Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 23 дугаарын тойм

 “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Конвенц соёрхон батлах тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулиуд болон “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-ийн 2001 оны конвенц, ”Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай”,  ”Засгийн газарт чиглэл өгөх тухай”, ”Хуулийн төсөл буцаах тухай” УИХ-ын тогтоолууд, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, Конвенц соёрхон батлах тухай хуулиар НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Ерөнхий бага хурлын 2001 оны 31 дүгээр чуулганаар баталсан “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай” конвенцыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталжээ. Түүнчлэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтын “бага хүүхэд нь 1 нас хүрсэн,” гэснийг, мөн зүйлийн 3.2 дахь хэсгийн бага хүүхэд нь нэг нас хүрэхэд” гэснийг, мөн хэсгийн “байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас” гэснийг, 1 ба түүнээс дээш настай” гэснийг тус тус хассан бол  Эрүүгийн хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулиар тус хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцжээ. 

Түүнчлэн ”Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” УИХ-ын тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасны “... 4 жил ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр ... зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэснийг зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байна.

Мөн ”Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолоор хог хаягдлын менежментийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагааг дэмжих эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Үүнд: -аж ахуйн нэгж, байгууллага үүсгэсэн хог хаягдлынхаа хэмжээнд үндэслэн үйлчилгээний хураамж төлөх, чөлөөт үнийн тогтолцоонд шилжих эрх зүйн орчныг бүрдүүлэх; -үйлдвэрлэгч, импортлогчийн хариуцах бүтээгдэхүүний жагсаалтыг шинэчлэх; -хуванцар, шилэн сав, лааз зэрэг дахиврыг буцаан тушаасан иргэн, аж ахуйн нэгжид урамшуулал олгох механизмыг бүрдүүлэх; -айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах тогтолцоог нэвтрүүлж, тусгайлан цуглуулах, тээвэрлэх дэд бүтцийг хөгжүүлэх; -хог хаягдал үүсгэгч нь үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг харгалзан тээвэрлэгчийг өрсөлдөөний үндсэн дээр сонгох эрх зүйн орчныг бүрдүүлж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх; -хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах, хог хаягдлаас бордоо, эрчим хүч, дулаан үйлдвэрлэх үйл ажиллагааг дэмжих, тоног төхөөрөмжийг татвар, гаалийн хөнгөлөлт, санхүүгийн урамшууллаар дэмжих цогц бодлогыг хэрэгжүүлэх; -төвлөрсөн хогийн цэгт дахин боловсруулах боломжтой дахивар нөөц хүлээн авсан тохиолдолд тарифыг ялгавартай тогтоох, урамшууллын тогтолцоог бүрдүүлэх; -хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагаанд төсвөөс олгож байгаа татаасыг үе шаттайгаар бууруулж, зардалд суурилсан төлбөрийн механизмыг нэвтрүүлэх; -хог хаягдлын үйлчилгээний хураамжийг шинэчлэх, жишиг хөтөлбөр хэрэгжүүлэх; -авто зам дагуух түр буудаллах цэг, нийтийн эзэмшлийн талбай, хамгаалалтын бүсэд хог хаягдлын менежментийг сайжруулах; -аюултай хог хаягдлын тооллого хийх, бүртгэл, хяналтын нэгдсэн тогтолцоог бий болгох, эрсдэлд өртөх хүн амын судалгаа, шинжилгээ хийх, жагсаалтыг шинэчилж, уул уурхайн болон эмнэлгийн аюултай хог хаягдлыг тусгайлан зохицуулах асуудлыг судалж, шийдвэрлэх; -бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрт хог хаягдлын талаарх боловсрол, дадлыг төлөвшүүлэх агуулгыг тусган хэрэгжүүлэх зэрэг юм.

Харин ”Хуулийн төсөл буцаах тухай” УИХ-ын тогтоолоор УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарын 33 гишүүнээс 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээ