоор туйлын хомс, илчлэг өндөртэй бүтээгдэхүүнүүд байна. Эдгээрийн 92.5 хувь нь давс ихтэй бүтээгдэхүүн байсан бөгөөд давс багатай бүтээгдэхүүн байгаагүй байжээ. “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан хэрэгжүүлэх нь чухал гэж төсөл санаачлагчид үзжээ.

Иймд дээрх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэргэжлийн хүний нөөц, төсөв санхүү, оновчтой зохион байгуулалт зайлшгүй шаардлагатай бөгөөд уг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.


Энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулав. Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, М.Билэгт, М.Оюунчимэг, Д.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн олонх хуулийн төсөл болон “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ сурагчдад өгч байгаа үдийн цайны төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Засгийн газарт анхааруулж байлаа. Түүнчлэн “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  шаардагдах  хөрөнгө санхүүжилтийн хэмжээ, төсөвт хэр ачаалал үүсэх,  хүнсний аюулгүй байдалд хяналт тавих нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх илүүтэй талаар тодрууллаа. Мөн  сурагчдыг тусгай танхимд хооллох нөхцөл боломж, хууль хэрэгжих хугацааны талаар лавлаж байсан.

Төсөл санаачлагч гишүүн Б.Ундармаа, 2018-2019 оны хичээлийн жилд “Үдийн цай” хөтөлбөрт 34,2 тэрбум төгрөг тусгасан байна.  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Үдийн цай” хөтөлбөрт тусгасан нэг хүүхдэд ногдох зардал болох 600 төгрөгийг 1200 төгрөг болгон нэмэгдүүлэхээр төсөвт  оруулсан ч хасагдсан байна.  Хууль батлагдаж, “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжсэнээр сургууль бүрт  мэргэжлийн хоол зүйч, тогооч ажиллуулж, тусгай гал тогооны тоног төхөөрөмжөөр хангагдсанаар төсөвт тусгагдсан  600 төгрөгтөө багтсан шим тэжээлтэй хоол хүнсээр хүүхдээ хангах боломж бүрдэх юм. Хууль батлагдвал “Үдийн хоол” хөтөлбөр 2019 оны 09 дүгээр сарын 01-ээс эхлэн хэрэгжинэ гэж хариулав.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, “Нэг хүүхдийн үдийн цайны өдрийн норматив 600 төгрөгөөр тогтоосон ч гал тогооны түрээс, бусад урсгал зардлын улмаас  нэг хүүхэд 200-300 төгрөгийн өртөгт таарсан шим тэжээлгүй хүнс хэрэглэж байна” гэж нэмж тайлбарлав. Мөн тэрбээр, “Үдийн хоол” хөтөлбөр батлагдан 2019 оноос хэрэгжвэл ерөнхий боловсролын сургуулиудыг гал тогооны тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжлийн хоол зүйч, тогоочийн цалин зэрэг зардалд 300 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий. Гэхдээ хүүхдүүдээ эрүүл чанартай, шим тэжээлтэй хоолоор хангах нь нийгмийн хамгааллын асуудал төдийгүй төрийн бодлогын салшгүй хэсэг агуулагдаж байгааг ойлгох хэрэгтэй гэж байлаа.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн тул хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэтсээс мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл