Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны тухай эмхэтгэл бэлтгэгдлээ.
Хаврын чуулган 2025 оны гуравдугаар сарын 17-ний өдрөөс долдугаар сарын 09-ний өдрийг дуустал ажлын 82 өдөр чуулж, 40 удаагийн нэгдсэн хуралдаанаар нийт 125 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүнд бие даасан нэг, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 61, олон улсын гэрээ соёрхон батлах тухай хоёр, хууль хүчингүй болсонд тооцох тухай нэг хууль, Улсын Их Хурлын 60 тогтоол баталсан байна.
Эмхэтгэлд Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааны тойм, баталсан хууль тогтоомжийн нэг бүрчилсэн танилцуулгууд болон Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх тойм мэдээллүүдийг багтаасан байна. Мөн Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл, үүний дотор Улсын Их Хурлын даргын захирамж болон Байнгын хороодын тогтоолоор байгуулагдсан хянан шалгах ажлын хэсгүүдийн ажлын явц байдал, үр дүнг танилцуулжээ.
Хаврын ээлжит чуулганы хугацаанд 11 байнгын хороо үйл ажиллагаа явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын есөн гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан батлуулснаар ээлжит чуулганы төгсгөлд Байнгын хороодын тоог найм болгон цөөрүүлжээ.
Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын зохион байгуулалтын бүтцийг шинэчилж, Аж үйлдвэржилтийн бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хороог Эдийн засгийн байнгын хороонд, Ёс зүй, дэгийн байнгын хороог Төрийн байгуулалтын байнгын хороонд нэгтгэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог Нийгмийн бодлогын байнгын хороотой нийлүүлж Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болгон, Өргөдлийн байнгын хороог шинээр байгуулсан юм. Түүнчлэн Дэд хороодын тоо тав байсныг 15 болгон өргөжүүллээ.
Байнгын хороодыг тус бүр 32 хүртэл гишүүнтэй ажиллахаар өргөжүүлэн хуульчилсан бөгөөд хууль батлагдсантай холбогдуулан есөн Байнгын хороо нийт 13 удаа хуралдаж, удирдлага, зохион байгуулалт, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Энэхүү шинэ бүтэц, Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг ээлжит чуулганы эмхэтгэлд дэлгэрэнгүй танилцуулжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Мон
English