Цэс

Холбоо барих

Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт

2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот





Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн

Ц.Цолмон



Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!



Монгол Улсын Засгийн газраас 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх тухай асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.


Хуулийн төслийг хэлэлцүүлэхэд Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 17-ийн “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сан”-д иргэдийн бүртгэл, мэдээллээс гадна 16 байгууллагын мэдээллийн сан төвлөрдөг тул нууцын зэрэглэлээс гаргах нь учир дутагдалтай мөн 1:100000-аас илүү нарийвчлалтай масштабын байр зүйн зургийг нууцын зэрэглэлээс гаргахгүйгээр энгийн зориулалтаар ашиглах зураг хэвлэн гаргаж асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн санал гаргаж хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасан.


Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд хуулийн төсөл хэлэлцүүлэхийг дэмжээд одоо мөрдөгдөж буй Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд орсон зарим мэдээ, баримт бичиг нь өнөөгийн техник, технологийн хөгжлийн үр дүнд нууц биш болсон бөгөөд эдгээрийг нууцлах нь улс орны бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжилд саад болж байгаа, Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиудыг шинэчлэн өөрчлөх асуудлыг олон жил ярьж байгааг Засгийн газар анхааралдаа авч хуулийн төслүүдийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх шаардлагатай гэсэн саналтай байлаа.


Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Ц.Цолмон нар хуулийн төслийн хэлэлцэх, эсэх асуудлыг шийдвэрлэсний дараа энэ асуудлыг холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудыг байлцуулан Тусгай хяналтын дэд хорооны, шаардлагатай бол Байнгын хорооны хаалттай хуралдаанаар төрийн нууцын жагсаалтаас гаргах гэж байгаа зарим мэдээ, баримт бичгийг нухацтай нягтлан үзэх нь зүйтэй гэсэн санал гаргасан.


Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.




Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ !

Хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.



Анхаарал тавьсанд баярлалаа.



АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД

БОДЛОГЫН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                                             Ц.ЦОЛМОН





Хуваалцах:

Холбоотой мэдээлэл