Цэс

Холбоо барих

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд гишүүд орон нутагтаа санаачилга гарган ажиллаж байна

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Уг хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Архангай аймгийн 8 сумын 44 багт мал угаалгын суурин ванн барьж, малаа эрүүлжүүлэх аяныг эхлүүлээд байна.

Өнгөрсөн амралтын өдөр  /2019.09.01/ УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн уг хуулийн хэрэгжилтийг хангаж өөрийн тойрогтоо хэрхэн ажиллаж байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон бусад албаны хүмүүст танилцуулж, мал угаалгын үзүүлэх сургалтыг Архангай аймгийн Булган суманд  зохион байгууллаа. Үзүүлэх сургалтаар суурин ваннд болон зөөврийн угаалгын төхөөрөмжөөр бог малыг угааж, бод малыг зориулалтын шүршигчээр угаалгад хамруулсан юм. Анхан шатны нэгж буюу баг, сум суурин ваннтай болсноор богино хугацаанд түргэн шуурхай малаа угаалгад хамруулах боломж бүрдэж байна.  Мөн уг ванныг цаашид олон жил ашиглах боломжтой учир төсөвт ч хэмнэлт гарч байгааг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн онцолж байлаа. Монгол малыг эрүүлжүүлэх аяныг Архангайчууд санаачилж, баг бүр суурин ваннтай болж байна. Цаашид улс даяар 1500 гаруй баг бүрт суурин ванныг суулгаснаар нэг жилдээ 500-600 тэрбум төгрөгийн ашигтай байх боломжтой гэдэг тойм судалгааг гаргасан байна.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан малчдыг уриалж, мал угаалгад малыг бүрэн хамруулахын тулд суурин болон зөөврийн угаалгын ваннаар хангах, хөдөлмөр, хүн хүчийг хэмнэсэн орчин үеийн арга, технологитой хослуулах боломжоор хангах ажил ийнхүү орон даяар өрнөж байна. Энэ жилээс эхлэн малын угаалгыг жилд хоёр удаа тогтмол зохион байгуулж байхаар болсон гэдгийг тодотгосон юм.

Чанарын шаардлага хангахгүй байгаа учир хонины нэхий үнэгүйдсээр өнөөдөр 500 төгрөгний үнэ хүрэхгүй байна. Тэгвэл мал сүргийг тарилга, туулгалт, угаалга арга хэмжээнд тогтоосон хугацаанд нь  бүрэн хамруулснаар арьсны  шимэгчтэх  өвчнөөс урьдчилан сэргийлж, арьс, шир, ноос ноолуурын чанар сайжирч, мах сүүний гарцыг мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдүүлэх чухал  ач холбогдолтой байдаг. Ийнхүү Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль улс орон даяар хэрэгжиж эхнээсээ тодорхой үр дүн гарч эхлээд байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл