Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 13 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн энэ дугаарт, Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Улсын дээд шүүхийн танхимын тэргүүнийг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтэллээ.

Зарлигаар, Тогтохын Уранцэцэгийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр, Хээмчигийн Сонинбаярыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүнээр тус тус томилжээ.

Мөн дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, Худалдан авах ажиллагааны газраас 2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт болон Хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталжээ.

Энэ тогтоолын хавсралтад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэхийг Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалд, холбогдох зураг төсөл, техникийн тодорхойлолт, ажлын даалгаврыг хуулийн хугацаанд Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт тус тус даалгасан байна.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Үүгээр 2015 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг хавсралтаар баталжээ.

Түүнчлэн цэргийн дүйцүүлэх албыг 2015 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 4.526.544 /дөрвөн сая таван зуун хорин зургаан мянга таван зуун дөчин дөрвөн/ төгрөг байхаар тогтоожээ.

Засгийн газрын тогтоолоор Биеийн тамир, спортын хөгжлийн төв байгуулахаар болсон байна. Эрүүл мэнд, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа Спортын бэлтгэлийн төвийг Биеийн тамир, спортын хөгжлийн төв болгон өөрчлөн зохион байгуулахаар болжээ гэж УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл