Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 26 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд болон “Хуулийн төсөл буцаах тухай”, “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай”, “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай”, “Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай” УИХ-ын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуульд дараах зохицуулалтыг тусгасан зүйлийг нэмсэн. Үүнд:-Нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээний хяналт, зохицуулалт; -Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй  адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүрэг; -Нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүргийг заасны дотор эцэг, эх, асран хамгаалагч нь 18 нас хүрээгүй хүүхдийг мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэйг тодорхойлжээ. Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар тус хуульд мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, мөнхүү тээврийн хэрэгслийг жолоодож  замын хөдөлгөөнд оролцсон 18 нас хүрээгүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд нь эрх бүхий этгээдээс тогтоосон зогсоолын байршлаас бусад нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбай, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол, ногоон байгууламж, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны газрын ногоон зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, эдгээртэй адилтгах газарт тээврийн хэрэгслээ байршуулсан бол тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зэрэг нэмэлт оруулсан. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “4 жил” гэснийг “6 жил” гэж өөрчилжээ.

Түүнчлэн “Хуулийн төсөл буцаах тухай” тогтоолоор УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүнээс 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр УИХ-д Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо буцаах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид буцаасан байна. 

Харин “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолоор улс, орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө оруулалтаар болон Засгийн газрын гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний талаар 3 арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Үүнд: 1/төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж эхэлсэн боловч бүрэн дуусаагүй зогссон төсөл, арга хэмжээний ашиглалтад ороогүй шалтгаан, төсөвт үзүүлж байгаа үр дагавар, нөлөөллийг төсөл, арга хэмжээ нэг бүрээр судалж, холбогдох тайлан болон цаашид төсвийн хөрөнгө оруулалтаар үргэлжлүүлэх, эсхүл өмчлөлийн өөр хэлбэрт шилжүүлэх зэрэг асуудлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа 2026 оны 09 дүгээр сарын 15-ны дотор УИХ-д танилцуулах; 2/Засгийн газрын гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлж эхэлсэн боловч зээлийн хэлэлцээрийн хугацаанд бүрэн дуусах боломжгүй зогссон төсөл, арга хэмжээний талаарх мэдээллийг энэ тогтоолд заасан тайланд тусгах;  3/УИХ-аар жилийн төсвийн төслийг хэлэлцэх хэлэлцүүлгийн бүх шатанд Төсвийн тухай хуульд заасан цахим систем дэх мэдээллээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санал авах, үнэлэх, эрэмбэлэх, төлөвлөх, батлах үйл явцыг УИХ-ын гишүүд нээлттэй харах боломжийг бүрдүүлэх ажээ. “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолоор 9 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан. Үүнд: 1/Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, түүнчлэн мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах техникийн үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн ангилал, техникийн шаардлага, стандартыг хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулж батлах; 2/мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах тээврийн хэрэгслийг “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д хамруулан бүртгэлжүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, холбогдох журмыг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор шинэчлэн батлах зэрэг юм.

Мөн “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолоор үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулах, тус төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа олон улсын зах зээл дээр санал болгож байгаа боломжит хувилбаруудыг харьцуулан судалж, сонгон шалгаруулалтыг ил тод явуулах, төслийн санхүүжилтийг  улсын төсөв, гадаад өрийн хэмжээнд дарамт учруулахгүй байх чиглэлээр урт хугацаатай, нэн хөнгөлөлттэй зээл, экспортын санхүүжилт, лизинг, ашиглалтын орлогоор эргэн төлөх зэрэг санхүүжилтийн уян хатан хувилбаруудыг судалж, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх зэрэг  арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан.

Мөн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолоор Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Г.Баясгаланг Цэцийн гишүүнээс чөлөөлжээ. Харин “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолоор Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Н.Мягмар, Ц.Уртнасан нарыг томилж, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Б.Баасандоржийг  тус хорооны гишүүнээс чөлөөлсөн. Түүнчлэн “Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай”  УИХ-ын тогтоолоор Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

 

 

 


                       

Хуваалцах:

Холбоотой мэдээ