Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 233 дугаар захирамжаар "Хүн төвтэй, мэргэшсэн төрийн алба"-ыг бэхжүүлэх хүрээнд төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт, томилгоо, цалин урамшуулал, гүйцэтгэлийн үнэлгээ, мэргэшүүлэх сургалт, ёс зүй, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, төрийн албаны улс төрөөс хараат бус байдлыг хангах, төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэл, дижитал шилжилт, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх чиглэлээр судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Зулпхараар ахлуулан байгуулсан юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас 2025, 2026 онд гаргасан Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан, төрийн албан хаагч, иргэдийн сэтгэл ханамжийн судалгааны үр дүн, олон улсын туршлагыг удирдлага болгон энэхүү ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Х.Болормаа, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, С.Эрдэнэбат нар ажиллаж буй билээ.
Тус ажлын хэсэг өнөөдөр /2026.06.20/ “Төрийн албаны шинэчлэл” сэдэвт уулзалтыг зохион байгуулав. Төрийн албаны шинэчлэл, хөгжил, цаашдын чиг хандлагын хүрээнд өрнүүлсэн уулзалтад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Зулпхар, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Г.Уянгахишиг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг, дэд дарга Н.Мягмар, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн болон зөвлөлийн гишүүд, Удирдлагын академийн төрийн албаны шинэчлэлийн асуудлаар судалгаа хийдэг, мэргэшсэн судлаач багш нарын төлөөлөл оролцов.
Оролцогчид төрийн албыг улс төрийн нөлөөллөөс ангид, мэргэшсэн, тогтвортой, иргэдэд ойр, ил тод, хариуцлагатай тогтолцоо болгон төлөвшүүлэх нь шинэчлэлийн гол зорилго байх ёстой гэдгийг онцолж байв.
УИХ-ын гишүүд төрийн албаны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн уялдааг хангах чиглэлээр байр сууриа илэрхийлж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академийн төлөөлөл төрийн албаны шинэчлэлийн бодлого, хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн юм.
Ажлын хэсгийн ахлагч С.Зулпхар мэргэшсэн төрийн албыг бэхжүүлэх асуудлаар уулзалт, хэлэлцүүлгийг цаашид тогтмол зохион байгуулж, оролцогч талуудын саналыг сонсон, төрийн албаны шинэчлэлийг үе шаттай, тууштай хэрэгжүүлэхээр ажиллана гэдгээ илэрхийллээ.
Ажлын алба
Мон
English