Цэс

Холбоо барих

ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2019.09.02-06)

ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт

(2019.09.02-06)


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Худалдаа, Үйлдвэрлэлийн Их Сургуулийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.

МУИС нь энэ жил 77 дахь хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байгаа бөгөөд нийт 7 бүрэлдэхүүн сургууль, нэг ахлах сургууль, 20 хүрээлэнтэй, 20 мянга гаруй оюутантайгаар 2019-2020 оны хичээлийн жилээ эхлүүлж байна. Өнгөрсөн онд 16 орны 420 оюутан тус сургуульд суралцжээ.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ “Монголын ирээдүй бол оюутан, залуус. Та нар дипломын төлөө бус өөрийгөө хөгжүүлж, сурч, мэдэхийн төлөө хичээгээрэй. Орчин цагт дэлхий даяар дипломыг бус хувь хүний авьяас, чанарыг илүүд үзэж байна. Тиймээс хаана ч очсон чадвартай хүнд ажлын байр бий шүү. Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадармой” гээд жил бүрийн хичээлийн шинэ жилийн нээлтээ Нобелийн шагналт эрдэмтдийн лекц илтгэлээр эхлүүлдэгт баяртай байдгаа илэрхийлээд МУИС-иас ирээдүйн Нобелийн шагналтан төрөхийг ерөөв. Тэрбээр нээлтийн ажиллагааны төгсгөлд тус сургуулийн эрдэмтэн багш нарын бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхсон юм.

Мөн энэхүү нээлтийн ажиллагааны үеэр МУИС-ийн Номын сан Монгол Улсын соёлын салбаруудаас анх удаа ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн гэрчилгээгээ гардаж авлаа.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дараа нь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд оролцож, эрдэмтэн багш, оюутан залуустай “Боловсролын шинэчлэл” сэдвээр уулзалт, ярилцлага хийлээ.

Тэрбээр “Та бүгдээс Монгол Улсын ирээдүй ямар байх нь шалтгаална. Өнөөдрийн тасалсан нэг цагийн лекц, уншаагүй үлдээсэн нэг хуудас хожим хүүхэд багачуудын 100 цагт авах ёстой байсан мэдлэгийг тасална гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Монгол улсын Засгийн газраас багш боловсролыг олон жил тууштай дэмжиж ирсний нэгэн илэрхийлэл нь элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан оюутнуудад олгож буй тэтгэлэг, багшлах дадлагын тэтгэлэг, төрийн сангийн зээл болон бусад төрлийн тэтгэлгүүд болно” гээд Монгол Улсын төрөөс Боловсролын хуулийг шинэчлэх, дээд боловсролын салбарыг цаашид дэмжин хөгжүүлж дэлхийн хэмжээнд хүргэх талаар бодлогын баримт бичгийг боловсруулан чанартай боловсрол олгох, авьяаслаг, бүтээлч, чадамжтай хүний нөөцийг тасралтгүй нэмэгдүүлэх талаар эрх зүйн үндсийг бий болгоход анхаарч ажиллаж байгааг дурдлаа.


Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өөрийн ажил, амьдралын гарааг эхлүүлж байсан Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуульд очив. Энэ онд түүхт 95 жилийн ой нь тохиож буй тус сургуульд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 1992 онд эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдон ирж, хожим багшлах болсноо эргэн дурсав. Тэрбээр тус сургуульд шинээр элссэн оюутнуудад тусгайлан баяр хүргээд шинэ мянганы оюутнууд шинэлэг зорилготой байхын чухлыг онцлов. 2019.09.02. http://www.parliament.mn/n/49jy


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх “Росструдничества” байгууллагын тэргүүн, хатагтай Э.В.Митрофанова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Халхын голын ялалтын 80 жилийн ой болон “Эрдмийн баяр”-ын мэнд дэвшүүлэв. Тэрбээр Монгол, Оросын удаан жилийн түүхтэй, уламжлалт найрсаг харилцаа, ард түмнүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд туршлагатай дипломатч, нийгмийн зүтгэлтний хувьд хатагтай Э.В.Митрофановагийн оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа онцлон тэмдэглэлээ.


Хатагтай Э.В.Митрофанова цаг зав гарган, хүлээн авч уулзаж байгаад нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд “Эрдмийн баяр”-ын хүрээнд Монголд үйл ажиллагаа явуулдаг орос сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, тэнд суралцаж буй сурагчдын авьяас чадвараар онцгой бахархсанаа хэллээ. Түүнчлэн хоёр ард түмний хамтын ялалт-Халх голын 80 жилийн ой бол бидний хувьд онцгой баяр юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин энэ ойг тохиолдуулан хүрэлцэн ирж байгаа нь манай хоёр ард түмний онцгой, түүхэн харилцааны тод илэрхийлэл юм гэлээ.

“Росструдничества” байгууллагын Монгол дахь салбар Монгол Улсын парламенттай тогтоосон хэлхээ холбоогоо улам өргөжүүлэхийн төлөө байдаг бөгөөд Таны тэргүүлсэн “Орос, Зөвлөлтөд их, дээд сургууль төгсөгчдийн холбоо” өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж, бидний ажлыг дэмжин тусалж байдагт талархаж байна хэмээн хатагтай Э.В.Митрофанова онцоллоо. 2019.09.02.  http://www.parliament.mn/n/5djy

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нийт иргэддээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлэв.

Тэрбээр мэндчилгээндээ, хүнд бэрх цагт анд нөхрийн ёсоор туслан дэмжиж, дайны фронтод ялалтын төлөө мөр зэрэгцэн тулалдсан Оросын Холбооны Улсын хатан зоригт дайчдын суу алдрыг ялалтын баярын энэ өдөр дурсан тэмдэглэж, гүн талархал илэрхийлье. Энэхүү ялалт хоёр орны ард түмний хамтын ялалт байсан бөгөөд дайны талбарт цусаар гагнагдсан ахан дүүсийн нөхөрлөл энхийн цагт ч тууштай үргэлжлэн уламжлагдаж, улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л салбар, олон улсын тавцанд харилцаа, хамтын ажиллагаа маань тууштай гүнзгийрэн хөгжсөөр байна гэдгийг онцлов. 2019.09.03.  http://www.parliament.mn/n/5mjy


Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бараалхлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Эрхэм хүндэт Владимир Владимирович Та Халх голын хамтын ялалтын 80 жилийн ойн хүрээнд манай улсад айлчилж,  энэ үеэр Тантай уулзаж байгаадаа баяртай байна” гэж уулзалтын эхэнд хэллээ.

Ноён В.В.Путин Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд, Халх голын ялалт бол бидний хамтын нөхөрлөл, найрамдлын түүхийн нэгэн илэрхийлэл юм. Энэ ялалтын ач холбогдол манай хоёр ард түмэнд үнэ цэнэтэй байсаар байх болно гэв.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Чин сэтгэлийн хандлага, илэн далангүй бодит харилцаа бол найрамдал юм” гэсэн Оросын суут жанжин А.В.Суворовын хэлсэн үгийг дурдаад, Таны Халх голын ялалтын ойд биечлэн оролцож, албан ёсоор айлчилж буй нь ОХУ-ын удирдлага, Оросын ард түмэн хоёр орон, ард түмний найрамдал нөхөрлөлийн үнэ цэнийг дурсан хүндэтгэсээр байгааг дахин нотолж байна гэлээ. Мөн тэрбээр Таны айлчлалын хүрээнд хоёр талын харилцааны түвшинг ахиулж Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэхээр хэлэлцэн тохиролцож буйд баяртай байна хэмээн онцлон тэмдэглэв.

Түүнчлэн парламент хоорондын хамтын ажиллагаа нь Монгол, Оросын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг тэмдэглээд, хоёр орны хууль тогтоох байгууллагуудын нягт хэлхээ холбоо нь худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх чиглэлээр эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.


Мөн хөрөнгө оруулалтын хамтарсан том төсөл огт хэрэгжүүлэлгүй хэдэн арван жил өнгөрөөд байгааг дурдаж, боломжит төслүүдийг, тухайлбал УБТЗ-ын дэд бүтцийг хөгжүүлэх, техникийн шинэчлэл хийх төслийг эхлүүлэх сонирхолтой байгаагаа дуулгаад, энэ төслийг гүйцэтгэхэд шаардлагатай 100 тэрбум рублийн хөнгөлөттэй зээлийг олгох асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахыг Ерөнхийлөгч В.В.Путинээс хүслээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хоёр орны хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан нь бидний цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн үгийнхээ эхэнд онцлон тэмдэглэлээ. Мөн тэрбээр Халх голын хамтын ялалтын ач холбогдлыг өндрөөр үнэлж, ойг угтан олон сайхан арга хэмжээ зохион байгуулсанд монгол нөхдөдөө талархаж байгаагаа илэрхийлэв.

Ноён В.В.Путин олон жилийн түүхтэй, найрсаг хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийн тулд “Хамтдаа бид зөвхөн урагшаа тэмүүлэх ёстой“ гэв. Бидний харилцааны гол чиглэл эдийн засаг юм гэж тэрбээр онцлоод, хамтарсан томоохон төсөл хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө эдийн засгийн үр ашиг, өгөөжийг урьдчилан сайн тооцох нь чухал гэж тэмдэглэлээ. 2019.09.03. http://www.parliament.mn/n/5xjy


Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Чуулганы өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно.” гэж өөрчлөхөөр гаргасан зарчмын зөрүүтэй саналын талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн. Иймээс энэхүү томьёоллоор санал хураалтыг үргэлжлүүлэх үед Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар  төслийн 23.1 дэх заалтын санал хураалтыг түр хойшлуулж, дахин ярилцаж, найруулах шаардлагатай гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын  гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь нараас төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчлөн найруулахаар дэмжигдсэн саналтай холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Ингээд уг саналын томьёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив. 2019.09.04.http://www.parliament.mn/n/59jy


Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналын томьёоллуудаар санал хураалт үргэлжлүүлэн явуулж, төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчлөн найруулахаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь нар гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 92.2 хувь нь дэмжив.


Мөн УИХ-ын 62 гишүүн төсөлдөө төслийн 3 дугаар зүйлийн 5 дахь заалт буюу Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” хэмээн өөрчлөн найруулахаар тусгасныг гишүүдийн дийлэнх олонх дэмжлээ.

Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг “Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна” гэж өөрчлөн найруулах санал 86.4 хувийн дэмжлэг авсан юм.

Үргэлжлүүлэн Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ. 2019.09.04.  http://www.parliament.mn/n/hmjy


Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх саналуудаас түр хойшлуулаад байсан хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулав. Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно” гэж өөрчлөн найруулахаар Ажлын хэсэг болон УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн юм.


Түүнчлэн “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэсэн хэсэг Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлд нэмэх Ажлын хэсгийн санал хуралдаанд оролцсон гишүүдийн 95.1 хувийн саналаар дэмжигдэв.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэхдээ өмнөх өдрийн хуралдаанаар гишүүдийн хэлсэн саналыг өнөөдрийн санал хураан шийдвэрлэсэн хоёр заалтад тусгаж найруулах чиглэлийг Ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хороонд өглөө. 2019.09.05. http://www.parliament.mn/n/hujy


Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан заалтуудыг хэлэлцэж, саналын томьёоллын санал хураалт явуулав. Тухайлбал, парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван есдүгээр зүйлд “2.Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна.” гэсэн хэсэг нэмэх саналтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж, Ажлын хэсгийн дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувь нь дэмжив.

Дараа нь Ажлын хэсэг болон УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Эрдэнэбат нараас төслийн 2 дугаар зүйлээс “Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална.” гэсэн хоёр дахь өгүүлбэрийг хасаж, төслийн 3 дугаар зүйл буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг “2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 89,2  хувь нь дэмжлээ. 


Мөн Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтоох, ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглохтой холбоотой зарчмын зөрүүтэй саналын талаар гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нар төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 89.2 хувь нь дэмжсэн юм.  Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн “Монгол Улсын Үндсэн хуулийн” гэсний дараа “Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “далан зургаан” гэснийг “ерэн есөн” гэж,”, төслийн 4 дүгээр зүйлд “Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “дөрвөн” гэснийг “таван” гэж,” тус тус хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 2019.09.05.  http://www.parliament.mn/n/7djy


Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан заалтуудыг хэлэлцэж, саналын томьёоллын талаарх санал хураалтыг үргэлжлүүлэв. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлд “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гэсэн хэсэг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувь нь дэмжив. 


Дараа нь гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хойшлуулсан саналын томьёоллоор санал хураалт явуулсан. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсэг төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно” гэсэн хэсэг нэмэх саналтай холбогдуулж УИХ-ын дарга Г.Занданшатар "Ажлын хэсгийн уг заалтад УИХ-ын гишүүн М.Билэгт, Н.Оюундарь, Г.Учрал, С.Чинзориг, Ж.Ганбаатар нарын саналыг тусгаж өөрчлөн найруулж, гурав дахь хэлэлцүүлэгт оруулахаар бүлгийн хуралдаанаас шийдвэрлэсэн" гэсэн тайлбарыг гишүүдэд дуулгасан. Ингээд дээрх саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 62 гишүүнээс 42 гишүүн дэмжсэн ч, 57 гишүүний дэмжлэгийг авч чадсангүй. 

Үргэлжлүүлэн УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчлөн найруулах саналыг хэлэлцэж, гишүүд байр сууриа илэрхийлэв. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн төслийн 29, 39 дүгээр заалт хоорондоо уялдаатай тул энэ хоёр асуудлаар бүлэг хуралдаж, дахин ярилцах шаардлагатай тул 15 цаг хүртэл завсарлага авахаа мэдэгдсэнээр чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав. 2019.09.06. http://www.parliament.mn/n/7mjy


Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар гүйцэтгэх эрх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангахтай холбоотой төслийн заалтуудаар санал хураалт явуулсан. УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд тусгасан “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт олонхын дэмжлэг авсан юм. Ингэснээр Улсын Их Хурал, Засгийн газрын чиг үүргийн давхцал арилж, тэдгээрийн чиг үүргийн ялгаа тодорхой болох, бие биеэсээ хараат бусаар Үндсэн хуулиар тогтоосон бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хооронд хяналт-тэнцлийн механизм сонгодог утгаараа хэрэгжиж,  Улсын Их Хурлаас Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналт сайжрах ач холбогдолтой.

Харин Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэж өөрчлөн найруулах санал дэмжигдсэнгүй. Мөн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж өөрчлөн найруулах санал олонхын дэмжлэг авсангүй.

Харин Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно” гэж өөрчлөн найруулахаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжлээ. Ингэснээр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хугацааг тодорхой тогтоох боломжтой болж байгаа юм.


Дараа нь шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсгийг “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.” гэж өөрчлөн найруулах санал дэмжигдэв. Шүүхийн сахилгын хороог байгуулснаар шүүгчийн хариуцлага, сахилгын тогтолцоо тогтвортой, үр нөлөөтэй болно гэж гишүүд үзэж байгаа аж. 

Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлийн 9 дэх заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэж бүхэлд нь өөрчлөн найруулах санал дэмжигдлээ. Мөн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэсэн хэсэг нэмэх саналыг гишүүдийн дийлэх олонх  нь дэмжсэн юм. 2019.09.06. http://www.parliament.mn/n/7xjy


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэж дууссантай холбогдуулан  Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар хэвлэлийн хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын ээлжит бус чуулганаар наймдугаар сарын 09-нөөс есдүгээр сарын 07-ны өдрийг хүртэл нэг сар гаруйн хугацаанд хийсэн юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: -Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хатуу шалгууртай, амаргүй асуудал байдаг юм байна.  УИХ-ын нэр бүхий 62 гишүүн Үндсэн хуулийн 53 заалтад өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьснаас 8 заалт огт хөндөгдөөгүй, бусдыг нь хэлэлцэхээр болсон. 

Гол өөрчлөлтүүдээс дурдвал, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой аливаа оролдлогыг үл зөвшөөрнө. Тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглоно гэсэн заалтыг Үндсэн хуульд оруулах саналыг Ерөнхийлөгч УИХ-д ирүүлсэн. Уг саналыг УИХ-ын гишүүд дэмжсэн нь Үндсэн хуульд Монгол Улсын тусгаар тогтнол анх удаа бүрэн баталгаажиж байгаа нь томоохон өөрчлөлтийн нэг юм. Мөн Монгол Улсын иргэн бүр төр шиг төр, парламенттай, улс орон нь хөгжсөн, шударга шүүхтэй болохыг хүсэж байгаа. Үүнтэй холбоотой заалтуудыг УИХ-ын гишүүд оруулж ирсэн. Байгалийн баялагтай холбоотой заалтад өөрчлөлтөд орсон. Хэдхэн хүн байгалийн баялгийг захиран зарцуулдаг, ард түмэнд олгохгүй гэдэг асуудал яригддаг. Тэгвэл энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялаг ард түмний өмч байх талдаа шилжиж байна. Байгалийн баялаг төрийн нийтийн өмч гэсэн томьёолол орж ирсэн. Үүнийг олон янзаар тайлбарлаж байна. Энэ төрийн нийтийн өмчийг захиран зарцуулахдаа заавал ард түмнээсээ асууж шийдвэрлэх, олон нийтийн оролцоог хангах үүднээс Үндсэн хуулиараа хуульчилж өгч байна. Түүнчлэн Монгол Улсын хар хайрцгийн бодлого гэж ярьдаг, урт хугацааны хөгжлийн бодлогын асуудал Үндсэн хуульд орхигдсон байсан. Тэгвэл урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлоод аль ч нам, эвсэл эрх барьсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлээд явах заалтыг тусгалаа.

Нутгийн удирдлагатай холбоотой шинэ заалтууд, тухайлбал, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох, төсвийн бие даасан асуудлыг шийдэх асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шийдэж өглөө. Мөн 1992 оны Үндсэн хуульд тусгасан ч хэрэгжихгүй байсан Дархан, Эрдэнэтийг хот болгох, 21 аймгийг хот болгох, зарим тосгоны асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. 2000 оны Үндсэн хуулийн дордуулсан долоо гэх заалтыг засах чиглэлд тодорхой заалтууд орсон. Ялангуяа УИХ-д хэт их эрх мэдэл төвлөрөх асуудлыг багасгах зорилтууд тодорхой хэмжээгээр биеллээ олж байна. Өнөөдөр Засгийн газрын гишүүд нь бүгд “давхар дээл”-тэй ажиллаж байгаа бол энэ удаагийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд, Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн нь УИХ-ын гишүүн байж болно. Бусад нь гаднаас мэргэшсэн, мэргэжлийн сайд нар байх ёстой гэж тусгасан.

Мөн УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчиж, өргөсөн тангаргаасаа няцвал эгүүлэн татах заалтыг тусгаж өгсөн. Цаашлаад 39 гишүүнээс дээш санал өгч байж хууль баталж байхаар тусгалаа. Түүнчлэн УИХ-д Хянан шалгах түр хороо ажиллуулах заалт орж байна. Гишүүдийн төслийн эрх мэдлийг хязгаарлахаар мөн тусгасан. Засгийн газрын мэдүүлсэн төсвийн төслийг орлого, зарлагын хувьд бүтцийн өөрчлөлт хийж болно. Гэхдээ төсвийн алдагдал, төсвийн зарлага нэмэгдүүлэхийг хориглоно гэсэн заалт орсон. Шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудлыг ярьдаг. Шүүгчийг хараат бус байлгах, шударга шүүхтэй байх үүднээс ШЕЗ-ийг харьцангуй бие даасан байдлаар ажиллуулах нөхцөлийг энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр бүрдүүлж өгч байгаа гэлээ.


Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: -УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан хуулийн төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг нэгтгэж хэлэлцэж, УИХ багагүй ачаалалтай ажиллалаа.  Хоёр дахь хэлэлцүүлгийн онцлог нь УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав буюу 57 гишүүний саналаар хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой зарчмын зөрүүтэй санал дэмжигдэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооноос нийт 60 зүйл, 150 зарчмын зөрүүтэй саналыг УИХ-д оруулсан. Үүнээс 34 зүйл нь хоёр дахь хэлэлцүүлгээс дэмжигдсэн байна. Хуулийн дагуу өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, гишүүдийн 100 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдсэн. Журмын тухай хуулиар ирэх долоо хоногт чуулган үргэлжилж, УИХ ард нийтээр хэлэлцүүлэх хуулийн төслийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх ёстой. Үүний дараа ээлжит бус чуулганаа түр завсарлуулна гэв. 2019.09.07.  http://www.parliament.mn/n/7zjy


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь дэмжив.


Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт буюу анхан, давж заалдах, Улсын дээд шүүхийн шүүгчид тавигдах шаардлага, Улсын дээд шүүхийн шүүгчийн болон Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаатай холбоотой зохицуулалтыг тус тус төслөөс хассан тул Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн 3, 4, 5 дугаар зүйлийг төслөөс хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Д.Хаянхярваа, О.Баасанхүү, Д.Дамба-Очир, О.Содбилэг нар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг 2020 оны эхний хагас жилд багтаан шинэчлэн баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судлан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн юм.  2019.09.07. http://www.parliament.mn/n/7ujy


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич А.М.Сергеев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг, дээд боловсролын салбарын шинэчлэл хийгдэхээр төлөвлөгдөж буй талаар товч танилцуулаад,  цаашид Монгол-Оросын хамтарсан судалгааны их сургууль байгуулж, шинжлэх ухаан, технологийн чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаа тухайгаа илэрхийллээ.

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич А.М.Сергеев “Улсын төсвөөс шинжлэх ухааны салбарт ногдуулж буй санхүүжилт чамлалттай байдаг.  Үүнийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай” гээд орчин үеийн хөдөө аж ахуй, газрын ховор металууд, орчин үеийн сэргээгдэх эрчим хүч, сансар судлал болон археологи, генетик, угсаатны зүйг үндэс болгон нийтлэг түүхээ судлах хамтарсан төслүүд хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлээд УИХ-ын даргын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Хоёр тал шинжлэх ухаан, технологийн салбарын цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, үр дүнтэй хөгжүүлэхийн төлөө санал нэгтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийлэв. 2019.09.07.  http://www.parliament.mn/n/75jy


Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулаад АН-ын зөвлөлөөс Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлснийг УИХ дахь МАН-ын бүлэг хүлээн авсан тул тус зөвлөлийн гишүүдийг нэгдсэн хуралдаанд оролцохыг урьсан юм. 

Нэгдсэн хуралдаанаар Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын  нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлд заасан журмаар дахин нэг удаа нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилно” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд  Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн Ажлын хэсгийн санал болох төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийг хасах саналыг дэмжигдсэн гэж үзлээ.


Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно гэсэн” санал гаргасныг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэж дэмжигдсэн бөгөөд гишүүний уг саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон 57 гишүүн дэмжив. Уичр нь чуулганы өмнөх өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно” гэж өөрчлөн найруулах УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын гаргасан санал дэмжигдсэн. Ингэхдээ шинэ Ерөнхий сайдын нэрийг оруулж ирэх санал дэмжлэг аваагүй. Үүнтэй холбогдуулан шинэ Ерөнхий сайдыг томилох асуудал гарна. Өмнө нь Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно гэсэн заалт дэмжигдсэн. Тиймээс Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно  гэсэн санал гаргасан. Хэрэв хугацаа заахгүй бол Ерөнхий сайд томилогдохгүй удна гэдгийг тэрбээр тайлбарласан юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 57 нь  дэмжив.


Нэгдсэн хуралдаан Монгол Улсын Үндсэн хуулийн  нэмэлт, өөрчлөлтийн дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, төслийн “2 дугаар зүйл.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө”, “3 дугаар зүйл.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө томилогдсон анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид хамаарахгүй”, “4 дүгээр зүйл.2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө томилогдсон Улсын дээд шүүхийн шүүгчийн бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 12 жил байна”,  “5 дугаар зүйл.2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө томилогдсон Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна” гэсэн төслийн заалтуудыг  тус тус хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Д.Хаянхярваа, О.Баасанхүү, Д.Дамба-Очир, О.Содбилэг нар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг 2020 оны эхний хагас жилд багтаан шинэчлэн баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судлан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 74.1 хувь нь  дэмжив. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн нараас Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх санал гаргасныг 70.7 хувь нь тус тус дэмжив. Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэг болон ард нийтийн санал асуулгад бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 2019.09.07.  http://www.parliament.mn/n/79jy


Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж,  төслийг хэлэлцүүлэг болон ард нийтийн санал асуулгад бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.  Энэ хүрээнд  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэйгээр УИХ-ын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Томъёоллын ажлын дэд хэсэг, үргэлжлүүлээд тус ажлын дэд хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсэгтэй хамтран хуралдав. 

Томъёоллын дэд ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн олонхын санал авсан зүйл, заалтуудын агуулгыг өөрчлөхгүйгээр зайлшгүй засах  шаардлагатай утга найруулга, үг үсгийн алдаатай  өгүүлбэрийг  нягтлан  хэлэлцэж, хуулийн томъёолол болгохоор ажиллаж байна.  Иймээс хуралдааны үеэр Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн зүгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, заалтыг одоогийн дагаж мөрдөж байгаа монгол хэлний зөв бичгийн дүрмийн дагуу цэгцлэх эсэх асуудлыг тодруулж байлаа.


Харин МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан,  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор А.Бямбажаргал нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэг, таслалыг өөрчлөх нь  нэмэлт, өөрчлөлтийн асуудал болдог. Иймд энэ удаа 1992 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа учир тэр үед бичигдэж үлдсэн зөв бичих дүрмийн дагуу төслийн зүйл, заалтын үг үсгийг нийцүүлэх нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байлаа. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн хүрээнд Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах,  Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтөөр дэмжигдсэн 30 гаруй саналын томьёоллыг нэг бүрчлэн нарийвчлан ярилцаад, гаргасан саналаа тайлбарын хамт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд хэсэгттэй хамтран хуралдаж дахин нягталлаа. 2019.09.08.  http://www.parliament.mn/n/68jy

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл