Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 06 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 88 дугаар конвенцид нэгдэн орох тухай, Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенцид нэгдэн орох тухай мөн Антарктидийн тухай гэрээнд нэгдэн орох тухай Монгол Улсын хуулийг тус тус нийтэллээ.

Тэдгээрээс гадна Хууль, тогтоолын төсөл буцаах тухай, “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай болон Бүгд Найрамдах Кирибати Улс, Бүгд Найрамдах Маврики зэрэг 8 улстай дипломат харилцаа тогтоох тухай, Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэлсэн болно.

Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн байна.

Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдал, тогтвортой өсөлтийг хангах зорилтын хүрээнд төр болон хувийн хэвшлийн түншлэлийн бүтээлч хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т чиглэл болгожээ.

Тухайлбал, аж үйлдвэржилттэй холбоотой харилцааг зохицуулсан хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийн, эдийн засгийн нөөц, чадамжид тулгуурлан богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх бодлогын нэгдсэн баримт бичгийг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг чиглэлийг Засгийн газарт өгсөн байна. Түүнчлэн экспорт болон дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэн татварын уян хатан ухаалаг бодлого явуулах. Ингэхдээ дотоодод үйлдвэрлэсэн хийц бүтээгдэхүүнийг дараагийн боловсруулах үйлдвэрт шилжүүлэх сонирхолыг төрүүлэхүйц татвар, тарифын бодлого явуулж, кластерын тогтолцоог бүрдүүлэх ажээ.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Шүүх байгуулах тухай хуулийн 1,2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг бүрэн эхээр нь нийтэллээ.

Шүүх байгуулах тухай хуулийн 1,2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо...аймаг, нийслэлийн шүүх,... дүүргийн шүүхээс бүрдэх...” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгожээ. Энэхүү тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл