Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 38 дугаарын тойм


    Эмхэтгэлийн шинэ дугаарт нийцүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг Улсын Их Хурлын тогтоолыг хавсралтын хамт нийтэллээ. Уг тогтоолыг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тус тус нийцүүлсэн байна. 

    “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулж, хүн, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулах, бүс, орон нутаг, хөдөөгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн 6 бүлгийн 23 тэргүүлэх зорилтод хамаарах зорилт, дэд зорилтуудыг тусгасан аж.  

 Мөн тогтоолд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшний хамт баталж, хөтөлбөрийн биелэлтийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах, хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг жил бүрийн төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөвт тусган хэрэгжүүлэх, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийн үнэлгээ болон өрийн тогтвортой байдлын шинжилгээ хийх, хөтөлбөрт туссан экспортыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгон иргэдийн орлогыг нэмэгдүүлж, эдийн засагт нөлөө үзүүлэх 10 томоохон төслийг санхүүгийн боломжит бүх арга хэрэгслийг ашиглан санхүүжүүлэхийг Засгийн газарт даалгажээ. Түүнчлэн тогтоолд Монголбанкны Ерөнхийлөгч болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг холбогдох бусад байгууллагын дарга нарт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа Засгийн газартай уялдуулан хамтран ажиллахыг үүрэг болгон тусгажээ. 

    Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. “Зэвсэгт хүчний хөгжлийн санг бүрдүүлэх, зарцуулах журам”-аар тус сангийн хөрөнгийг бүрдүүлэх, төсөл, арга хэмжээг төлөвлөх, захиран зарцуулах, хяналт тавих, тайлагнахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулсан бөгөөд эмхэтгэлээс дэлгэрэнгүй танилцаарай гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.                                                           



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл