Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр /2026.05.26/ Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус Байнгын хороо Монголын бизнесийн зөвлөлтэй хамтран “Монголын бизнесийн эрх зүйн орчныг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд хуулийн төсөл болон эдийн засгийн эрхийн асуудлаарх хөрөнгө оруулагчдын илтгэлийг хэлэлцсэн юм. УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг, ихээхэн хүчин чармайлт гаргаж гэмээнэ хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх боломжтой. Ингэхийн тулд эрх зүйн болоод эдийн засаг, бизнесийн орчин тогтвортой байх чухал гэдгийг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ онцоллоо. Харин чанартай хууль бизнес эрхлэгчдийн хувьд ихээхэн найдвар, түшиг болдог, гэтэл манай улсад хуулиас давсан журмууд бийг, ялангуяа төр-хувийн хэвшил хоорондын харилцаа хамаарлыг тодорхой болгох шаардлагатайг Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд дарга Д.Жаргалсайхан өгүүлсэн.
Засгийн газрыг төлөөлж, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав. Дампуурлын тухай хууль 29 дэх жилдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ажээ. Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн үнэлгээгээр Монгол Улс дэлхийн 180 гаруй улсаас 152 дугаарт жагссан. Өөрөөр хэлбэл, дампуурлын асуудал хурцаар тавигдсан тул Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 12 бүлэгтэй, 146 зүйлтэй нарийвчилсан процесс бүхий хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Хоёр дахь удаагаа өргөн мэдүүлсэн уг төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг УИХ өнгөрсөн намрын чуулганы хуралдаанаараа хэлэлцээд санал хураалтыг түр хойшлуулаад байгаа. Зөвхөн дампууралтай холбож авч үзэх нь учир дутагдалтай учраас хууль санаачлагч хуулийн төслийн нэрийг олон улсын жишгээр нэрлэсэн гэсэн юм.
Дампуурлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт дурдсан тоон мэдээллээр 10 жилийн хугацаанд 39 дампуурлын хэрэгт нийт 95 нэхэмжлэгч оролцсон, тэдгээр нь 20,7 сая төгрөгийн шаардлага гаргаснаас дөнгөж 1 орчим хувь нь хангагджээ. Үүнээс харахад нэхэмжлэгчдийн шаардлагыг хангасан байдал туйлын хангалтгүй бөгөөд дампуурлын ажиллагаанд нэхэмжлэгчид бүрэн хамрагдсан эсэх нь ч тодорхойгүй байна гэв.
Хуулийн төслийн цаад агуулга нь хувийн хэвшлийнхэнд эрүүл, тогтвортой, шударга орчинг бүрдүүлэх зорилготойг, аж ахуйн нэгжүүдийн бизнесийг шууд дампууруулаад дуусгана гэх бус аврах боломжоор хангах эрх зүйн орчныг бий болгох үзэл санаатай гэдгийг хэлэлцүүлгийн үеэр тодотгож байв. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд төлбөрийн чадваргүй эсвэл бизнес нь дампуурвал түүнээс авлагатай нэхэмжлэгчдийн эрхийг тэгш хангах нь чухал тул шударга хуваарилалтын асуудал нь хуулийн төслийн томоохон зорилтын нэг байх ёстой ажээ.
Энэхүү хэлэлцүүлэгт Дэлхийн банкны төлөөлөл “Бизнесийн орчныг сайжруулахад үзүүлэх Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн Шинэчилсэн найруулгын төслийн эрх зүйн зохицуулалтын үүрэг болон Монгол Улсад үзүүлэх үр нөлөө” сэдвээр, Системийн инженерчлэлийн институтээс “Бизнесийн үйл ажиллагааг зохицуулж байгаа хуулиудын хүний эдийн засгийн эрхийн дүн шинжилгээг Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд шинжлэх нь” сэдвээр илтгэж, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн дэд ахлагч С.Цэнгүүн, Их Британийн Бизнес, худалдааны яамны Зүүн Европ болон Төв Азийн бүс хариуцсан Дэд захирал Бен Алдред, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, Монголын Бизнесийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, “Би Эф Эс Экс Монголиа” ХХК-ийн Улс хариуцсан захирал Л.Жавхлан нар “Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Эрх зүйн тогтвортой байдал ба Хөрөнгө оруулагчдын итгэл” сэдвээр мэргэжлийн байр суурь илэрхийллээ. Бизнес эрхлэгчид тухайн улс оронд хөрөнгө оруулалт хийхдээ зөвхөн өөрийн хөрөнгийг гаргадаггүй, зээлийн санхүүжилт ч тэнд явдаг хэмээн олон улсын компанийн төлөөлөл мэдээлэл өгсөн. Энэхүү хуулийн төсөл батлагдвал эдийн засгийн томоохон дэмжлэг, итгэл үнэмшил болно гэсэн хүлээлттэй байгааг нуугаагүй.
Хэлэлцүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл оролцож хуулийн төслийн талаар үзэл бодлоо илэрхийлж, санал гаргасан. Мэдээллийн цахим сан нээлттэй байж, аливаа бодлогын шийдвэрүүд дата мэдээлэлд үндэслэдэг байх чухал гэв. Цаашид хуулийн төслийг хэлэлцүүлж, санал нэг бүрийг тусгахад анхаарахаа УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч илэрхийлсэнээр хэлэлцүүлэг өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English