Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны тухай эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.
Хаврын чуулган 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны зургадугаар сарын 05-ныг дуустал ажлын 58 өдөр чуулж, 23 удаагийн нэгдсэн хуралдаанаар нийт 214 асуудал хэлэлцэж, Үндэсний баялгийн сангийн тухай, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай, Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай зэрэг нийт 240 гаруй хууль тогтоомжийг хэлэлцэн баталжээ. Тус чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй уялдуулан Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчлэн найруулсан юм. Ингэснээр манай парламентын хөгжлийн нэгэн шинэ үе эхэлж, 126 гишүүнтэй Улсын Их Хурлын бүрэн эрх, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хуралдааны дэгийг шинээр тогтоосон байна.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Гурван D” буюу “Digital”, “Deliberative”, “Democratic” парламент болох Улсын Их Хурлын Шинэчлэлийн зорилтод мэдэгдэхүйц үр дүн гарсныг онцолж, тус чуулган тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүллээ хэмээн дүгнэсниыг энэхүү ээлжит чуулганы эмхэтгэлээс унших боломжтой. Түүнчлэн эмхэтгэлд хууль тогтоох болон хяналт, шалгах Улсын Их Хурлын үйл ажиллагаанд Тамгын газраас үзүүлсэн мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын дэмжлэгийн талаар тодорхой танилцуулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.