“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Улсын нисэхийн тухай /Шинэчилсэн найруулга/ , Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль зүйн туслалцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд болон “Хуулийн төсөл буцаах тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, Улсын нисэхийн тухай хуулийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэр, агаарын зайд улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх, улсын нисэхийн үйл ажиллагааны удирдлага, зохицуулалт, улсын нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Түүнчлэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиар 2003 онд баталсан Улсын нисэхийн тухай хуулийг хүчингүй болгожээ.
Харин Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуульд хүн бүрийн эдийн засгийн боломж, газар зүйн байршил, нас, биеийн онцлог, хэрэгцээ, шаардлагад тохирсон хүнсийг тогтмол, хангалттай хэмжээнд авах боломжийг бүрдүүлэх замаар хүнсийг хүртээмжтэй байлгах арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүлэх, хүнсний хангамжийг тодорхойлохдоо нэн тэргүүнд нялх, балчир хүүхдийн хоол тэжээл болон цэцэрлэг, сургуулийн хүнсний хүртээмжийн асуудлыг тусгах зэрэг агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмжээ. Өмгөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуульд өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны талаар заасан 29 дүгээр зүйлийг өөрчлөн найруулсан байна. Мөн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуулийн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль зөрчих, Хөдөлмөрийн тухай хууль зөрчих зэрэг зүйл, хэсгийг өөрчлөн найруулжээ.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар хуульчийн сургалтын хөтөлбөр хууль зүйн шинжлэх ухаан, бусад шинжлэх ухааны холбогдох сэдвийг агуулсан байх бөгөөд уг хөтөлбөрт “Монгол Улсын Үндсэн хууль”, “Монгол Улсын олон улсын гэрээ”, “Хүний эрх”, “Хуульчийн ёс зүй”, “Хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэл” сэдвийг заавал тусгаж, хуульчийн сургалтыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар заажээ. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар тус хуульд хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, “хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчим” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, төлөвлөх, батлах, хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хүндэтгэхэд чиглэсэн байхыг болон хүний эрх, эрх чөлөөг хангах зорилтот хөтөлбөр, эрх зүйн шинэтгэлийн зорилтот хөтөлбөрийн тухайд заалт нэмсэн байна.
Түүнчлэн “Хуулийн төсөл буцаах тухай” УИХ-ын тогтоолоор Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид буцаажээ.
“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор “Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт”-ын “Агуй”, “Адаг”, “Айраг”, “Ам”, “Ар”, “Арал”, “Баг”, “Балар”, “Балгас”, “Боом”, “Булаг”, “Булан”, “Бургас”, “Бүрд”, “Ганга”, “Говь”, “Гол”, “Горхи”, “Гуу”, “Даваа”, “Дов”, “Дэвсэг”, “Дэл”, “Дэрс”, “Жалга”, “Зааг”, “Манхан”, “Нуруу”, “Нуур”, “Овоо”, “Оргил”, “Өвөлжөө”, “Өндөр”, “Рашаан”, “Сайр”, “Салаа”, “Сархиа”, “Суваг”, “Тал”, “Товог”, “Тогоо”, “Тойром”, “Толгод”, “Толгой”, “Тохой”, “Туурь”, “Тээг”, “Ус”, “Усан сан”, “Уул”, “Ухаа”, “Үзүүр”, “Хавцал”, “Хад”, “Хамар”, “Хонд”, “Хонхор”, “Хоолой”, “Хошуу”, “Хөв”, “Хөндий”, “Хөтөл”, “Хөшөө”, “Худаг”, “Хүр”, “Хяр”, “Хясаа”, “Цар”, “Цохио”, “Чулуу”, “Шанд”, “Ширээ”, “Элс”, “Энгэр”, “Эрэг”, “Эрэгцэг” гэсэн хэсэгт уламжлалт газар зүйн нэрийг тус тус нэмж, мөн Ам”, “Арал”, “Бөөрөг”, “Булаг”, “Бэл”, “Бэлчир”, “Гатлага”, “Гол”, “Горхи”, “Даваа”, “Жалга”, “Зааг”, “Зоо”, “Манхан”, “Нуруу”, “Нуур”, “Сайр”, “Салаа”, “Суга”, “Тал”, “Товог”, “Тойром”, “Толгод”, “Толгой”, “Уул”, “Ухаа”, “Хаалга”, “Хавцал”, “Хад”, “Хоолой”, “Хошуу”, “Хөндий”, “Хөтөл”, “Худаг”, “Хяр”, “Хясаа”, “Цав”, “Энгэр” хэсгийн газар зүйн нэрийг өөрчлөн найруулжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English