Улсын Их Хурлын өнөөдрийн (2026.06.11) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 02 минутад эхэлж, Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлээ. Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт, тайлбар авсан юм. Иймд хэлэлцүүлэг үргэлжилж, хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийн талаарх байр сууриа гишүүд илэрхийллээ.
О.Саранчулуун гишүүн, 92000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн насны иргэн байдаг ч ердөө 13 хувь нь хөдөлмөр эрхэлдэг талаарх баримт дурдаад, Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд гэрээрээ гар урлал эрхэлдэг, бичил бизнес эрхлэгчдийг дэмжсэн зохицуулалт байх шаардлагатай гэдгийг хэллээ. Нөөцдөө тулгуурлан баялаг бүтээж буй хүн бүрийг бизнес эрхлэгч хэмээн үзэж, төслийн нэр томьёо, агуулга, индесктээ хөгжлийн бэрхшээлтэй ч нөөцдөө тулгуурлан баялаг бүтээж буй иргэд, бичил бизнес эрхлэгч бүлгийг багтаахыг хүсэв. Хөдөлмөр эрхлэлтийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бизнесийн олгож буйг өөрчилж, санхүүжилтийн тогтолцоог Төрийн сангаас мэргэжлийн салбар буюу арилжааны банк руу шилжүүлэх шаардлагатай гээд холбогдох тайлбарыг хэлсэн. Түүнчлэн банк эсвэл аливаа аж ахуйн нэгж энэ төрлийн бизнесийг дэмжсэнийхээ төлөө хөнгөлөлт авдаг тогтолцоог бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхэлж буй бизнесийг төрөөс бодлогоор дэмжих шаардлагыг тайлбарлаж, байр сууриа илэрхийллээ.
Бизнесийн орчин дахь төрийн оролцоог бууруулах нь авлигыг бууруулна гэж С.Эрдэнэболд гишүүн хэлээд бизнес хийснийхээ төлөө иргэн ял шийтгэл хүлээдэггүй байх нь нэн чухал бөгөөд бизнесийн харилцааг эрүүгүйжүүлэх зохицуулалтыг маш тодорхой хуульчлах, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, бүс нутгийн өрсөлдөх чадвартай хуулийн төсөл дэх зохицуулалтыг уялдуулах нь ач холбогдолтой хэмээн санал хэлээд төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн.
Төсөлд тусгасан зарим зохицуулалтыг Д.Энхтүвшин гишүүн онцлоод, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Тухайлбал, аж ахуй эрхлэхийн тулд татвар, нийгмийн даатгалын өргүй байх, зөвшөөрөл авахын тулд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж нь эзэмшлийнх нь байх шаардлагыг хасан, бизнес эрхлэх шаардлагыг багасгаж буйгаараа ач холбогдолтой болж байгаа гэлээ. Түрээсийн, ашиглалтын гэрээтэй ч бизнес эхлүүлэх боломж бүрдэх аж. Мөн хүний нөөцтэй холбоотой дэвшилтэт зохицуулалтыг тусгасан байгааг дурдаад хуульд зааснаас бусад тохиолдолд үнэ тогтоох зэргээр эдийн засаг дахь төрийг оролцоог хязгаарлаж байгаа нь чухал хэмээн тэмдэглэв. Мөн банкны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж бусад салбарт оролцохгүй байх зохицуулалт нь тун оновчтой хэмээгээд Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын өргөн мэдүүлсэн төсөлтэй үзэл баримтлалын хувьд ижил учраас нэгтгэн хэлэлцэх боломжтой хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. П.Ганзориг гишүүн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж, үг хэлсэн юм. Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, суутган татварыг 5 хувь болгон бууруулж байгаа, хиймэл оюун ухаан, сэргээгдэх эрчим хүч, ногоон эрчим хүч, дата төв зэргийн тоног төхөөрөмжийг импортын гаалийн татвараас нь чөлөөлж байгаа зэрэг зохицуулалтын талаар онцлов. Нөгөөтээгүүр, бизнесийн эрх чөлөөг хангана гэж байгаа ч холбогдох хуулийг зөрчсөн төрийн байгууллага, эрх мэдэлтнүүдэд хүлээлгэх хариуцлага тодорхойгүй, бизнесүүдийг үндэслэлгүй шалгаж, дарамталж, хохироосон тохиолдолд хохирлыг хэрхэн барагдуулах зэрэг асуудлыг зохицуулаагүй байгааг хэлж байв. Монгол Улсын хувьд нээлттэй, ил тод байдал дутмаг, аливаа гэрээ, хэлэлцээний биелэлт муу, хууль дээдлэх зарчим мөрдөгддөггүй, авлигын асуудлыг олон улсын байгуулага болон гадаа улс орнуудын Элчин сайд нар цохон тэмдэглэдэг болохыг Б.Мөнхсоёл гишүүн хэлээд, төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Бизнесийн орчинд цогц реформ хийх эдгээр төслүүдийн хэлэлцүүлэгт нухацтай хандах шаардлагын талаар тэрбээр байр сууриа илэрхийлсэн юм.
Зөвшөөрлийг хүнд суртлаас чөлөөлөх асуудалд Улсын Их Хурал олон жил анхаарал хандуулж ирснийг С.Бямбацогт дарга хэллээ. “Зөвшөөрөлтэйгөөс бусад нь хориотой” гэсэн үзэл хандлагаар сумын Засаг даргаас эхлээд Засгийн газар хүртэл тусгай зөвшөөрөл олгодог, ингэхдээ хүнд суртал үүсгэж, авлига, шан харамж нэхдэг тогтолцоог халах хуулийн төслийг 2019 онд тэрбээр санаачлан, 2022 онд батлуулжээ. Зөвшөөрлийг цөөлж, хүнд сурталгүй болгосон тус хуулийг хэрэгжих боломжгүй болгосон талаар дурдаад “Одоо зөвшөөрлийг хүнд суртлаас чөлөөлж, зөвшөөрснөөс бусад нь чөлөөтэй байх, хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй бизнесийг л төр хянаж тусгай зөвшөөрөл өгдөг байхаар тусгажээ. Бусад тохиолдолд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд чөлөөтэй бизнес эрхэлдэг байх энэ төслийн зорилт нь одоо Үндсэн хууль дахь эрх, эрх чөлөөг баталгаажуулах, төрөөс бизнесийн үйл ажиллагаанд үзүүлэх дарамтыг багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнесийн орчныг тогтвортой байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна” хэмээн тодотгов. Бизнесийн эрх чөлөөг хангах зарчмууд, бодлогын чухал асуудлуудыг тусгасан гэдгийг тэмдэглэн хэлсэн.
Ийнхүү гишүүд төслийн үзэл баримтлалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалтыг хойшлуулахаар Улсын Их Хурлын дарга шийдвэрлэв.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүнээс энэ оны 5 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Хууль зүйн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулав.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас цэргийн ангиудад эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс ангид байх эрхийг хангах, хамгаалах чиглэлээр сургалт, мэдээлэл, соён гэгээрүүлэх, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж тус салбарт хүний эрхийн зөрчлөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлэх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын чадавхыг бэхжүүлэхээр хуулийн төслийг боловсруулжээ.
Байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа төслийн холбогдох хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд d.parliament.mn цахим сайтад төслийг байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа юм байна. Тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.9 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэв.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, О.Алтангэрэл, Г.Очирбат, М.Нарантуяа-Нара, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт, мэдээлэл авав. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, Х.Баасанжаргал, Ч.Ундрам нар байр сууриа илэрхийллээ. Хуулийн хэрэгжилтийг хянан шалгах талаар, зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүний эрхийн талаарх мэдлэг олгох сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг өргөн хүрээтэй, үр дүнтэй зохион байгуулах, салбарын хэмжээнд удаа дараа гарч буй хүний эрхийн ноцтой зөрчлийн мөрөөр хариуцлага тооцож байх, холбогдох байгууллагуудаас энэ чиглэлээр хүргүүлсэн өвлөмж, чиглэлийг хэрэгжүүлдэг байх, Хүний эрхийн Үндэсний Комиссын төсөв, санхүүжилтийг зохих хэмжээнд нэмэгдүүлж, бэхжүүлэх талаар саналуудыг гишүүд хэлж, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг хойшлуулснаар дараагийн асуудлыг хэлэлцсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг байв.
Улсын Их Хурлын гишүүн 37 гишүүнээс энэ оны 5 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, харьяалах Байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа танилцууллаа.
Нийтийн мэдээллийг ашиглахад хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний мэдээлэл авах эрх, эрх чөлөөг үл хязгаарлах, төрийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх, хүн, хуулийн этгээд хуулиар хязгаарлалт тогтоогоогүй аливаа мэдээллийг саадгүй олж авах нөхцөл боломжийг бүрдүүлэх замаар иргэдийн орон сууц захиалгатай холбоотой харилцаанаас үүсэх хөрөнгө санхүү, цаг хугацаа, гэрээний харилцаанаас үүсэх эрсдлийг бууруулах, сэргийлэх боломжтой хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Орон сууц захиалгын гэрээгээр иргэн, хуулийн этгээд гэрээ байгуулан хөрөнгө оруулсан боловч зөвхөн барилга барьж байгаа гүйцэтгэгч болон захиалагч аль нэг хуулийн этгээдийн дангаар өмчлөх эрхийг бүртгэж байгаа нь захиалгаар гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдөж, зөрчигддөг болохыг П.Сайнзориг гишүүн илтгэлдээ дурдсан.
Барьж дуусаагүй барилгыг улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан иргэн хуулийн этгээд нь тухайн барилгыг удаан хугацаатай, өндөр хэмжээний зээлийн барьцаанд тавьж бүртгүүлдэг гэв. Үүний улмаас тухайн захиалгын гэрээ байгуулж хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд нь өөрийн өмчлөлд бүртгүүлэх процесс удааширдаг, эрсдэлд ордог байна. Тухайлбал, барьж дуусаагүй барилгын эрхийг бүртгүүлж зээл аваад төлбөрөө бүрэн барагдуулж чадахгүйн улмаас барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэл хангуулахаар хууль хяналтын байгууллагын шийдвэр гарах тохиолдол гардаг аж. Мөн зээл авсан тухайн барилгын компани нь төлбөрөө төлөөгүйн улмаас, бусад асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж нийтийн зориулалттай дуусаагүй барилгын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тохиолдол ч гардаг.
Иймд Иргэний хуулийн 145.2-т заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн хэлцэл болон барьж дуусаагүй барилга дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангах агуулга бүхий нийтийн зориулалттай орон сууцны захиалгын гэрээний хэсгээр барьцаанд тавихыг хязгаарлах нь давхардуулан хөрөнгө босгохоос сэргийлэх буюу зээл олгож буй банк, санхүүгийн байгууллага болон орон сууцны захиалгын гэрээ байгуулж хөрөнгө оруулсан этгээдийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзсэн байна.
Одоо үйлчилж буй хууль эрх зүйн хүрээнд бүх дуусаагүй барилга улсын бүртгэлд бүртгүүлдэггүй, сайн дурын үндсэн дээр явж ирсэн учраас иргэдийн захиалгын гэрээг улсын бүртгэлд бүртгэхэд “тухайн барилга нь дуусаагүй барилгаар бүртгэгдсэн” тохиолдолд боломжтой, бүртгэгдээгүй бол боломжгүй байдаг. Иймээс нэг ижил тоот дээр иргэдээс давхардуулан захиалга авч иргэд, хөрөнгө оруулагчдыг хууран мэхлэх тохиолдол олон байгаа юм байна.
Иймд барилга барих зөвшөөрөл олгохтой зэрэгцэн хаяг олгох, батлагдсан ажлын зурагт үндэслэн орон сууц, авто зогсоолын тоо, үйлчилгээний талбайн төлөвлөлттэй уялдуулан захиалгын гэрээг давхардуулан хийх боломжгүйгээр улсын бүртгэлд бүртгэгдэхээс өмнөх үйл явцыг нээлттэй байх хууль, эрх зүйн орчин, мэдээллийн сан үүсгэх шаардлагатай хэмээн П.Сайнзориг гишүүн танилцууллаа.
