“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Б.Баттулгын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийн тухай”, ““Ти Ар Эс Жи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийн тухай” Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолуудыг нийтэлсэнтэй тус тус дэлгэрэнгүй танилцах боломжтой юм. Тухайлбал, Б.Баттулгын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/10, Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах бөгөөд тус хэргийн нөхцөл байдал нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны Б/10 дугаар захирамжаар Б.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн Засаг даргын 2025 оны Б/11 дүгээр захирамжаар Г.Мөнхжаргалыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Засаг даргаар томилжээ. Энэ хэргийн тухайд шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхихоор тогтоосон байна.
Харин ““Ти Ар Эс Жи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах юм. Хэргийн нөхцөл байдал нь “Ти Ар Эс Жи” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Төрөл бүрийн шаваас, эмульс” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон байх бөгөөд тухайн компанийг тендерт хавсаргаж ирүүлсэн “барааны шинжилгээний тайлангийн огноог өөрчилсөн” гэж үзэж, тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн байна. Шүүхээс “Ти Ар Эс Жи” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2025 оны 17 дугаар дүгнэлтийг хүчингүй болгохоор тогтоожээ хэмээн УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Мон
English