Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны тухай эмхэтгэл хэвлэгдэн гарлаа. Намрын чуулган 2024 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийг дуустал ажлын 81 өдөр чуулж, 32 удаагийн нэгдсэн хуралдаанаар нийт 148 асуудал хэлэлцэж, Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай болон Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай зэрэг шинэ, шинэчилсэн болон нэмэлт, өөрчлөлт оруулсан нийт 52 хууль, Улсын Их Хурлын 57 тогтоол баталсан байна.
Эмхэтгэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн чуулганы талаарх мэдээллийг нэгтгэж, “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг бүрэн эхээр нь нийтэлжээ.
Улсын Их Хурлын Байнгын хороод 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд эрхлэх асуудлынхаа хүрээнд 146 удаа хуралдсаны зургаа нь хамтарсан хуралдаан байлаа. Байнгын хороод өөрийн эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах асуудлаар таван удаагийн нийтийн сонсгол, 14 хэлэлцүүлэг, 26 хурал, зөвлөгөөн, дөрвөн сургалт, семинар, 110 уулзалт, ярилцлага зохион байгуулж, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах 21 удаагийн ажил, арга хэмжээ явуулсан байна.
Намрын чуулганыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “өмнөх намрын чуулгануудын хэвшмэл жишгийг өөрчилсөн” чуулган гэж дүгнэн, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг хоёронтаа хэлэлцэн шийдвэрлэсэн үйл явдлыг онцлон нэрлэсэн юм. Тэрбээр “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”-нд тодорхойлсон хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг эрчимжүүлэх эхлэл намрын чуулганаар тавигдсаныг цохон дурдсан байна.
Түүнчлэн эмхэтгэлд Улсын Их Хурлын хууль тогтоох болон хяналт, шалгалтын үйл ажиллагааг Тамгын газраас хэрхэн дэмжиж, зохион байгуулж, сурталчилж ажилласан талаар дэлгэрэнгүй танилцуулжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.