Өөрөөр хэлбэл, ашиглалтад оруулах гэрчилгээ олгоогүй боловч барьж дуусаагүй барилгыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн эсэх, зөвшрөөлд заагдсан нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар барьж байгаа барилга байгууламж дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангах агуулга бүхий хэлцэл, урьдчилсан тэмдэглэгээ байгаа эсэх, Иргэний хуулийн 145.2-т заасны дагуу орон сууц захиалгын гэрээ, хэлцэл тухайн барилгатай холбоотойгоор байгуулагдаж, бүртгүүлсэн эсэх талаарх мэдээллийг нээлттэй мэдээлэл байхаар хуулийн төсөлд тусгажээ.
Хууль зүйн байнгын хороо төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг энэ сарын Байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа явуулсан бөгөөд d.parliament.mn цахим сайтад төслийг байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа гэв. Хууль зүйн байнгын хорооны тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.
П.Сайнзориг гишүүний танилцуулсан төсөл санаачлагчийн илтгэл, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан С.Эрдэнэболд, О.Номинчимэг, Д.Бум-Очир, Г.Хосбаяр нарын гишүүд, мөн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нар асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм. Дараа нь хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжиж буй байр сууриа Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, С.Одонтуяа, П.Наранбаяр нар илэрхийлж, иргэдийн эрхийг хангаж, хамгаалах асуудлыг шийдвэрлэхийн сацуу луйвар хийдэг, муу түүхтэй барилгын компаниудыг жагсаалтад оруулж, улмаар шударгаар, хариуцлагатайгаар үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг хамгаалах, мөн төрөөс хууль бусаар зөвшөөрөл олгосноос аж ахуйн нэгж болон иргэдийг хохироож буйд анхаарах шаардлага байгааг хэлж байлаа. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг 17.00 цагт явуулахаар Улсын Их Хурлын дарга шийдвэрлэв.
Засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулав. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн иргэд, салбарын үйл ажиллагаанд оролцогчдын хүсэлт бусад улс, орнуудын ашигт малтмалын эрх зүйн орчин зэрэг нөхцлийг харгалзан үзэж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох, ашигт малтмал баяжуулах үйл ажиллагаа, түүний зарчим, чухал ашигт малтмал, нөхөн сэргээлт, хаалт болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, хуваарилалтын асуудлуудыг тусгасан болохыг Г.Дамдинням сайд танилцуулсан. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх; чухал ашигт малтмалын талаарх бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх; ашигт малтмалын баяжуулах үйл ажиллагааны зохицуулалт; геологи, уул уурхайн салбар дахь орон нутгийн оролцоог оновчтой болгох; ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Орон нутгийн нэгдсэн хөгжлийн санд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой зарчмын шинжтэй асуудлуудыг тусгасан байна.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Байнгын хороо энэ сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн холбогдох хэлэлцүүлгийг хийсэн байна. Төслүүдийг d.parliament.mn цахим сайтад төслийг байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа гэдгийг тэрбээр танилцуулсан. Эдийн засгийн байнгын хорооны тус өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.
Ийнхүү төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа санал хураалт явуулахаар товлосон 17.00 цаг болсон тул санал хураалтуудыг явууллаа. Эхлээд Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 108 гишүүний 63 хувь нь дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нэг бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулан шийдвэрлээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Удаад нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураахад 108 гишүүний 84 нь дэмжлээ. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Үргэлжлүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжив. Улмаар хамт өргөн мэдүүлсэн төсөл нэг бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулан шийдвэрлээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.
Санал хураалтуудыг явуулсны дараа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, Г.Дамдинням сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан. Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, О.Амгаланбаатар нар илэрхийлж, үг хэлсэн юм. Хуулийн төсөл бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаарх санал хураалтыг Баасан гарагийн 10.00 цагт явуулахаар товлоод дараагийн асуудлыг хэлэлцсэн.
Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд нарын 13 гишүүнээс энэ оны 5 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар танилцууллаа.
