Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал дахь АН-ын намын бүлэг тав хоногийн завсарлага авлаа


Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.17) нэгдсэн хуралдаан 10 цаг 56 минутад, гишүүдийн 55.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасан ч, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь татгалзлаа.  

Иймд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулав.


Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 68, 71 дүгээр тогтоол, 2017 оны 11 дүгээр тогтоолд банкны тогтолцоог хамгаалах, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, Олон Улсын Валютын Сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд  банкны салбарын эрх зүйн зохицуулалт, Монголбанкнаас банкинд хяналт тавих үйл ажиллагааны хууль зүйн орчинг олон улсын зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн боловсронгуй болгох бодлого баримталж, хэрэгжүүлэхээр тусгагдсан билээ.

Дэлхийн  өндөр хөгжилтэй, томоохон улс орнуудад 2009 онд үүссэн банк санхүүгийн хямралын гол шалтгааны нэг нь банкинд тавигдах хяналт шалгалт нь эрсдэлд суурилаагүй, нийцлийн шинж чанартай хяналт хэрэгжүүлж байснаас үүдэлтэй болохыг судлаачид тогтоож, системийн шинжтэй, санхүүгийн хямрал нь тухайн улс орны эдийн засаг, хүн амын амьжиргааны түвшинд ноцтой хор хохирол учруулж болзошгүйг онцолсон байна. Банкны хяналт шалгалт, эрсдэлийн удирдлагыг боловсронгуй болгох, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн шинэчлэл дэлхийн олон улс оронд өрнөж байна. Энэ нь банк санхүүгийн салбарын үйл ажиллагаа, зохицуулалтын стандарт гэж тооцогддог Базел III-ын стандарт 2011 онд, банкны хяналт шалгалтын Базелийн хорооны үндсэн зарчмууд 2012 онд, банк санхүүгийн байгууллагын бүтцийн өөрчлөлтийн зарчмууд 2014 онд тус тус шинэчлэгдэн мөрдөгдөж байгааг онцлов.

УИХ-ын дээр дурьдсан тогтоолын хэрэгжилтийг хангах, Олон Улсын банк санхүүгийн байгууллагаас тавьж буй нөхцөл, болзол, банк санхүүгийн салбарын хууль эрх зүйн өнөөгийн зохицуулалтыг олон улсын зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн боловсронгуй болгох зайлшгүй шаардлага зэргийг харгалзан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлэхээр танилцуулж байгааг онцлов.

Хуулийн төсөлд банкны удирдлагад тавигдах шалгуурыг нэмэгдүүлэх, банкны зээлийн эрсдэлийн төвлөрлийг тодорхойлох, банкинд авах албадлагын арга хэмжээг банк санхүүгийн байдал, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт алдагдахаас өмнө урьдчилан сэргийлэх байдлаар авч хэрэгжүүлэх, эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн эрх зүйн хамгаалалтын зарчмыг тодорхойлохтой  холбогдсон зохицуулалтыг олон улсын зарчим, шаардлагад нийцүүлэн тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар дурдав.

Хуулийн төсөл батлагдсанаар банкны эрсдэл даах чадвар эрс сайжирч, санхүүгийн хувьд бэхжин, банкны тогтолцоо эрүүлжиж, улс орны хэмжээнд тулгараад буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эдийн засгийг сэргээх суурь нөхцөл бүрдэх төдийгүй, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, урт хугацаандаа эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжинэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Дараа нь Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав.


Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын гишүүд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн.

Банк үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагад тавих шаардлагыг сайжруулах, зээлийн төвлөрлийг шинэчлэн тодорхойлж банкны эрсдэлийг бууруулах, банкинд авах албадлагын арга хэмжээг зөвхөн зөрчил гарсны дараа бус, зөрчил үүсч болзошгүй эрсдэлийн түвшинд хүрсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх байдлаар хэрэгжүүлж, банк санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний эрх зүйн үндэслэлийг  шинээр  хуульчлах, албадлагын арга хэмжээний үр нөлөөг нэмэгдүүлэх, албадлагын арга хэмжээг банкны хяналт шалгалтаар тогтоосон дутагдал, эрсдэлийн түвшинд үндэслэдэг байх зэрэг агуулгаар хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдийг боловсруулжээ гэдгийг онцлов.

Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Д.Эрдэнэбат нар уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх талаар горимын санал гаргаж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр Монгол Улсын эдийн засаг, банк санхүүгийн систем амаргүй байгаа цаг үед Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хаалттайгаар хэлэлцэх шаардлагатай гэсэн горимын санал гаргав. Харин УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Банкны зээлийн хүүд Монголбанк хязгаар тогтоохоос эхлээд банкны асуудлыг нухацтай авч үзэж, ярилцах шаардлагтай тул АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсныг мэдэгдсэнээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл