Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн (2026.05.06) хуралдаанаараа дөрвөн асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хуралдаан 14 цаг 26 минутад Ч.Анар, Ц.Баатархүү, Р.Батболд, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Х.Булгантуяа, Ж.Ганбаатар, Б.Жаргалан, Б.Жавхлан, Б.Заяабал, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Э.Одбаяр, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Л.Соронзонболд, Р.Сэддорж, А.Ундраа, Б.Уянга, С.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа нарын 21 гишүүн хүрэлцэн ирснээр 68.8 хувийн ирцтэй эхлэв.
Эдийн засгийн байнгын хороо энэ сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа. Үргэлжлүүлэн, Засгийн газраас 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтын төслийг зөвшилцөх эсэх асуудлыг шийдвэрлэв. Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр жилийн 0.15 хувийн хүүтэй, 28 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс 5 жил чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй 50.0 сая еврогийн “Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг байгуулсан. Хэлэлцээрийн хүрээнд таван төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэн холбогдох санхүүжилтийг хуваарилсан байна. Эдгээрээс гурав нь амжилттай хэрэгжиж, дуусчээ. “Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих" төслийн хүрээнд Баян-Өлгий, Говьсүмбэр, Завхан, Увс, Дорнод аймагт хоногт 3000-5000 метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж барихаар гэрээлсэн байна. Өнөөдрийн байдлаар эхний дөрвөн аймагт ажлын гүйцэтгэл 98 хувьтай, Орхон аймгийн төвд хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах төсөл 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Нэн хөнгөлөлттэй зээлийн 71 хувийг буюу 35.45 сая еврог зарцуулсан бөгөөд 14.5 сая еврогийн зээлийн үлдэгдэлтэй байгаа гэв. Гэрээний санхүүжилтийн хугацаа 2026 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болж байгаа учир төслийн нөхцөл байдлыг харгалзан хугацааг 2026 он дуустал сунгаж, санхүүжилтийг гурван жилээр уртасган найман жилийн дотор олгож дуусах шаардлага үүссэн байна. Энэ талаар Польшийн талтай зөвшилцсөн болохыг Сангийн сайд тэмдэглэсэн. Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа дэмжиж, УИХ-ын Байнгын хороодтой зөвшилцөхөөр ирүүлснийг уламжлав.
Хэлэлцээртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Ж.Ганбаатар, А.Ундраа, О.Батнайрамдал нар асуулт асууж, байр суурь илэрхийлэв. Тэд зээлийг үр ашигтай зарцуулах, төслийн гүйцэтгэлийн хугацааг баримтлах, саарал ус ашиглах талаар тодруулж байлаа. Ийн хэлэлцээд зөвшилцөх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 56.5 хувь нь дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Байнгын хорооны хуралдаанаар, Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулав.
Тогтоолын төслийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа. Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй уялдуулан энэхүү төслийг боловсруулжээ.
Сайд Ж.Энхбаяр, Төсөлд 15.3 их наяд төгрөгийн 124 төсөл, 186 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын 76 шалгуур үзүүлэлттэй уялдуулан тодорхойлсон нь манай улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм. Монгол Улсын хөгжлийн 2027 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь Засгийн газрын "Чөлөөлье" санаачилгыг дэмжиж, “Эрх зүйн”, “Эдийн засгийн”, “Дүрэм журмын”, “Ногоон хөгжлийн”, “Авлигын эсрэг” гэсэн дөрвөн чөлөөлөлт байх болно. Эдийн засгийн чөлөөлөлтийн хүрээнд зээлийн хүү бууруулж, санхүүгийн зах зээлийг өрсөлдөөнтэй болгон хувийн хэвшил, үйлдвэрлэлийг дэмжиж, татвар, төсвийн шинэчлэлийг хийнэ гэлээ.
Тэрбээр, Эрчим хүчний салбарт Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай дулааны станц, Дулааны тавдугаар цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барина. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, Зөөвч-Овоо төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Ган үйлдвэрлэлийн цогцолборын талбайн бэлтгэл ажлыг эхлүүлнэ. Экспорт болон аялал жуулчлалын чиглэлийн авто замууд болон "Гашуунсухайт-Ганцмод", "Ханги-Мандал", "Шивээхүрэн-Сэхээ" хил холболтын төмөр зам барьж, хилийн боомтуудын дэд бүтцийг хөгжүүлнэ. Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлж, экспортыг нэмэгдүүлнэ. "Атар IV" аяны хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид, "Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд арьс, ширний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлнэ гэв.
Түүнчлэн зам дагуух аялал жуулчлалын үйлчилгээний цогцолбор байгуулж, Гурвансайхан, Ховд, Мөрөн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ. Эдгээр төсөл, арга хэмжээний үр дүнд эдийн засгийн дундаж өсөлтийг хадгалж, 65 дугаарт эрэмбэлэгдэж байгаа үндэсний өрсөлдөх чадварын индексийг 7 байраар ахиулна хэмээн танилцуулгадаа дурдсан. Харин эрх зүй, дүрэм, журмын чөлөөлөлтийн хүрээнд зөвшөөрлийн тогтолцоог хялбаршуулж, төрийн үйлчилгээг цахимжуулж, шийдвэр гаргалтыг оновчлон хүнд суртлыг бууруулахаар төлөвлөжээ. Боловсролын сапбарт "Цөөн хүүхэдтэй анги" бодлого баримталж, багийн болон хотхоны бага сургуулиудыг байгуулах аж. "Нэг багшид нэг Al туслах"-ыг нэвтрүүлж, Хромбүүк угсрах үйлдвэр байгуулах төслийг эхлүүлнэ гэлээ. Зүрх, судасны үндэсний төв, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв, Хавдар судлалын үндэсний төв-2 зэрэг эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 17 аймгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл хэрэгжүүлж, Нийгмийн эрүүл мэндийн төв, дэд төв байгуулна. Өндөр насны тэтгэврийн дундаж хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн орлогын түвшинд нийцсэн ипотекийн зээлийн төрөлжилтийг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Ингэснээр хүний хөгжлийн индекс 2025 онд 0.756 байгааг 2027 онд 0.781-д хүргэж, дундаж давхаргын эзлэх хувийг 5 хувиар нэмэгдүүлнэ. Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн индекс 49 хувь байгааг 52 хувьд хүргэж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг одоогийн түвшнээс 5 хувиар нэмэгдүүлнэ хэмээн илтгэв.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Үндэсний аудитын газраас “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах” тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй танилцаж, гаргасан дүгнэлт, зөвлөмжөө танилцуулсан.
Зөвлөлийн зүгээс энэхүү төлөвлөгөө хөгжлийн бодлого, шийдвэрүүдийн биелэлтийн хувьд он цагийн онцгой шийдвэрлэх үед байгааг тэмдэглээд, Засгийн газраас боловсруулсан 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд бодлогын хувьд дэвшил гарсан. Гэхдээ хөгжлийн төлөвлөгөө нь зөвхөн зорилго дэвшүүлэх бус, бодитоор хэрэгжих боломж, санхүүгийн эх үүсвэр, үр дүнгийн хэмжүүр, хариуцлагын тогтолцоотой нягт уялдсан байх нь зүйтэй гэж дүгнэжээ. Энэ хүрээнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн нөхцөл байдлыг бодитоор үнэлэх, хөгжлийн тэргүүлэх зорилт, үндэсний үр дүнг оновчтой, тодорхой болгох, бодлогын уялдаа, стратегийн нийцлийг хэрэгжилтийн түвшинд доголдуулахгүй байх, хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтээ SMART байх шаардлага хангуулах, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгож, хөрөнгө оруулалтын үр ашиг, эдийн засгийн тооцооллыг бүрэн хийх шаардлагатай гэжээ. УИХ-аас өмнө нь Засгийн газарт өгсөн чиглэлүүдийн хэрэгжилт болон нийцлийн үнэлгээг хөгжлийн төлөвлөлттэйгээ уялдуулан хийж байх шаардлагатай гэж үзсэн байна.
Хөгжлийн төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Б.Пунсалмаа, Ж.Ганбаатар, М.Энхцэцэг, Л.Соронзонболд нар асууж, үг хэлэв. Гишүүд энэ олон бүтээн байгуулалт, төслүүдийг санхүүгийн ямар эх үүсвэрээр шийдвэрлэхийг тодруулахад, эдгээр төслүүд хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжих боломж бүрдсэн. Эрчим хүчний салбарт гэхэд өмнөх сайд нь станцуудыг бариулах санхүүжилтийг шийдвэрлэчихсэн. Төслүүд алга болохгүй, үргэлжлүүлнэ гэж Ж.Энхбаяр сайд хариуллаа. Хэлэлцүүлгийн дараа УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулсан талаар нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Харин дараа нь Монголбанкны 2025 оны санхүүгийн тайланг хэлэлцэж, тус банкны Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийг сонслоо.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Монгол Улсын эдийн засаг 2025 онд тогтвортой өсөлтөө хадгалсан ч инфляц эрчимжсэн тул төв банк зорилтот интервалд барих бодлого баримталсан. Гадаад худалдаа өнгөрсөн онд эрчимжсэн эерэг дүнтэй гарсан боловч мөнгөний бодлогоо уян хатан зохицуулах, цаг алдалгүй шийдвэр гаргасны үр дүнд гадаад валютын албан нөөц 2025 онд түүхэн дээд хэмжээ буюу 7,005 сая ам.долларт хүрч баталгаажсан. Санхүүгийн тогтвортой байдал нь улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээнд эерэг нөлөө үзүүлж байгаа. Салбарын эрсдэл даах чадвар сайжирсан. Ногоон санхүүжилт, ногоон зээлийг нэмэгдүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, бүтэц зохион байгуулалтаа шинэчилж, цомхотгол явуулсан. Даргын орон тоог 50 орчим хувиар цөөрүүлсэнээр төсвөө хэмнэсэн. Төв банкны засаглалын реформыг эхлүүлэн эргэлт буцалтгүй хэрэгжүүлж байгаа хэмээн танилцууллаа. Тэрбээр, богино хугацаанд "гал унтраах" арга хэмжээ авч ирсэн хэдий ч цаашид бодлогын болоод эрх зүйн, бүтцийн суурь шинэчлэл хийх, Төв банкны тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатайг тодотгов.
Монголбанкны Хяналтын зөвлөлөөс УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд дөрөв, Монголбанканд таван санал, зөвлөмж хүргүүлсэн талаар зөвлөлийн дарга Н.Ууганбаатар товч танилцууллаа. Нийт өр төлбөр, хөрөнгийн зөрүү болох 4.8 их наяд төгрөгийг Засгийн газар үнэт цаас гаргах замаар шийдвэрлэх нөхцөл байдал 2012 оноос хойш үүссэнд анхаарах, Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 38.3 дахь заалтыг хэрэгжих эсэх нь тодорхой бус байгаад анхаарч, шаардлагатай бол өөрчлөлт оруулах хэрэгтэй байна гэв. Мөн тэтгэврийн зээлийг тэглэх зэргээр Монголбанканд хууль, тогтоолоор үүрэг өгөх нь төв банкны бие даасан, хараат бус байдалд сөргөөр нөлөөлж буйг, санхүүгийн тайланг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж байхаар шийдвэрлэх нь зүйтэй гэж зөвлөжээ.
Харин Хяналтын зөвлөлөөс Монголбанкны удирдлагад хандаж өгсөн зөвлөмждөө, Засгийн газраас авах авлага нь төв банканд эрсдэл учруулж болзошгүй тул эргэн төлөлтөд нөлөөллийн үнэлгээ хийж, Захирлын зөвлөлөөр хэлэлцэх, төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхээс эрс татгалзах, хөндлөнгийн аудитын "өөрчлөлтгүй" дүгнэлтийг хэвээр хадгалахад онцгой анхаарч, хяналтын горимыг чанд мөрдөх, тайлангаа олон нийтэд хүртээмжтэй байдлаар хүргэх, Хяналтын зөвлөлийн зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай гэжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Б.Пунсалмаа, С.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа, Ж.Ганбаатар, О.Батнайрамдал, Ж.Золжаргал, Л.Соронзонболд нар асууж, байр суурь илэрхийлэв. Хуралдаан 4 цаг 20 минут үргэлжилж өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English