Байгалийн баялгийн үр өгөөжийг одоо болон ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх Үндсэн хууль болон Үндэсний баялгийн сангийн хуваарилалт, зарцуулалтын зарчмыг хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, ялангуяа олборлох, ашиглах үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд өртөж байгаа бүс нутаг, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтыг сайжруулах, орон нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдал, хөгжлийг дэмжих санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдлыг харгалзан үзэж Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд газрын тос, байгалийн хийн нөөц ашигласны төлбөрийн 25 хувийг улсын төсөвт, 35 хувийг Үндэсний баялгийн санд, 10 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 10 хувийг тухайн тусгай зөвшөөрлийн талбай байрлах Бүсийн хөгжлийн санд, 10 хувийг тухайн тусгай зөвшөөрлийн талбай байрлах аймаг, нийслэлийн төсөвт, 10 хувийг тухайн тусгай зөвшөөрлийн талбай байрлах сум, дүүргийн төсөвт тус тус хуваарилахаар тусгасан байна.
Дээрх төслийг дагалдуулан Төсвийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Татварын ерөнхий хууль, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг боловсруулсан гэв.
Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн холбогдох хэлэлцүүлгийг хийсэн байна. Төслүүдийг d.parliament.mn цахим сайтад төслийг байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа гэдгийг Ч.Анар гишүүн танилцуулсан. Төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Эдийн засгийн байнгын хорооны тус өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлт, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо, төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, Л.Соронзонболд гишүүн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан. Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжиж буйгаа гишүүд илэрхийлэхийн өмнө Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг уг асуудлаар 16 цагийн завсарлага авах хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин илэрхийллээ. Улсын Их Хурлын дарга хүсэлтийн дагуу завсарлага өгөхөөр шийдвэрлэв.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлангийн 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулах товтой байсан ч хууль санаачлагч хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авч, эзгүй байгаа учир холбогдох хэлэлцүүлгийг хойшлуулсан.
Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг нарын 70 гишүүний энэ оны 5 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулахаар Улсын Их Хурлын дарга танилцуулав. Энэ үед Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин уг асуудлаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг 1 цагийн завсарлага авах хүсэлт илэрхийлж, С.Бямбацогт дарга хүсэлтийн дагуу шийдвэрлэв. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, мөн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээс Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тус бүр 1 цагийн завсарлага авах хүсэлтэй байгааг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин илэрхийллээ. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хүсэлтийн дагуу шийдвэрлэв.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нарын 17 гишүүний 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Уг асуудлаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг таван өдрийн завсарлага авсан нь дууссан тул хэлэлцүүлгийг ийн үргэлжлүүллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа танилцуулав.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2020 онд хийгдсэн бөгөөд уг шинэчилсэн найруулгаар засаг захиргааны нэгж, нутгийн удирдлагын чиг үүргийг тодорхойлж, улмаар чиг үүргийг давхардалгүй, хийдэлгүй тодорхойлсны дээр нутгийн удирдлагын чиг үүргээс гадна төрийн зарим чиг үүргийг төлөөлүүлэн гүйцэтгүүлэхээр мөн хуульд тодорхой зааж өгсөн байдаг хэмээн төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.
Орон нутаг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, улмаар Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцах хүрээнд өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлагуудыг удирдлагаар хангах, тэдний ажлын хариуцлагыг ч мөн өөрөө давхар хариуцахаар хуульчлагдсан байдаг аж. Иймээс харьяа нутаг дэвсгэртээ төрийн чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлэх хүрээнд Засаг дарга нь засаг төрийн төлөөлөгчийн хувьд өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлагыг томилж чөлөөлөх, хариуцлага тооцох, ажлын төлөвлөлт, түүний гүйцэтгэлд хяналт тавих, чадварлаг төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах, урьж ажиллуулах зэргээр удирдлага, зохион байгуулалтын эрхийг нь мөн шилжүүлж өгөх шаардлага үүссэн гэж төсөл санаачлагчид үзжээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн холбогдох хэлэлцүүлгийг хийсэн байна. Төслүүдийг d.parliament.mn цахим сайтад төслийг байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа гэдгийг Ж.Баярмаа гишүүн танилцуулсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны тус өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.
Хууль санаачлагчийн илтгэл болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлт, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо, төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Д.Энхтүвшин, С.Зулпхар нарын гишүүд асуулт асууж, төсөл санаачлагч О.Амгаланбаатар, Ж.Батсуурь, Ц.Туваан нарын гишүүдээс хариулт авсан. Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийн талаарх байр сууриа Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, Б.Хэрлэн нар илэрхийлж, үг хэлсний дараа төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг Баасан гарагт явуулахаар Улсын Их Хурлын дарга шийдвэрлэв.
“Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Эдийн засгийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцуулсан юм.
Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 03-ны өдрийн хуралдаанаараа “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төсөл”-ийн хүрээнд Монгол Улсад үр өгөөжтэй ашиглах боломжтой, олон талт хэрэгцээ шаардлагад нийцсэн хиймэл дагуулын асуудлаар Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны санал, дүгнэлт болон тус Дэд хорооноос боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцжээ.
Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны 2026 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төсөл”-ийн хүрээнд Монгол Улсад үр өгөөжтэй ашиглах боломжтой, олон талт хэрэгцээ шаардлагад нийцсэн хиймэл дагуулын талаар судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн зүгээс “Талес Алениа Спейс” компани, түүний толгой компани болох “Талес Групп” болон олон улсын хиймэл дагуулын шийдэл нийлүүлэгч 5 байгууллагатай биечлэн уулзалт, хэлэлцүүлэг хийж хиймэл дагуулын хүчин чадал, давтамжийн боломж, хөөргөх хугацаа, хөөргөлт, түүний үнэ, даатгал, газрын станц, модуляц, санхүүжилтийн нөхцөл зэрэг үзүүлэлтийг харьцуулан авч үзээд санал, дүгнэлт бэлтгэн Дэд хороонд танилцуулсан талаар Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар танилцуулсан байна.
Тус дэд хорооны санал, дүгнэлтэд техник, эдийн засгийн үндэслэл хуучирсан, өндөр өртөг, хязгаарлагдмал хүчин чадал, санхүүжилтийн бүрэн эцэслэгдээгүй нөхцөл, нэмэлт зардлын эрсдэл зэргээс шалтгаалан “Үндэсний хиймэл дагуулын төсөл”-ийн одоогийн хувилбарыг дахин нягтлах, техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэх асуудлыг тусгасан байна. Шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэл нь хилийн бүсийн холбоо, гамшгийн үеийн нөөц холболт, төрийн болон хувийн хэвшлийн хэрэглээ, газрын станц, олон улсын гарцын нөөц холболт, ирээдүйн хүчин чадлын өсөлт, санхүүжилтийн олон хувилбарыг хамарсан байх шаардлагатай талаар мөн тусгажээ.
Төслийн нийт өртгийг зөвхөн хиймэл дагуулын үндсэн үнээр бус, хөөргөлт, даатгал, газрын станц, гэйтвэй, хэрэглэгчийн терминал, сургалт, үйл ажиллагаа, засвар үйлчилгээ, санхүүжилтийн хүүгийн зардал, сансрын ашигтай байршил зэрэг нийт эзэмшлийн өртгөөр тооцож, олон улсын боломжит хувилбаруудтай нэг ижил шалгуураар харьцуулах асуудлыг тусгасан байсныг Л.Соронзонболд гишүүн нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Түүнчлэн Монгол Улсад хамгийн үр ашигтай хувилбарыг тодорхойлохын тулд олон улсын зах зээл дээрх боломжит хувилбаруудыг техник, эдийн засгийн үндэслэл, санхүүжилт, хэрэгжүүлэх хугацаа, нийт өртөг, хүчин чадал гэсэн нэгдсэн шалгуураар дахин харьцуулан үнэлэх нь зүйтэй гэж үзжээ.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Дэд хорооны санал, дүгнэлт болон тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга тогтоолын төслийн 1.1-т тусгагдсан төслийн техник, эдийн засгийг үндэслэлийг дахин шинээр боловсруулах хэрэгцээ, шаардлага болон шаардагдах төсвийн талаар асуулт асууж, хариулт авсан бөгөөд тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс санал гараагүй байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасныг үндэслэн Дэд хорооноос боловсруулсан “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих эсэх асуудлаар Байнгын хорооны хуралдаанаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 75 хувь нь дэмжсэн гэв.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Рэгдэл нар асуулт асууж, Ч.Анар, Ж.Золжаргал нарын гишүүдээс хариулт, тайлбар авлаа. Төслийн талаарх санал хураалтыг Баасан гарагийн 10.00 цагт явуулахаар товлоод дараагийн асуудал буюу Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг нарын 70 гишүүний 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулав. Уг асуудлын хэлэлцүүлгээс Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн авсан 1 цагийн завсарлага дууссан юм.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа танилцууллаа.
Эрчим хүчний салбарын хөгжлийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, хөрөнгө оруулалт, томоохон төсөл хөтөлбөрийн явц, эрчим хүчний аюулгүй байдал сэргээгдэх эрчим хүчний хөгжил эрчим хүчний хараат байдлыг бууруулах асуудлыг тогтмол хэлэлцэх парламентын хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын бүтцэд Эрчим хүчний хөгжлийн дэд хороо байгуулах нь зүйтэй гэж үзэн хуулийн төслийг боловсруулжээ. Байнгын хороо 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан байна. Төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа хэмээн Д.Энхтуяа гишүүн танилцуулсан. Төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Хууль санаачлагчийн илтгэл, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, байр суурь илэрхийлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг Баасан гарагт явуулахаар боллоо.
Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн авсан 1 цагийн завсарлага нь дууссан тул Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолыг баталсан юм.
Дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2026 оны 04 дүгээр тогтоолоор байгуулжээ. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Ч.Ундрам нар ажилласан гэв.
Ажлын хэсгээс боловсруулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай 39 дүгээр зүйлийг баримтлан хэлэлцжээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Хууль санаачлагчийн илтгэл, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, байр суурь илэрхийлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг маргаашийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар Улсын Их Хурлын дарга шийдвэрлэв.
Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг асуудлаарх Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн 1 цагийн завсарлага дууссан тул ийнхүү хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан танилцуулав. Хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2025 оны 23 дугаар тогтоолоор байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан ажилласан байна. Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, Г.Ганбаатар, Н.Наранбаатар, А.Ундраа, Б.Уянга нар ажлын хэсэгт ажиллажээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцжээ.
Ажлын хэсгээс хоол үйлдвэрлэл, үйлчилгээ гэх нэр томьёог стандартын шаардлага хангасан байр, түүхий эд, технологи болон мэргэжлийн хүний нөөцөд тулгуурлан хоол үйлдвэрлэх үйлчлэх үйл ажиллагаа байхаар өөрчлөн найруулахаар санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Мөн аюулгүй байдал гэх нэр томьёог баталгаат байдал болгон, хуулийн нэрийг өөрчлөх, нэр томьёог сууриар нь солих асуудал нь одоогийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд өөрчлөх нь зөвхөн нэр томьёоны механик өөрчлөлт биш харин бодлогын томоохон шинэчлэлд тооцогдох тул нэмэлт өөрчлөлтийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй гэж үзжээ. Иймд үүнийг нэг мөр солих нь салбарын бодлогыг бүхэлд нь шинэчлэн тодорхойлох хэмжээний зарчмын өөрчлөлт учраас аюулгүй байдал гэсэн нэр томьёог хэвээр нь үлдээх нь зүйтэй гэж үзсэн байна. Төсөл дэх хүнсний аюулгүй байдал гэсэн нэр томьёог хасаж, тусад нь зүйл болгон томьёолсон байсныг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлж, төрөөс баримтлах бодлогын хүрээнд цэцэрлэг сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дотоодын гарал үүсэлтэй түүхий эд ашиглан, стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан үйлдвэрт бэлтгэсэн хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн нийлүүлсэн аж ахуйн нэгж, хоршоог дэмжих, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор мэдээллийн нэгдсэн санг үүсгэж хөтлөх, уг сан нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн бүртгэл гол нэрийн хүнсний нөөцийн мэдээлэл, хяналт шалгалтын тайлан, импорт, экспортын зөвшөөрөл, гүйцэтгэлийн мэдээлэл зэрэг 8 төрлийн мэдээллээс бүрддэг байх асуудлыг тусгахаар холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Тус мэдээллийн нэгдсэн сан нь бусад төрийн байгууллагын системтэй цахимаар холбогдож мэдээллийг бүрдүүлэх саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Д.Энхтүвшин гишүүн асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй 21 саналын томьёоллоорх санал хураалтыг маргаашийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар шийдвэрлэснээр Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Мон
English