Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн Анхдугаар чуулган 2024 оны долдугаар сарын 02-ны өдрийн 10.00 цагт эхэлж, долдугаар сарын 10-ны өдрийг дуустал ажлын долоон өдөр үргэлжиллээ.
Анхдугаар чуулганы үйл ажиллагаа, ес дэх удаагийн сонгуулиар бүрдсэн Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тусгайлан заасан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нэгтгэсэн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд орсон өөрчлөлт, сонгуулийн холимог тогтоолцоогоор бүрдсэн анхны 126 гишүүн тангаргаа өргөж, Улсын Их Хурлын даргаар Д.Амарбаясгаланг сонгож, намын бүлгүүд байгуулагдан, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталсан байна. Мөн Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдыг томилон, Засгийн газрын бүрэлдэхүүнийг 22 сайд, 16 яамтай байхаар баталж, улмаар хамтарсан Засгийн газрын гишүүдийг Улсын Их Хуралд танилцуулж, тангараг өргүүлэв.
Түүнчлэн Анхдугаар чуулганы хугацаанд Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук манай улсад айлчилж, “Go Mongolia” уриатай Монголын Эдийн засгийн 14 дэх форум зохион байгуулагдсан тухай мэдээллийг тус эмхэтгэлд нэгтгэжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.